Аавыг насан өөд болоход би 8 нас ч хүрээгүй байсан. Иймд нарийн ширийн зүйлийг мэдэрч чадаагүй, зөвхөн багад сэтгэлд үлдсэн зарим зүйл сүүлд ээжийн минь ярьж хэлж байсан зүйлээс ярья.
Аав миний бодлоор их л энгийн хүн байсан, манайхаар олон хүн орж гардаг байлаа. Гол төлөв партизанууд их ирдэг байв. Тэд Ерөнхий сайдынд биш танилындаа ирж байгаа юм шиг л байдаг байсан. Шархүү, Загд, Мягмар, Наваанжамба, Цэрэнгомбо гээд л. Цэрэнгомбо гуай аавтай Эрхүүд хамт сурч байсан юм билээ. Ирсэн хүмүүстэй их энгийн л байдаг шиг санагддаг. Бидэнд уурлаж, уцаарлаж, загнах гэж байхгүй. Ажлын төлөө л явж байсан хүн гэж боддог. Гэртээ налайж суугаад хэвтээд байдаггүй хөдөө их явдаг байсан.
Аав, ээж бид бүгд комиссар, жолооч, харуул хамгаалалт, уурын зуухны гэхчлэн ажилчид хүмүүстэй энгийн харьцаатай хамт хутгалдаад л явдаг байсан. Би ажилчдын хүүхдүүдтэй тоглож гэр орноор нь орж, манайд орж гарч тоглож л явсан. Энэ байдлыг аав мэдэх хэдий ч шүүмжилдэггүй байсан.
Аавыг анх нутгаасаа гарахад нь ганц бие Лувсан гэдэг өвгөн дагаж гараад бидэнтэй хамт байсаар байгаад 1956 оны үед нас барсан юм. Лувсан гуай ээжийн ах өвгөнтэй нэг гэрт манайхтай айл байдаг, би тэднийд байнга очиж хонины гэдэс, будаа иднэ. Үүнийг аав минь хараад "... Зөв. Монгол хүн хонины гэдсээ идэх хэрэгтэй” гэж сургадагсан. Аав их монголжуу, Монголын төлөө гэсэн бодолтой хүн байсан гэж надад дүрслэгддэг. Аав гэртээ байнга монгол дээл өмсөнө. Наадам баяраар байнга л монгол дээлээ өмсөнө. Аавыг орос хувцастай байхыг би санадаггүй юм. Ажилдаа цэргийн хувцастай, бусад үед дээлтэй л явдаг байсан. Нэргүй, Бадамхатан хоёрыг ч монгол дээл өмсүүлж морь унуулна. Бадамхатан бол ээжийн эрэгтэй дүүгийн хүүхэд, аавыг нас барахад 14-15 настай байсан. Тэр аавын талаар нэлээд зүйлийг мэдэх учиртай. Ер нь ээжийн дүүгийн хүүхдүүд манайд бидэнтэй хамт өссөн юм шүү дээ.
30 дугаар байранд байхад хагас, бүтэн сайнд ажилчид, тэдний гэр бүлд кино үзүүлнэ. Шинэ жилээр ажилчдын хүүхдийн концерт тоглоно. Цагаан сарын шинийн нэгний өглөө 30-ын кино зааланд бүгдээрээ золгоно. Бүх ажилчиддаа бэлэг өгнө. Нэг удаа цагаан сар хийхэд их зардал гарсан гээд түүнээс хойш золгоод өнгөрөөдөг болсон гэж ээж ярьж байсан.
Аав минь өвдөөд хойшоо Орос руу явахад нь би хамт явсан, ах яваагүй. Нэг орой харанхуй болсон хойно бид галт тэргээр явсан юм. Бүх ажилчид байрнаас гаргаж өгсөн. 1951 он байх. Улсын сайн малчдын 2 дугаар зөвлөгөөн болох гэж байх үед аав халуураад бие нь өвдөөд явдаг байсан, ээж биеэ бодооч гэж үглэхэд нь аав: "... юун биеэ бодох, одоо зөвлөгөөн болох гэж байна, үүний дараа л бодъё” гэсэн гээд ээж надад ярьж байсан. Ер нь аавыг өвдөөд эмчид үзүүлж, гэртээ хэвтэж байсныг санадаггүй юм. Елисеев гэж цэргийн хувцастай орос эмч байсан ч, тэр хүн цөөхөн л харагддаг байсан.
Аавыг хойшоо явахын өмнө нэг өдөр 6, 7 эмч ирж, аппарат авчирч гэрэлд харсан. Энэ үед аав хэвтэрт байсан. Гэхдээ орь дуу тавиад байдаггүй, өндийж цайгаа уучихаад байдаг байсан. Эмч нар ирээд хагалгаа хийхээс өөр замгүй гэсэн учир арга буюу хойшоо явсан гэдэг. Хойно очоод хагалахад нь 2 бөөр нь их муудсан байсан гэсэн. Бид галт тэргээр олон хоног явж хүрсэн. Замдаа нэг удаа халуун нь ихсэж, эмч нар ирж үзэж байсныг санадаг. Хагалгаа хийлгэсний дараа ухаан мэдрэл нь саруул байсан. Ер нь царай зүс нь гайгүй л байсан санагддаг. Харин явахынхаа өмнө ээжид: "За миний бүх ажлын юм сейфэнд байгаа шүү” гэж хэлэхийг бодоход эргэж ирэхгүй ч байж мэднэ гэж бодсон байж болох юм. Аавыг мэс заслын Шагдарсүрэн эмч, Улсыг аюулаас хамгаалах яамны Дүгэр эмч нар үзэж байсан. Өвчтэй байх үеийн талаар ийм зүйлийг санадаг.
Аав гэртээ их орой ирдэг, 21-22 цагаас нааш ирэхгүй. Харин өдөр 2-3 цаг завсарладаг байсан. Гэртээ эртхэн ирвэл бичгийн өрөөндөө суучихна. Аав шатар тоглоно, заримдаа ээжтэй ч тоглодог байсан. Адал явдалтай уран зохиолын ном уншина. Номын сангийн эрхлэгч нь Чойжил гуай. Аав үндэсний юманд их анхаардаг байжээ гэж бодогддог. Хүүхдүүдийг зээрэн шагайгаар их тоглуулна. Хоолны хувьд бол чанасан мах. Манайд орос эрэгтэй тогооч, мөн Цэдэндамба тогооч хоёр байсан. Ямар ч хоол хийсэн хажууд нь чанасан мах заавал байдаг байлаа. 51 дүгээр байрыг барих үед бид зусланд гэрээр гарсан. Комиссар, гал зуух, тогооч, Лувсан өвгөнийх, манайх, бичгийн өрөө гээд 6 гэрээр гарч байсан. Ээж хэдэн ямаагаа сааж, өдөр бүр аавд элгэн тараг бүрж уулгана. Дээлийг нь ээж эсгэж, эгч нь оёдог байлаа.
Манайхаар зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, гавъяат багш Жүрмэд, Навааннамжил гуай ирдэг байсан. Жүрмэд багш ээжид бичиг үсэг зааж байсан. Навааннамжил гуай аавыг өнгөрснөөс хойш ч ирдэг байсан. Тэрээр аавыг "хувиасаа мөнгө төгрөг өгч миний амьдралд их тусалсан хүн дээ” гэдэг байлаа. Аавын жолооч нь Сэнгэдорж гэдэг хүн байлаа. Түүний охин Долгортой нь би их тоглодог, үерхэж нөхөрлөнө. Цэрэндорж, Пэрэнлэй гээд жолооч нар ч байсан.
Аавын талын садан гэвэл эгчийнх нь хүү Гонгор гэж хүн. Одоо Дархан хотод бий. Дунд сургуулийн түүхийн багш байгаад тэтгэвэртээ гарсан хүн дээ. Хэрлэнгийн САА-д 80 гаруй настай Тарваа гэж хөгшин бий. 2, 3 хүүхэдтэй. Тарвааг аавын ах дүүс өргөж авч өсгөсөн юм гэсэн. Өөр хамаатан, садан төрөл гэхээр хүн байхгүй. Ээжийн талд бол Бадамхатан ах л байна. Өөр хүн байхгүй. Аавыг нас барсны дараа эдэлж хэрэглэж байсан зүйлийг нь авсан. Одоо хаана юу нь хадгалагдаж байгааг мэдэхгүй.
НАХЯ-ны музейг нээхэд хувцас, хэрэглэлийг нь авсан. "Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кино хийхэд фото зураг болон бусад эд зүйлсийг нь хэрэглэсэн. Сонин, сэтгүүл, зурагтынхан, бөхийн холбоо гээд олон газраас л фото зураг, эд зүйлсийг нь авч байсан. Одоо дурсгал, түүхийн гэх юм үлдсэнгүй. Хар, саарал хоёр костюм нь л байна даа.
Аав "Эхийн ач” гэдэг дууг их аялдаг байсан. Унтахынхаа өмнө шампанск уудаг, өөр архи хэрэглэхийг нь би мэдэхгүй юм. "Хүнд тусалсанаа март, тус авсанаа санаж яв” гэж сургадагсан. 1947 онд амралтаар хойшоо явахдаа надад олон бөмбөг авч өгснийг би мартдаггүй юм. Аав, ээж хоёр маань дэлгүүрээр ордоггүй байсан юм шиг байгаа юм.
Манайх 30 дугаар байрнаас гараад одоо Унгарын Элчин сайдын яам байгаа байранд нэг хэсэг байгаад 1959-1960 онд 1 дүгээр дөчин мянгат ашиглалтад ороход тийшээ нүүсэн. Ээж өөрөө ийм хүсэлт гаргасан гэсэн.
Би 1968 онд Монгол Улсын Их сургуулийн франц хэлний ангийг төгсөж, 1975 оноос одоог хүртэл ШУА-д ажиллаж, амьдарч байна.
Миний хүсэх зүйл бол түүхэн үнэнийг олж, алдсан алдаанаас нь сургамж аваасай гэж хүсэж байна.
1990 оны 2 дугаар сарын 1-ний өдөр.
Ярилцлага хийсэн. Хошууч генерал Б.Банзрагч
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих