Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XX зууны үед холбогдох "Маршал Х.Чойбалсангийн "Маршалын од” тэмдэг үзмэрийг толилуулж байна.
Материал: алт, бадмаараг чулуу, очир алмаз
Хэмжээ: жин 100гр, диаметр 75
Холбогдох он цаг: XX зуун
"Маршал Х.Чойбалсангийн "Маршалын од” тэмдэг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-ны хамтарсан 14-р хурлаар БНМАУ-ын өрлөг жанжин буюу маршал гэх цэргийн дээд цолыг баталж, Ерөнхий сайдын орлогч Х.Чойбалсан, Ерөнхий сайдын орлогч, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид нарыг шагнажээ.
Хамтарсан хурлын тогтоолд …Анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж, туйлын их цусан гавьяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж, Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж, цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж, 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавьяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал... гэж энэ цолыг чухам ямар гавьяаг үнэлэн олгохыг заасан байдаг.
"МАРШАЛ” гэсэн үгийг монгол хэлний "ӨРЛӨГ ЖАНЖИН” гэсэн үгтэй дүйцүүлэн нэрлэсэн байна. Хожим 1944 оны 1 сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 25-р тогтоолоор БНМАУ-ын маршал цолтой хүмүүст "Маршалын од” гэх тусгай онцгойлох тэмдгийг олгохоор тогтжээ. Маршалын од нь ...Төвөөс зүг бүрдээ нарны туяаг цацарган од алтаар 2 см-ийн өргөн хэмжээтэй, маршалын одны ерөнхий хэлбэр нь товгор, уг онцгойлох тэмдгийн төв дунд бадмаараг чулуугаар үйлдсэн 4см хагасын хэмжээтэй эргэн тойрон очир алмаз эрдэнээр хүрээлж шигтгэсэн таван хошуутай, бадмаараг чулуугаар үйлдсэн 5 хошууны гол дунд өнгө бүрийн паалангаар хийгдсэн цагаан алтан хүрээ бүхий 2см хагасын хэмжээний 1940 оны төрийн сүлд дүрсэлсэн.
"Маршалын од” тэмдгийн ар талд уул тэмдэг дээр буй улсын сүлдний суурь болох дугариг алтан дэвсгэртэй мундирт бэхлэх тусгай алтан хавчаартай, дээд талд гурвалжин алтан сэнжтэй нарийн алтан цагиргаар улаан торгон ленттэй холбогдсон. Лентийн үзүүрт алтаар холбоос бэхэлсэн 100 грамм жинтэй тэмдэг болно. Маршалын онцгойлох тэмдгийг захын уулзвар дээр хүзүүндээ улаан торгон лентээр холбон зүүж хэрэглэдэг байжээ. Энэхүү одонгийн загварыг зураач Д.Чойдог бүтээжээ.
Эдүгээ Монголын Үндэсний музейд БНМАУ-ын Ерөнхий Сайд Маршал Х.Чойбалсангийн Маршал ёслолын дүрэмт хувцас, "Маршалын од” тэмдгийн хамт хадгалагдаж байна.
Эх сурвалж: Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл, IV боть, УБ.,2010:260 Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих