Саид Бурятский (буюу Саид Буриад) гэгч залуу
2010 оны 3 дугаар сарын 5-нд Оросын тусгай хүчнийхний гарт алагдсан
билээ. Түүнийг Чечений салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон
удирдагч, маш аюултай этгээд хэмээн үздэг байсан юм. Оросууд энэ аюултай
эрийг орос нэрээр нь Александр Тихомиров хэмээн нэрлэнэ. Чимээгүй дайн
өрнөж буй Кавказад хэн нэгэн амиа алдах жирийн үзэгдэл боловч, энэ удаа
Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд дээрх мэдээг цацаж, долоо
хоногийн турш хамгийн их анхаарал татжээ. Харин энэ мэдээнд хамгийн их
баярлан хөөрч харагдсан хүн нь Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров
байв.
Оросын ислам (лал) шашинтнуудын дунд Саид Буриад (буюу Абу Саад Саид аль-Буриад) нэрээр алдаршсан энэ хүн 1982 онд Буриадын Улаан-Үд хотноо төржээ. Түүний эцэг буриад, эх нь орос хүн байв. Саид Буриадын аав түүнийг дөнгөж нэг настай байхад өөд болсон ба тэрээр өвөө, эмээгийнхээ гар дээр 13 нас хvртэл өсч бойжоод, тэднийгээ нас барсны дараа ээж дээрээ ирсэн байна. Түүний нэрийг хүүхэд ахуйд нь Саша хэмээн дууддаг байв. Үеийнхнээсээ нэг л өөр орчинд өссөн хvv дунд сургуульд тааруухан сурдаг байсан гэнэ.
Дуу шуу муутай Саша дунд сургуулийн ахлах ангиас эрс өөр болон хvмvvжиж эхэлсэн гэх бөгөөд бусад хvvхдvvд ч тvvнтэй зодолдохоос айдаг болсон гэнэ. Учир нь, тэд Сашагийн ээжийн найз залуу гэх чечень эрээс эмээдэг байсан аж. Тэр чечень эр Сашад "Чамайг гомдоосон хvнийг зvгээр орхиж огт болохгvй, оросуудыг ч буриадуудыг ч зод! Жинхэнэ эрчvvд Кавказад байдаг юм" хэмээн сургадаг байсан гэнэ.
Саша улмаар лалын шашиныг ихэд сонирхон 15 наснаасаа энэ шашны сургуульд идэвхийлэн суралцах болсон аж. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн лал шашинд оржээ. Удалгүй тэр Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж, улмаар 2002 онд Египетэд «Аль-Азхар» хэмээх лалын шашны дээд сургуульд суралцжээ. Энэ хугацаанд тэр лалын шашны томоохон сургаал номыг араб хэлээр уншин судалж, ихэнх номоо цээжээр унших хэмжээнд хүрчээ. Улмаар, түүний шударга, номч байдал олонд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхлэв. 2005 онд тэрээр Кувейт, Саудын Араб руу аялж, ном хаялцжээ. Тэр удалгүй Москва хотын лалын төв сүмд суух болж, шашны чиглэлээр томоохон лекцүүд бичиж түгээсэн ба Оросын лал шашинт залуусын дунд шашны зүтгэлтэн болон хувирчээ. Ялангуяа, «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг түүний лекцүүд алдаршжээ. 2007 онд Саид Буриад ислам шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашины зэрэг хамгаалахаар очиж, «Священная Мекка» хэмээх лекц бичив.
2008 оны эхээр тэр гэнэтийн шийдвэр гаргаж, Умард Кавказад очсон юм. Саид Буриад лал шашинтнуудыг аврах Пан-Кавказын төлөөх «Ариун дайн»-д нэгдэхээр эргэлт буцалтгүй шийдэв. «Эхо Москва» радиогийн сэтгүүлч Юлия Латынина түүний энэ үйлдлийг буриадууд дундаас «Исламын Че Гевара» төрөн гарлаа хэмээн хэлжээ. Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөж, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтнуудын вэб сайтуудад алдаршсан байна. Намуун зөөлөн дуугаар, араб эх сурвалжуудаас иш татсан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай түүний лекцүүд хүмүүсийн сэтгэлд үнэхээр их хүрч байлаа.
Чечений тэргүүн Кадыров түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж, Путин түүний толгойг хүргэж ирсэн хүнд хэдэн арван сая ам.доллар амлаж эхлэв. Арга ч үгүй биз, түүнийг ирсэнээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай өрнөж, улам олон залуус нэгдэх болжээ. Өмнө нь, Кавказын салан тусгаарлагчдын удирдагчид үргэлж Чечений зартай террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн гарч ирэв.
2009 онд Путин байдал тогтворгүй улс гэх Ингушетийн ерөнхийлөгчийг огцоруулж, энэ албан тушаалд Юнус Бек гэгчийг томилжээ. Гэвч Юнус Бек шинэ албан тушаалаа хүлээж аваад долоо хоноогүй байхад өргөөнийх нь гадна дэлбэрэлт болов. Энэ халдлагыг хэвлэлүүдээр Саид Буриад зохион байгуулсан гэж зарласан юм. Ингээд Саид Буриад аюултай террорист хэмээгдэх болов. Хожим, зарим нь түүнийг "Оросын Бин Ладен” хэмээн нэрлэжээ.
Дээрх халдлагаас хойш удалгүй, 2009 оны 12 дугаар сард Невский экспресс хэмээх галт тэрэг дэлбэрч, олон хүн үрэгдэв. Энэ халдлагаар Санкт Петербургийн томоохон албан тушаалтнууд алагджээ. Энэ аймшигт хэрэгт Саид Буриадыг оролцсон хэмээн буруутгаж байв. Гэхдээ энэ халдлагыг зохион байгуулагч гол хүн нь Кавказын салан тусгаарлагчдын удирдагч агсан Докка Умаров хэмээн үздэг юм.
Дээрх халдлагуудаас хойш Саид Буриад олж, устгах ёстой хамгийн аюултай террористуудын нэрсийн жагсаалтад орсон юм. Түүнийг устгах оролдолго олон ч удаа гарав.
2010 оны 3 сарын 5-нд Ингушетийн Экажева хэмээх тосгоны ойролцоо түүнийг олжээ. Салан тусгаарлагчдын дотроос урвагч гарч, түүний байгаа газрыг мэдээлсэн байна. Тэр өдөр хэдэн арван танк, хэдэн зуун тусгай хүчний цэргүүд түүний бүгэж байсан байшинг бүсэлж, гал нээв. Саид Буриад эцсийн мөчид гар утсан дээрээ бичлэг хийж, үхлээс айхгүй байгаа болон өөрийн хийж байсан бүх үйлдэл зөв байсан гэдэгт итгэж байгаагаа хэлж үлдээжээ.
Умард Кавказын салан тусгаарлагчдын гол үзэл сурталч Саид Буриад хэмээх буриад залуу 28 насандаа Ингушетын Экажева тосгонд ийнхүү амьсгал хураажээ. Тэрээр өөрийн амьдралд ямар нэг зүйл олж, түүндээ итгэж үнэмшиж, түүнийхээ төлөө эцсээ хүртэл явсан. Гэхдээ түүний итгэл үнэмшил нь Пан-Кавказын лалын улс байгуулах жихадын үзэл суртал байсан юм.
Буриад гаралтай ийм нэг залуугийн амьдралын талаар эрхэм уншигчид өөрийнхөөрөө шүүн тунгаана биз ээ.
Эх сурвалж: http://undestnii-uzel.blogspot.de

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих