Саудын Араб нь Катараас хол зайтай байхыг хичээж байгаа аж. Энэ удаад - шууд утгаараа гэнэ. Тус улс Персийн булан дахь бүс нутгийн өрсөлдөгч Катарын хилийн дагуу 60 километр урт суваг татахаар төлөвлөж байна хэмээн Арабын хэвлэлүүд мэдээллээ.
"Мекка" сонинд "Сальва суваг" төслийн тендерт оролцохоор олон улсын таван компани уригдсан болохыг бичжээ. Даваа гарагийн өглөө буюу өчигдөр танилцуулгууд хийжээ.
Эх сурвалжууд Саудын эрх баригчид тендерийн гэрээний ялагчийг 90 хоногийн дотор зарлаж, оны эцэс гэхэд уг сувгийг байгуулах ажлыг дуусгахыг хүсч байгаа гэжээ.
Өмнө нь төрийн мэдлийн Sabq сайт болон бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг төслийг засгийн газрын зөвшөөрлөөр хүлээж байгаа гэж мэдээлсэн ба үүний зэрэгцээ, сувгийн өргөн нь 200 метр, гүн нь 15-20 метр байхыг ч бичсэн байна.
Урьдчилсан тооцоогоор, төслийн өртөг нь 745 сая доллар (2.8 тэрбум Саудын Арабын риял) байх аж. Засгийн газар хилийн бүсэд аялал жуулчлалын бодит өсөлтийг бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд бүс нутгийн далайн аяллыг зохион байгуулах амралтын газар байгуулахаар төлөвлөж байна.
Гэсэн хэдий ч сувгийн төсөл нь цэргийн бааз байгуулж, цөмийн хаягдлыг хаях газар болох тухай ч яригдаж буй юм. Дөрөвдүгээр сард Саудын Арми "Сальва" хилийн боомтыг хяналтдаа авсан бөгөөд Катарыг өөрийн улсын газар нутагтай холбохыг хориглосон ба энэ нь сувгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай аж.
Энэ алхам нь Катарыг цаашид тусгаарлахад чиглэгдэж байгаа бөгөөд тус улстай өнгөрсөн жил Персийн булангийн орнууд харилцаагаа тасалсан билээ.
Саудын Араб, Бахрейн, Египет, Арабын Нэгдсэн Эмират улсууд орон нутгийн террористуудыг ивээн тэтгэдэг улс хэмээн буруутгаж Катартай дипломат харилцаагаа тасалсан.
Дөрөв нь Катар улсын төрийн өмчит Al-Jazeera теле компанийг татан буулгахыг шаарджээ. Катар эдгээр алхмууд нь өөрийнх нь бүрэн эрхт байдлыг доройтуулахад чиглэсэн хэмээгээд бүх нэхэмжлэлийг үгүйсгэдэг юм.
Энэ сарын эхээр Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз Аль Сауд, Катар оросын агаарын батлан хамгаалах системийг бий болгосон учир энэ бүс нутагт цэргийн үйл ажиллагаа явуулна хэмээн заналхийлсэн билээ.
М.Баяр

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих