Итали, Франц болон АНУ-ын нанотехнологичид компьютерийг хувцас
хэлбэрт оруулан цоо шинэ загвар бүтээхээр шийджээ. Тэд нэхмэл хөвөн
даавууг транзистор болон цахилгаан хэлхээ болгон ашиглах санааг сэдсэн
байна. Хэрвээ туршилт амжилттай болбол цаашдаа ханцуйгүй цамцан
компьютерийг бөөнөөр нь дамжлагаар үйлдвэрлэх боломжтой болно гэж
Америкийн «ЭкстримТек» сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд органик транзистор
болон бага хүчдэлийн органик цахилгаан химийн транзисторын загварыг
боловсруулаад байгаа гэнэ. Ийм загваруудыг гарган авахын тулд алт, зэс
зэрэг цахилгааныг дамжуулдаг бусад элементийн нано хэсгүүдийг хөвөн
даавууны утсанд суулгасан байна. Дараа нь ийм утсаараа энгийн цамцны
даавууг бодвол арай даргар ширүүн, харин бусад цахилгаан дамжуулагчидтай
харьцуулахад хамаагүй уян зөөлөн даавуу нэхжээ.
Хөвөн даавуу нь хоорондоо сүлжилдсэн хэдэн зуун утаснаас тогтдог байна. Нанотехнологичдын энэ бүтээл нь даавууны хэсгийг компьютерийн матриц болгон хувиргах боломж олгож байгаа аж. Харин ийм төхөерөмжийг биедээ өмсөн явах нь аюултай эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Мөн компьютержсэн хувцсыг хэрхэн цэнэглэх вэ гэдэг асуудал нанотехнологичдын өмнө тулгараад байгаа гэнэ.
Д.Мөнх /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих