Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн
ой, үндэсний их баяр наадмын хурдан морьны уралдаан өнөөдөр эхэллээ.
Хурдан морины уралдаан жил бүр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлдэг уламжлалтай. Өнөөдөр өглөө Хүй долоон худагт газар газраас ирсэн 318 хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Энэ жил зуншлага жигд сайхан болж байгаа тул уралдаанд өмнөх жилүүдээс илүү олон морь оролцож байгаа юм байна.
Хязаалан насны морьдын уралдааны зам 18 км үргэлжилдэг. Энэ жилийн хязаалан насны уралдаанд даага, шүдлэндээ улсад айрагдсан хурдан хүлгүүд олноороо уралдсан юм.
Ингээд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Т.Батзоригийн хурдан хээр үрээ хязаалан насны морьдын уралдаанд түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Харин Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Шоовдорын Баянбатын халзан үрээ аман хүзүүдсэн юм.
Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ айргийн 3-т орсон.
Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдаллаа.
Дашрамд хэлэхэд монгол адууны дундаж хурд 40-45 км/цаг байдаг юм байна. Хязаалан морьд дүүрэн сайхан цогиотой давхисаар гараанаас 30 км/цагийн хурдтай гарсан бол гарааны зурхайд ирэхдээ дунджаар 55км/цагийн хурдтай иржээ.
Хязаалан насны морьдын уралдаан будилаангүй сайхан боллоо.
gogo.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих