Богино хугацаанд хүн хүч, техник, шатахуун их шаардагддаг хаврын тариалалт үндсэндээ шувтарч байгаа аж. Өнгөрсөн өдрийн байдлаар улсын хэмжээнд 286.6 мянган га-д үр тариа, 9.9 га-д төмс, 5.3 га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалалт хийжээ. Харин төмс, хүнсний ногооны тариалалт хараахан дуусах болоогүй байна.
Энэ жилийн тариалалтад гадаадаас элит сортын үр авсан бөгөөд үрийн 55 хувь нь манай оронд нутагшсан сортуудын нэг омгийнх байх ёстой гэсэн шаардлагыг хангасан гэж үзжээ. Алтайн хязгаар, ОХУ-ын Буриадаас элит сортын үр авсан байна. Манай улс энэ онд 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо хурааж авах зорилт тавьсан билээ. Ирэх намар үр тариа 439,6 мянган тонн, үүнээс улаан буудай 426,4 мянган тонныг хурааж авах гэнэ. Одоогоор Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй аж ахуйн нэгж тариалалтаа дуусгажээ. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаасаа 26 мянган тонн үр нөөцөлсөн байсан нь энэ жилийн тариалалтад их нөлөө үзүүлжээ.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцөд байсан буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд цаг алдалгүй хуваарилсан нь тариалалтыг хугацаанд нь дуусгахад нөлөөлсөн байна. Харин таван жил тутамд шинэчлэгдэж байдаг буудайн үр элит байх эсэх нь тодорхойгүй аж.
Ийнхүү энэ хаврын тариалалтад нийтдээ элит гэх 48 мянган тонн буудайн үр хэрэглэжээ. Улсаас бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор оруулж ирсэн байна. Үүнийг нь УИХ-ын тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгчээ. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих санд 6,8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон аж ахуйн нэгжүүдэд 13,2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгосноос 80-аад хувийг оруулж иржээ.
Аж ахуйн нэгжүүдээс энэ хаврын тариалалтад шаардагдах шатахуун болон ургамал хамгааллын бодис, бордооны захиалгыг ҮХААЯ холбогдох комисиудтай ярьж зохицуулсны дээр улсаас шатахууны 50 хувийг урьдчилгаа зээлээр олгож тариаланчдад ихээхэн тус хүргэжээ. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд бага оврын техник, хүндрэлтэй байсныг зохицуулж өгсөн байна. Улсын хэмжээнд энэ хаврын тариалалтад 2350 трактор ажилласан гэнэ. ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс Энэ хавар тариаланчдад узүүлсэн урамшууллын талаар тодрууллаа. Тэрбээр "Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.8-830.0 мянган төгрөгөөр, дотоодын үрийн үнийг 680 мянган төгрөгөөр тогтоож 20 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урамшуулалтайгаар зээлээр олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Манай улсын хувьд тариа ургуулна гэдэг цаг агаараас их шалтгаалдаг. Агрономич хүн үрээ суулгасны дараа цаг агаар чагнаж үүл, нар хоёрыг харуулдаж явдаг юм шүү дээ. Энэ жилийн хувьд манай тариаланчид технологийн боловсруулалтыг цаг хугацаанд нь хийж чадсан. Тариалалт эхлэхийн өмнөөс байгаль дэлхий хураа хайрлаж чийг сайн байлаа. Энэ нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй үзэгдэл. Тэгэхээр манай тариаланчид сэтгэл хангалуун байхаас аргагүй. Тариалалт хийсэн бүх нутаг хур чийгтэй байгаа. Иймд ирэх намар манай улс арвин ургац хурааж авах найдлага байна" гэлээ. Тариалалт эрхэлсэн 692 аж ахуй нэгжид 2.6 мянган тонн шатахуун, 270 аж ахуй нэгжид 9.2 мянган тонн улаанбуудайн үр хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих