Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 километрт Халх голын баруун эргийн тохойд Монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох "Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор байдаг. Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан гэдэг. XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан болсноос үүдэн мал сүрэг олноор хоргодож ард олны амьдрал ихээхэн хэцүүджээ. Үүний учрыг олохоор Тогтохтөр ван хутагт лам нарыг цуглулан хэлэлцэж эцэст нь Жанрайсаг бурханы дүрийг бүтээлгэхээр шийджээ. Нөгөө талаар То ван айхтар сэргэлэн ухаантай гярхай хүн байсан болохоор Монголын сүсэгтэн олноос асар их эд хөрөнгө Түвд, хятад, Энэтхэг рүү урсаж байгааг анзааран энэ их өглөг буяныг эх нутагтаа тогтоох аргыг давхар бодож тунгаасан хэмээн зарим судлаачид үздэг. Мөн эх орныхоо зүүн хязгаарыг батлан сахих, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын бэлэгдэл болгох утгыг ч давхар агуулан бүтээжээ. Ийнхүү залсан их шүтээн нь найман аюулаас аврагч Жанрайсиг бурхан бөгөөд хэвтээ байдлаар газар дэвсэн бүтээсэн нь эдүгээ "Их Бурхант” хэмээн алдаршжээ.
Нутгийнхан "найман аюулаас аврагч Аръяабал” гэж нэрлэх нь ч байдаг. Түүний найман мутарт арслан, заан, могой, гал, ус, гав, гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг. Тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан, газарт суурилуулах талбайг тэгшилж засах ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 180 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урттайгаар урласан байна. Гадуур том хүрээ нь 220 х 97 метр, түүний дотор талд 165 х 110 сантиметр хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200 х 110 сантиметр хэмжээтэй 12 ширхэг суварга, "Их Бурхант”-ыг тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн нь хосгүй нандин дурсгал болсон юм. Дэлхий дээр Жанрайсаг бурханыг том хэмжээгээр бүтээсэн нь гурав байдаг бөгөөд түүний нэг нь Халхгол нутаг дахь Их бурхантын дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь Жанрайсаг бурханыг тойрон хүрээлэх бусад бурхадын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн мэт байдаг боловч үүний нарийн учрыг одоо болтол тайлж чадаагүй байна. Халхгол нутгийн урчууд бул хар чулууг цалин цагаан мөнгө урлаж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай ажээ. Гэвч энэхүү гайхамшигт дурсгал нь ХХ зууны эхэн үеэр сүйтгэгдэж байснаас гадна шашин соёлоо ид гадуурхан хавчиж байсан 1930-40 оны үед бүр ч ихээр эвдэрчээ. Монголчууд өөрсдөө чулууг нь малын хашаа саравч барих, барилгын суурь зэрэгт хэрэглэхээр зөөж сүйтгэж байсан ч Халхголыг гатлан ирсэн Япончууд энэхүү дурсгалыг хөндөж зүрхлээгүй гэдэг. Тэр цагаас хойш Жанрайсиг бурханыг 1990 онд хуучин байдлаар нь сэргээх оролдлого хийж 1997 онд дахин аравнайлсан байна.
Г.Төмөрчулуун

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27268
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих