Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ажлаа өгчээ.
Тэрээр "Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломжгүй. Бидний ёс
суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй...” гэж мэдэгдсэн. Гэхдээ
хамгийн гол нь сөрөг хүчингүй, хуйвалдааны Засгийн газар
байгуулагдчихлаа. Ингэж ардчиллын үнэт зүйлийн эсрэг Засгийн газар
байгуулагдсан учраас ажлаа өгч байгаа юм гэж тайлбарлав. О.Магнай
ингэхдээ "МАН-ын ДОХ-тойг мэдсээр байж бэлгэвчгүй хавьтсан...” хэмээн
намдаа ч шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.
О.Магнайгийн
энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. МАН,
АН, бусад нийлээд Засгийн газар байгуулсан болохоор тэдний зүгээс
сошиал ертөнц, мэдээллийн хэрэгслүүдээр "О.Магнай шоудаж байна. Угаасаа
л шоучин” гэсэн мессэжийг тарааж байх шиг.
О.Магнайг монголчууд мэднэ. Сүүлийн хоёр жилд бүр ч илүү мэддэг болсон. Яг одоо сонгууль явуулж санал авбал энэ хүн гарцаагүй эрхэм гишүүн болно. Энэ гол биш л дээ.
2012 оны сонгуулийн дараа О.Магнайг ШӨХТГ-ын даргаар томилсон Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний шийдвэр хамгийн "мэргэн” нь боллоо гэгдэж байлаа. Ажлаа аваад удалгүй мөн ч олон асуудлыг цэгцэнд нь оруулсан даа. Нэг ёсондоо иргэд, олон нийт эрх ашгаа хамгаалуулдаг ийм газар байдгийг О.Магнайн ачаар мэддэг болсон. Үр дүнг нь ч үзсэн. Уг нь ШӨХТГ гэж өмнө нь байж л байсан. Үүргээ гүйцэтгээд явж л байсан юм байна лээ. Гэхдээ О.Магнай шиг даргатай байж ингэтлээ олны талархлыг хүлээн ажиллаж байгаагүй. Үнэн юм үнэнээрээ сайхан.
О.Магнай ажлаа өгөхдөө зүгээр нэг гараад явчихсангүй. Өөрийг нь ороож, хэл ам болоод байсан, дарга болоод авсан гэх "тойрон хүрээлэгчид”-ээ ажлаас нь чөлөөллөө.
Хамгийн гол нь сандал ширээний төлөөх улайм цайм тэмцэл намууд дунд, нам доторх фракцуудын хооронд явж байхад О.Магнай ажлаа өгөх шийдвэр гаргаж байна. Энэ утгаар нь түүнийг эр зоригтой байна гэж дүгнэж болох юм.
ШӨХТГ бол маш их эрх мэдэл, далайлган сүрдүүлэх "лантуу”-тай газар. Эрх мэдэл, сандал ширээний төлөө тэмцэгчид ийм л газрын тамга атгахыг хүсч байгаа. Тэгэхээр О.Магнайг явахад тэр олон сэнтий горилогчдын нүд тийш унаж таарна. Чухамдаа О.Магнайгаас өөр хүн байсан бол У.Хүрэлсүхийн эвийг олоод, ирэх сонгууль хүртэл яаж ийгээд тэр ширээн дээр суухын төлөө явах байсан биз. Тэртэй тэргүй 2016 оны сонгуулиар "...Найдвартай гарна” гэж бүх судалгаа хэлээд байгаа энэ үед О.Магнай чив чимээгүй сууж байхад хэн ч гайхахгүй. Юун нам, хаа байсан ардчилал... гэж болох л байсан.
Гэвч О.Магнай тэгсэнгүй. Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелын шагналт Ан Сан Сун Чи-ийн Монгол ирээд хэлсэн "...дүр эсгэсэн ардчилал” гэдгийг дахин сануулаад "АН болохоо байлаа. Ажлаа өгөхөөс өөр арга алга... ” гэсэн мэдэгдлээ хийж байна.
Тэр угаасаа тэмцэгч. Тэмцэж байж л энэ улстөрд орж ирсэн. Тэмцэгч учраас ШӨХТГ түүнд ихээхэн "зохисон” байж болох. Тэр одоо дахин тэмцэхээр албан тушаалаасаа бууж байх шиг байна.
Ерөөс ямар ч хүнд зарчим, үнэт зүйл гэж байх ёстой. Дээрээс нь түүнийхээ төлөө тэмцдэг байх учиртай. О.Магнайд байна. Тэрээр зарчимтай, үнэт зүйлтэй учраас л ШӨХТГ-ын дарга гэдэг албан тушаалыг өөрийн хүсэлтээр орхилоо.
МАН, АН дахин нийлж МАНАН байгууллаа. Улс орны эдийн засаг хүндэрч дефольт зарлаж ч болзошгүй гэсэн түгшүүртэй хүнд нөхцөлд ямар нэг албан тушаалд хүрч хямралын шуурганд өртчихгүй үлдэх гэсэн мянга мянган сонирхлоос тэр өөр байж чадлаа.
Үүнийх нь төлөө О.Магнайд "...Молодец!” гэж хэлэх учиртай.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих