Саяхан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан
туг”-ийн одонгоор энгэрээ мялаасан Загас агнуурын салбарын ахмад ажилтан
Т.Төмөрбаатарынхыг зорьж очлоо. Өвгөн хэдий бие яилээрхүү байгаа ч
надтай хөөрөлдөхөөс татгалзсангүй. Ингээд түүний яриаг хамтдаа сонирхоё.
- Сайхан өвөлжиж байна уу? Бие тэнхээ сайн уу?
- Сайхаан сайхан. Гайгүй дээ хүү минь. Би чинь хэдэн жилийн өмнө тал
харваад бие жаахан султай болоод байгаа шүү дээ. Гэхдээ дажгүй хө.
-Таныг Монгол улсад цөөхөн байдаг Загас агнуурын мэргэжлийн хүн гэж сонссон. Эндээс яриагаа эхлэх үү?
- Тийм ээ. Би чинь Хөвсгөл аймгийн Хатгалын 10 жилийг төгссөн хүн. 1963
он юмдаг. Тэр жил Хүнс хөнгөн үйлдвэрийн Яамнаас гадаадад мэргэжилтнүүд
бэлтгэх бодлого барьж байсан юм билээ. Манай ангид 11 хуваарь ирж,
сурлага сайтай хэдийг нь захирлын өрөөнд дуудаж нэрийнх нь үсгийн
дарааллаар хуваарь сугалуулсан. Миний нэрний ээлж ирэхэд Вьетнам улсад
хэлний, арьс ширний технологи, оросын загас агнуурын анги гэсэн гурван
хуваариас загас агнуурыг нь сонгосон. Тэгэхэд манай анги 38 хүүхэдтэй
байсны 11 нь гадаадад сурах эрх авч байлаа шүү дээ.
- Далайн хүү болохоор ойр мэргэжлийг сонгожээ дээ?
- Мэдэхгүй хувь төөрөг гээч нь юм байлгүй дээ. Манай Дархадын хотгор
загас элбэгтэй газар. Багаасаа л үе тэнгийнхэнтэйгээ загас гохдож шарж
иддэг байсных ч юм уу, энэ мэргэжил ойр санагдсан байх.
-Оюутан болж л хүрээ хийгээд хилийн дээсийг алхав уу?
- Тэгэлгүй яахав. Хөдөөний хөдсөн дээлтэй нөхдүүд л Мөрөнгөөсөө мордож
нийслэлд ирж байлаа шүү дээ. 1963 оны Улсын наадмын өмнөхөн хотод ирж
Дээд боловсролын хороонд / хуучнаар/ бүртгүүлж түвшин тогтоох шалгалт
өглөө. Бодис зүй, /физик/, хувилахуйн ухаан /хими/, Орос хэл гэсэн
хичээлээр. Шалгалтыг ч сайн авдаг байж дээ. Долоо, долоо хоногийн
давтамжтайгаар гурван удаа авсан юмдаг. Шалгалтаа өгч дуусаад Хүнсний
үйлдвэрийн Яамны мэдэлд очив. Ингээд долдугаар сарын дундуур Хүнс хөнгөн
үйлдвэрийн Яам дээр гадаад явах оюутнууд цугларлаа. Газар газраас ирсэн
зүсэн зүйлийн хувцастай, аялга хэллэг өөр хүмүүс байсансан.
-Тухайн үеийн оюутнуудыг сайн бэлддэг байжээ. Ахуй хангамж нь ч сайн биз?
- Тэгэлгүй яахав. Гадаадад суралцахаар явж байгаа шинэ оюутнуудад 1700
төгрөг олгон, европ хувцас худалдан авах тусгай дэлгүүр ажиллуулж байсан
юм. Тэгэхэд би өөртөө таарах хувцас сонгож чадахгүй манай ах Батчулуун
надад сонгож өгч байлаа. Ингээд найман сарын сүүлээр 15 оюутан Оросыг
зорьж байлаа. Өртөөнүүд дээр хөдөөгийн айлууд сүү өргөж, цагаан идээ
барьсаар үдэж байсан сайхан дурсамж одоо ч тодхон санагдана.
-Астраханийн их сургуульд сурсан гэдэг бил үү , та?
- Хуучнаар Зөвлөлтийн Астрахань хотын Рыбетуз буюу загасны үйлдвэр, аж
ахуйн дээд сургуульд таван жил гаруй хугацаагаар сурч загас олборлолтын
инженер механик мэргэжлийг эзэмшсэн дээ. Намайг очиход тус сургуульд нэг
л Монгол оюутан байлаа. Бид эндээс дөрвүүл очиж байсан. Анхны загас
үржүүлгийн ангийн оюутан бол 1960 онд төгссөн Батын Цолмон гэж залуу
байлаа.
-Загас агнуурын зэрэгцээ үржүүлэг, судлалын ангиуд байсан гэж сонсч байсан.
- Тэгэлгүй яахав. Төмөрбаатар, Шараа, Ц.Доржсүрэн, Л.Дашдорж,
Р.Дүүриймаа, А.Нямсүрэн нарын залуус надтай хамт сурч байлаа. Бид загас
агнуур, боловсруулалт, үржүүлэг гэсэн ангиудад хуваарилагдсан. Ямар
сайндаа бид өөр хоорондоо загас ангуучид, аврагчид, судлагчид, авраад,
алаад, судлаад гэж хөгжилдөж байхав дээ.
-Буйр нуурт хэзээ ирэв ээ?
- Таван жил хагас суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийнхаа Цагаан нуурын
загасны үйлдвэрт ирж ажилласан. Ингээд 1969 онд Буйрын загасны үйлдвэрт
Ерөнхий инженерээр томилогдон ирж байлаа. Тэр цагаас хойш 40 гаруй жил
нуураа дагаж амьдарсан даа.
-Буйр нуурт хэдэн төрлийн загас байдаг юм бол?
- Агнуурын 34 төрлийн загас байдаг. Тухайн үед бид чинь Аймгийн махны
үйлдвэрээр дамжуулж Орос руу загасаа гаргана. Оргил үедээ жилд 600 тонн
загас гаргаж, улсдаа толгой цохидог байлаа шүү дээ.
-Таныг загас барихад хэрэглэдэг нарилк зохиож байсан гэж дуулсан?
- Нарилк гэдэг нь усан доогуур тор татахад зориулагдсан бичил
пуужинархуу л юм л даа. Энүүгээр би дипломын ажил хамгаалах гэж байсан ч
тухайн үедээ амжаагүй ч юмуу санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Тэгээд
төгсч очоод тор татахыг хялбарчлахын тулд нарилк хийх санаа төрсөн.
Тэгтэл сүүлд Оросын телевизийн суваг үзэж сууан чинь миний нөгөө санаа
хэрэгжчихсэн өөр хүн патентыг нь авчихсан гарч байна лээ.
-Хамгийн олон загас барьж байсан тохиолдлоо яриач?
- Нэг удаагийн загас барилтаар 123 тонныг морин тороор барьж байлаа. Энэ
бол миний загас агнаж байх үеийн хамгийн их барьсан тохиолдол.
-Манай Буйрын загас одоо ер нь хэр нөөцтэй байгаа бол?
- Боломжийн байгаа байх гэж бодож байна. Ялангуяа булуу цагааны /сазан/ хувьд овоо өсөж байгаа.
-Буйр нуурт хар галуу олноор цуглах болсон байна лээ. Энэ нь загас цөөрөхөд нөлөөлнө биз?
- Тэгэлгүй яахав. Загасны ганц эрлэг шүү дээ. Оросууд бол хор цацаж
устгадаг. Би ч хар галууг агнаж сайхан шараад ирж буцах зочин гийчдийг
дайлдаг байлаа. Ер нь нууранд их халгаатай шувуу.
-Гэр бүлийн чинь хүн загасны үйлдвэрт хамт ажиллаж байсан гэл үү?
- Манай эхнэр Г.Дарьсүрэн бид хоёр чинь нэг нутгийн хүмүүс шүү дээ. Хар
багаасаа ханилж найман хүүхдийн эцэг эх болсон. Намайг дагаж насаараа
хөдөө хээрээр явсан даа. Буйрын үйлдвэрт торны цехэд ажиллаж байлаа.
-Монголчууд лусын амьтан гээд загас агнахыг нэг их таашаадаггүй. Хэр үнэний ортой үг юм бол?
- Мэдээж амьтны амь гэдэг үнэтэй зүйл. Энэ ажлыг би улсын эрх ашгийн
үүднээс хийж байсан. Нуур ч надад өгөхөө өгсөн, авахаа авсан. Хоёр
сайхан хүүгээ нууранд алдсан. Тэр үед өөрийгөө л буруутгаж байлаа. Би
энэ мэргэжлийг сонгоогүй бол, энд ажиллаагүй бол гэж бодохоор их хэцүү
байдаг байлаа. Гэвч үр хүүхэд хань ижлийнхээ хайр халамжаар өдий
зэрэгтэй явна даа.
-Тантай хамт МУ-ын Ерөнхий сайд асан С.Баярын ээж Дулмаа гуай тантай хамт ажиллаж байсан гэл үү?
- Тийм ээ. Биологич, загас судлаач Дулмаа бид цуг ажиллаж байсан.
Монголын загас судлал, агнуурын үржүүлгийн салбарт их зүйлийг хийсэн хүн
дээ. Хэдийгээр А.Дулмаа гэдэг хүний нэр тухайн үед мандаж байсан боловч
түүний ард бидний хичээл зүтгэл их байсан.
-Одоо таны амьдрал ахуй хэр байна. Тэтгэвэр тань амьдралд чинь хүрэлцэж байна уу?
- Болж байна аа, болж байна. Хөгшинтэйгөө хоёулаа тэтгэврийн хэдэн
төгрөгөөрөө амьдраад л байна. Хүүхдүүд минь эргэж тойрно. Ганц нэг нь
хажууд харж хандаад л явж байна. Бид хоёр жилийн өмнө аймгийн төвд орж
ирсэн. Энэ Нуурын хороололд хашаа бариад сууж байна. Эмнэлэг домнолгт
ойрхон гээд орж ирсэн. Олон жил нуур дагасан хүн чинь бас холдохоороо
нуураа санах юм. Дулаан орохоор хөгшинтэйгөө Буйртаа очино доо.
-Таныг саяхан төр засаг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн
одонгоор шагналаа. Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн баярт үеэ бидэнтэй
хуваалцаач?
- Хийсэн бүтээснийг минь үнэлсэнд баяртай байна аа. Бидний үеийнхэн
шагнал авахын төлөө ажил хийдэггүй байлаа. Энэ олон жил надад өгсөн
хамгийн том шагнал минь "Онц хилчин” тэмдэг байна. Улсынхаа дархан хил
дээр ажиллаж, нуур, хилээ манаж байсныг минь цэргийнхэн үнэлсэн хэрэг.
Харин сая төрийнхөө том шагналыг авлаа, сайхан байна аа.
-Танд эрүүл энхийг хүсье. Ярилцсанд талархлаа.
- "Дорнод” сонины хүүхдүүд та нарт ажлын амжилт хүсье. Социализмын үед
сонiн хэвлэлд их гардаг л байлаа. Сүүлийн жилүүдэд над руу ирэх хүний
тоо цөөрч дээ. /инээв/
Өвгөнөөс их олон зүйл асуумаар байсан боловч ядрах шинжтэй болохоор нь
шалгаахыг хүссэнгүй. Ямартаа ч энэ хүн Монголын загас судлалын салбарт
ихийг хийсэн гэдэг нь түүний ярианаас илхэн. Магадгүй түүний хийсэн
бүтээснийг зарим хүн ашиглаж нэр хүнд олж байхыг үгүйсгэхгүй. Ямарч
байсан энэ чиглэлийн мэргэжилтнүүд Монголд цөөн байдаг учир Төмөрбаатар
гуайн нэрийг зарим компаниуд ашиглаж ажилтан нэрээр бүртгэлтэй байдаг ч
байж магад. Учир нь дипломынх нь хуулбарыг олон хүн аваад явсан гэж гэр
бүлийн хүн нь ярьж байсан. Нуур ярихаар сэтгэл нь хөөрөөд мушилзаж суух
энэ эрхэм ажил мэргэжилдаа үнэнч явсаар энэ зэрэгт хүрсэн нь бахархмаар.
Харин төр засаг нь түүний мартаагүйд би ч хувьдаа олзуурхаж суулаа.
Шагнал авсан хүмүүсийн тухай сайтад мэдээ тавихад олон ч хүн Төмөрбаатар
гуайд эрүүл энхийг хүсэж сэтгэлийн үгээ бичсэн байсан нь энэ хүнийг
зорьж очиход хүргэсэн билээ. Танд урт удаан насыг хүсэн ерөөе.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих