Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн. Нэгэнт хэвлэлээр хэн нэгнийг гэмт хэрэгт холбоотой мэтээр нэр заан мэдээлэл тараагдсан учраас хууль хяналтын байгууллага шалгах үүрэгтэй байдаг байна.
Энэ хүрээнд Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйл явц эхлэлээс хойш өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал аль нэг талдаа гарч шийдэгдээгүй байгаа юм.
“Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй” гэсэн байдаг.
Харин Д.Дорлигжав сүүлд өгсөн ярилцлагадаа “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Тэгвэл хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 18-нд Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Мөрдөн байцаалтын явцад 3-4 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн санхүүгийн шинжээч гарч сар шахам шалгалаа л даа.
Өөрөөр хэлбэл Т.Ганболдын данснаас гарсан гэх мөнгө хаашаа орсон, гарсан, хахуулийн мөн үү, биш үү гэдгийг мөрөөр нь ороод тогтоочихсон гэсэн үг. Шинжээч нарын дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Д.Дорлигжав, Д.Баатар нарын хувийн дансаар дөрвөн сая ам.доллар ороогүй, гараагүй, хахуулийн хэрэг биш болох нь нотлогдож байна” хэмээгээд дуусах шатандаа орсон гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн байгаа байна.
Үүнтэй зэрэгцэн Д.Дорлигжавтай холбоотой маш их мөнгөний хэрэг хаагдаж байгаа гэх хардлага бий болсон. Харин үүнийг АТГ үгүйсгэж байгаа юм. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31337
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих