Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир
Владимирович Путин өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол
Улсад ажлын айлчлал хийнэ.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн "Эрдэнэт”, "Монгол Росцветмэт” үйлдвэр, "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаарх яриа хэлэлцээр хийгдэхээс гадна хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс гадна Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барин, Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр өндөрлөх юм.
Владимир Владимирович Путины намтар
- В.В.Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотноо төрсөн.
- 1975 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг
төгссөн. Их сургууль төгсөөд Улсыг аюулаас хамгаалах байгууллагад
томилогдож ажилласан. 1985-1990 онд БНАГУ-д ажилласан.
- 1990 оноос Ленинградын Улсын Их Сургуулийн ректорын гадаад харилцаа
хариуцсан туслах, Ленинград хотын Зөвлөлийн даргын зөвлөхөөр ажилласан.
- 1991 оны 6 дугаар сараас Санкт-Петербург хотын Захиргааны Гадаад
харилцаа эрхэлсэн хорооны дарга, 1994 оноос Санкт-Петербург хотын
Засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар ажилласан.
- 1996 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажилласан.
- 1997 оны гуравдугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн
тамгын газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ерөнхий хяналтын
газрын даргаар ажилласан.
- 1998 оны 5 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга.
- 1998 оны 6 дугаар сараас ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны
захирлаар ажилласны сацуу -1999 оны 3 дугаар сараас Оросын Холбооны
Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
- 1999 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга.
- 1999 оны 12 дугаар сарын 31-нээс Оросын холбооны Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч.
- 2000 оны 3 дугаар сарын 26-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр
сонгогдож 2000 оны 5 дугаар сарын 7-нд албан тушаалдаа оржээ.
- 2004 оны 3 дугаар сарын 14-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон.
- 2008 оны 5 дугаар сарын 7-нд ОХУ-ын Засгийн газрын даргаар томилогдсон.
- 2012 оны 5 сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
-Эдийн засгийн ухааны Доктор. Герман, англи хэлтэй.
Тодруулга, Оросын Ерөнхийлөгч нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий дээд командлагч бөгөөд иргэдийн бүх нийтийн тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгогддог.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих