Г.Ням-Очир
Би бага ангийн багшдаа асар
их хүндэтгэлтэй ханддаг. Нийслэлийн тэргүүний 13-р сургуульд 1982 онд
элсэн ороход минь Дуламжав гэж багш цагаан толгой зааж, үсэг нүдлүүлж,
үг холбуулж уншуулж сургасан. Нилээн ч туршлагатай хүн байсан санагддаг.
Намайг сурч байх үед ”эрвээхэй” гэж бичих нь зөв үү? ”эрвээхий” гэж
бичих нь зөв үү? Гэдэг маргаан дэгдээд бага ангийн багш минь ”Зөв бичих
зүйн лавлах” гэдэг ном бичсэн МУИС-ын багш Ж.Лувсандорж гуайтай ном
хаялцаад бажгадуулж байлаа. Учир нь Ж.Лувсандорж гуайн хүү Ж.Билигбазар
манай ангид сурч байсан юм л даа. Цээж бичиг сайн хийлгэдэг. Хуулан
бичиг хийлгэдэг. Ягштал цээжлүүлдэг.
Миний эх хэлний боловсролын суурийг чамбай тавьж өгсөн гэж боддог.
1986
онд Монголын Пионерийн Ордон ашиглалтанд орж, энэ ордонд ирээд ”утга
зохиолын дугуйлан”-д Цэндийн Нямаа хэмээх нүдээрээ инээсэн дөнгөж
Горкийн сургууль төгсч ирээд байсан зохиолчийн дугуйланд орж, уран
зохиолын амтанд орсноос гадна дунд сургуулийн уран зохиолын Хандаа
багшаараа нүдүүлж, ”Би хаана төрөө вэ”, ”Тэхийн зогсоол”зэрэг шүлгийг
цээжлэх гэж махаа идэж явж л уран зохиолдоо хайртай болсон юм. Яагаад
энэ бүхнийг дурдаад байна вэ? гэвэл манай боловсролын системд намайг
дунд сургуульд байхад л лав, эх хэл, эх утга зохиолоо сургаж мэдүүлэх
систем төгс бүрэлдэн тогтчихсон байсныг хэлэх гэсэн үг. Агуулга сэдэв нь
соц чиг баримжаатай байсан байж болох ч, заах аргазүй, сургалтын төгс
систем тогтчихсон байлаа.
Саяхан нэг боловсролын яамны түшмэл ”уран
зохиолын хичээлийг багасгах”, бусад шинжлэх ухааны хавсрага болгоно ч
гэх шиг шог юм яриад өнгөрлөө л дөө. Бүүр буцаад нэмэгдүүлэх тухай ч
ярьж байх шиг байна. Гэтэл бидний сэтгэл ямар их харьжаа вэ? Хэн ч
дуугарсангүй. Нийтээрээ нийгмээрээ ийм ”хушга царай”-тай болчихов уу?
гээд бодлоо. Муухай монгол хүний зангаараа буруутныг нь олоод
буудчихмаар санагдаад нилээн хайлаа.
Өнгөрсөн намрын 9 сард
Зохиолчдын их хурал гэдэг хошин жүжүиг үзсэн юм. Ёоёо хөдөөний багийн
даргын сонгууль ч ийм шог болдоггүй байх. Хазгар доголон,хөгшин залуу,
эр эм, нүдгүй шүдгүй, эрүүл согтуу ”амбиц”-ууд. Үнэн ой гутсан. Яагаад
тэр хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн өвийг дунд сургуульд заах цагийг нь
цөөлөөд устгах гэж байхад яг нөгөө сонгууль шигээ гүйхгүй хөдөлмөрлөхгүй
байна аа. Ер нь тэдний амьдралын утга учир нь уран зохиол байсан юм
болов уу? гэж бодтол биш байжээ. Зүгээр л энгэртээ ”алтан гадас”,
нэрийнхээ өмнө ”Соёлын гавъяат зүтгэлтэн”, ”Нацагдоржийн шагнал” авахын
тулд л гишүүнийхээ улаан батлахыг бариад дайрч буй фермийн тахианууд
байж.
Ер нь уран зохиол цэвэршиж байна аа. Г.Аюурзана,
Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг, Г.Батрэгзэдмаа нар болон орчуулгын ”Тагтаа”
паблишинг, О.Чинбаяр, Ж.Нэргүй нарын зэрэг зохиогоод чтэр, орчуулаад ч
тэр оюуны зах зээл дээр байр сууриа олчихсон яваад байгаа
”мэрэгжилийнхэн” бий болчихлоо. Шашнаас, үзэл суртлаас, садар самуунаас
уран зохиол магадгүй одоо л дөнгөж чөлөөлөгдөж байна. П.Батхуяг,
Г.Батсуурь нарын зэрэг шүүмжлэгч, судлаачид одоо л дөнгөж үнэн зөвөөр нь
шүүн тунгааж, шинжилж шиншилж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд саяхан хаяа
хатавчаар явсан ”мухар сүсэгтэн”-үүд тайз дэлгэц, боловсролын системд
нэвтэрч, харанхуй бүдүүлэг байдал газар авах болов. Бүүр боловсролын
системд шургалж, захиалгатайгаар утга зохиолын хэлнээс үсэг хасч,
сургуулиас гадуур боловсролд ”шинэ аав ээж”-тэй болгож, бид ёстой л
”танихгүй хүнд, мэдэхгүй өр төлөх” чөтгөрийн эргүүлгэд орлоо.
Үүний
эсрэг одоо бид нэгдэх цаг иржээ. Чөдөртэй, чөдөргүй Зохиолчдын эвлэлээ ч
нэгтгэ. Орчуулагчдын эвлэлээ ч нэгтгэ. Ингэхэд монголын уран зохиолыг
бид өөрсдөө л орчуулдаггүй юм бол алийн болгон үүргэвч үүрсэн бадарчны
үг хадсан орчуулгыг бишрэх вэ? Ингээд Зохиолчдын хороо хэмээх давжаахан ч
гэсэн байшингаа ”Оюун санааны ордон” болго. Оюун санааны язгууртнууд
минь та нар дуугарсан шиг дуугар. Та нарын дуухолой эв нэгдэлгүй хүчгүй
болохоор нэг муу хурган түшмэлийн шийдвэрээс л сул сонсогдож байна.
Нэгдэгтүн.
С.Байгалсайхан тэргүүтэй Чөдөргүй зохиолчдын эвлэл,
Ц.Буянзаяа тэргүүтэй Чөдөртэй зохиолчдын эвлэл, О.Чинбаяр тэгүүнтэй
Монголын орчуулагчдын эвлэл, Залуу зохиолчдын холбоо.Тэр бүү хэл ”Хүрээ
хөвгүүд” тэргүүтэй бүх уран зохиолын бүлэг хамтлаг, чөлөөтуран
бүтээлчдэд хандав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих