Бидний дунд Шарын гэхээсээ Адууны Ганхуяг. гэж нэрлэгдэх болсон уран
бүтээлч, адуу судлаач анд маань саяхан "Унаган хүлэг" номоо уншигчиддаа
өргөн барив. Ш.Ганхуяг Төв аймгийн Аптанбулаг сумынхаа наадамд таван
настайгаасаа хурдны морь унаж, хүлгийн тоосонд морины шинжийг таних
ухааныг олсон байж болохоор. Энэ ном эрдэм шинжилгээний ажилтнуудад
анхдагч эх үүсвэрийг судлах зүйлийн барймт болохоор ихээхэн хөдөлмөр
шингэсэн бүтээл болжээ. Түүгээрч зогсохгүй малч удмын монгол хүнд
нутгийн нэртэй уяачид, тэдний удам судар, нутаг усны нэрийг олонд
дуудуулсан гайхамшигт хурдан хүлгүүдийг эргэн дурсах таатай боломж
олгохоор бүтээл болсон байна. "Галшарын угшил"-аас эхлээд "Баянцагааны
адуу", 'Туулын гүний унага" гэсэн монгол нутгийн олон угшлын адуу, эзэн
хоёрыг хэзээний танил дүрээр тод томруун бичжээ.
Хурдан удмын адууны өвөрмөц онцлог болох галбир хийц, шинжийг олон сайн уяачдын яриа өгүүлэмжээр товойлгон зурж тодруулан, дүрслэлийг бодитоор бичжээ. Ш.Ганхуяг урд нь "Уяачийн нууц товчоон", "Аранжин тоостой хүлэг", "Уяачийн ном", "Уяан дээрх хууч", "Хүлгэн хурд оршвой", "Уяачийн алтан гэрэг" зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн юм. Түүний бичсэн " Унаган хүлэг" номонд ХГХ зуунаас өнөөдрийг хүртэлх монголын хурдан адууны дээд удам угшлын гарал үүслийг багтаасан байна.
Удахгүй хоёр дахь боть нь хэвлэгдэх ажээ. Хэдэн жилийн өмнө алдарт уяач Д.Даваахүү олонтой ярьж суухдаа "Хүн нэг: юманд дэндүү мэрэгших гэдгийг бөхийн тайлбарлагч Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин агсан Ганбаатар, морины сэтгүүлч, адууны Ганхуяг хоёроор би бахархдаг юм шүү дээ" гэсэн гэдэг. Ганхуягаас хэн нэгний хурдан морины зураг үзүүлэхэд л эзэнтэй нь, хэний адууны угшилтай болохыг хэлнэ. Тэр Галшарын Догмид адуу, Жигээ адуу, Дарьгангын жижиг зээрдүүд Орлой ширээтийн цагаан адуу, Донир адуу, Барга адуу Тайж адуу, Гүр адуу гээд ярина шүү дээ.
Адууны Ганхуягт энэ олон адууны ном бичихэд нь сэтгүүлчийн авьяас нь нөлөөлсөн бизээ. Түүнийг анд нөхөд нь олон сараар аймаг сум хэсээд явчихад нь "Тэнэмэл" гэж цаашлуулах удаа ч байсан. Харин түүнээс олон газраар тэнэж явсны нь хэрээр нэг зузаан ном гардаг байсныг бүтээлүүд нь баталдаг юм. Ямар ч томилолт, хэн нэгний тэтгэлэггүйгээр бүтээх, бичих хүсэлдээ хөтлөгдөн, өвөл, зуны алинд ч хамаагүй явна. Түүнтэй холбогдох гэж үзэхэд хаа нэгэн аймаг, суманд явна гэх. Тэрбээр саяхан "Би одоо Баян-Өлгий, Ховд, Увсаар явж амьжаагүй байна. Хэнтийд очоогүй хэдэн сум байгаа" гэж ярьсан. Ганхуяг нэг хурдан адууны удам угшлыг мэдэж авахын тулд нутаг усны нь олон хүнтэй уулзах хэрэгтэй болдог тухайгаа ярьж байсан.
Түүнтэй адуунаас өөр сэдвээр ном бүтээж чадах уу гэж асуухад "Чадахгүй байх" гэдэг. Ш.Ганхуяг анх "Дэлхийн монголчууд" сэтгүүл санаачлан гаргаж байсныг манай уншигчид мэдэх билээ. Даацтай том бүтээл туурвидаг нь түүнээс харагддаг юм. Морь хурдлуулах гэж хорхойсох нэгэн байхад, хурдан хүлгийн гарал угшлыг олж мэдэж, олонд таниулах гэж зүтгэх нэгэн байдаг байна. Ийнхүу монголын уяачдын толь бичгийг бүтээгч адууны Ганхуягийн тухай цухасхан өгүүлэхэд ийм буюу.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих