Дефольт
буюу англиар default гэдгийг сүүлийн үед манайхан ихээр "сонирхох”
болов. Default гэдэг нь үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Тодруулж хэлбэл,
зээлийн хүүгээ цагт нь төлөөгүй, аль эсхүл өрийн гэрээний дагуу үндсэн
зээлээ төлөөгүй, бас зэлээр гаргсан облигацийнхаа нөхцлийг
бүрдүүлээгүйг хэлнэ. Нэг үгээр дефольт нь эдийн засгийн дампуурал гэсэн
үг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дефольт зарлахад ойрхон байна гэж мэдэгдлээ. Аймаар мэдээ. Учир нь дефольтын үед зовлонг нь ард түмэн л үүрдэг. Дефольт үүсэх нөхцөл нь ерөөсөө л улстөрчдийн явуулж байгаа улс төр, эдийн засгийн буруу бодлого болдог. Гэтэл хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Зүй тогтол нь ийм гэж байгаа.
Эдийн засгийн хямралаас гарахын тулд... гэсэн лоозонгийн дор Шийдлийн Засгийн газар олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Цомхотгол, хасалт, таналт...маш их хийгдэх нь. Мэдээж хэрэг, хямралын үед бүсээ чангалах нь зүйн хэрэг. Гэхдээ Монголын эдийн засгийн ирээдүй болсон салбаруудыг нухчин дарах хэмжээний шийдлүүдийг ярьж эхэлсэн нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулаад эхлэх шиг боллоо.
Ерөөс Монголын эдийн засаг яагаад ингэтлээ дефольт зарлах талаар ярих хэмжээнд хүрэв. Хэнээс, юунаас шалтгаалав. Яагаад ийм юм болчихов гэсэн асуултууд цувран тавигдаж буй.
Гэвч хариулт тодорхой. Монголын улс төр өөрөө зарлаагүй л болохоос дефольт болчихоод байгаа аж. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг хар. Эрх баригч АН гэж байгаа. Бүлгийн дарга хэн болох вэ. Байнгын хорооны даргаар хэний фракын хүнийг тавих вэ. Аль намд ямар яам очив. Дэд сайд, төрийн нарийний суудлыг ямар процентоор хуваах вэ гэсэн сандал ширээ булаалдсан шивнээ, тохироон дунд хэдэн сарыг үдэв. Халуун намраар эхэлсэн ийм яриа хөөрөө нь үргэлжилсээр идэр ес эхлүүлэв. Шийдэж чадсангүй.
АН-ын фракцууд даргатайгаа тохирохгүй байна гэсэн телевизийн мэдээ цацагдлаа. Энэ намын зарим нөхөр, бие даагчидтай нийлээд шинэ нам байгуулах талаар ярьж байна.
МАН эрх баригч намыг хэд хэдэн асуудлаар буруутган "гэрээгээ урах” талын юм ярьж эхлэв. ИЗНН засагт орох шаардлагагүй гээд гэдийж байна.
Энэ мэтчилэн улс төрийн байдал эмх замбараагаа алдаж, төр ч хөл толгойгоо мэдэхээ болив. Улстөрчид 2012 оны сонгуульд юу амлаж, ямар царайтай зогсож байснаа ор тас мартжээ. Жил гаруйхны дараа сонгууль болох гэж байгааг ч анзаарах шинж алга. Ханцуй дотроо хийдэг байсан сандал ширээний наймаа нь ил цагаандаа гарч, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж арай ядан тогтворжих гэж байсан ард иргэдийн амьжиргааг нам доош нь дарав. Ийн Монголын улс төрд дефльт үүссэн нь нэгэнт ил болжээ. Нуух, булзах аргагүйгээр шүү.
Эдийн засгийн дефольтыг зогсоох, тэр хүнд байдлаас гарах ганц л арга байдаг. Энэ нь дефольтод хүртэл баримталж байсан бүх бодлого, шийдвэрээ орвонгоор нь өөрчлөх. Ингэж байж сэргэнэ. Улс төрийн дефольтоос ч энэ маягаар гарахаас өөр аргагүй. Тэр бол өнөөдрийн улс төрийн хэв маяг, нам фракцад дарлуулсан дүрэм журам, нам дамжсан ашиг сонирхлын бүлэглэлийг бөөн бөөнөөр нь төрд гаргадаг тогтлыг халж байж шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Ерөөсөө л орвонгоор нь өөрчилж байж улс төрийн дефольтоос гарах ганц гарц үлдсэн бололтой.
Эх сурвалж: www.polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих