Элдэвтэй гэж хэлж болож хүмүүсийн нэг нь Ш.Пүрэвсүрэн гуай. Мод зүлэг
тарьж, олон тооны нийтлэл, ном туурвиж, бүр Бал даргыг оргуулах
"Барбарис" төлөвлөгөө хүртэл боловсруулж явсан эр. Манай сурвалжлагч
түүнтэй хэрхэн Бал даргыг оргуулах гэж байсан тухай нь цөөн хором
хөөрөлдлөө.
-"Жайка", "Дэлхийн банк"-ны гээд хэд хэдэн
төслүүддээр ажиллаж байсныг тань мэдэх юм. Бас Хонгорын асуудал ид
дуулиан тарьж байхад хамгийн их олны анхааралд өртсөн хүн нь та. Сүүлд
сэтгүүлч болчихсон давхиж явсан. Ингэхэд таны үндсэн мэргэжил юу юм?
-Би Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат хүн. Москвагийн их сургуулийт хөрс судлагч, агрохимичийн мэргэжлээр
төгссөн.
ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад хойшоо аспирантурт явж, Москвад "Монгол
орны хөрсний үржил шимийн өөрчлөлт" сэдвээр доктор хамгаалсан. ЗХУ
задарч, Ельцин цагаан ордноо буудаж байх үед чинь тэнд байлаа.
Сониучирхаж "Цагаан ордны" хажууд оччихоод золтой л бууны суманд
оногдчихоогүй. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА гээд хэд хэдэн
төсөл дээр зөвлөхөөр дараа нь "Мянганы сорилтын сан" төсөлд таван жил
гаруй ажилласан. Хонгорын асуудлаар сонин, телевизээр яриад байгаа маань
дээдсүүдэд таалагдаагүй учраас "амаа үдүүлж чадахгүй" гээд энэ ажлаа
орхисон.
-Одоо та Хонгорын асуудлыг эргэж харж байгаа юу эсвэл орхисон уу?
-Энэ
асуудлаар хоёр жил шахам яваад бараагүй шүү дээ. гэхдээ энэ асуудлыг
орхихгүй Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайдаггүй гэдэг биз дээ. Тэнд чинь
мөнгөн ус, циан хоёр нийлэн дэлхийд анх удаа гэж хэлж болох циант
мөнгөн усны шинэ нэгдэл бий болж хүмүүс бөөнөөрөө хордсон юм шүү дээ.
Мухар олгойн хагалгаа хийлгэхээр очсон хүүхдийн хэвлийн хөндийг нээхэд
битүү идээ болчихсон, үхэр мал амьдаараа гэдэс дотор нь идээнд
баригдсан тохиолдол олон гарсан шүү дээ. Одоо бол тэнд залуухан хүмүүс
хүүхэд хүртэл хорт хавдраар өвчилж байна. Энэ хавар л гэхэд ганцхан
долоо хоногт гурван хүн хавдраар нас барлаа шүү дээ. Нүднээс нь нулимс
гоожин даралт нь өгсөөд байдаг хүн өөр сум аймагт очихоор зүгээр
болчихдог, эргээд ирэхээр өнөөх нь хөдөлчихдөг. Тэгэхээр хөрс усанд нь
хорны үлдэц байгаа л байхгүй юу. Уржнан би Японы Минимато гэдэг мөнгөн
усанд хордсон тосгонд очсон юм. Тэд алдаагаа давтахгүйн тулд мөнгөн усны
хор хохирол нь яаж тусдгийг харуулсан музей байгуулсан байсан. Одоо ч
Засгийн газар нь тэр тосгоны хүмүүст нөхөн төлбөр өгч байгаа юм билээ.
Тэгэхэд манай улс юун сургамж авч музей байгуулах, юу ч биш болоод л
өнгөрлөө ш дээ.
-Таныг Бал даргыг оргуулахаар зэхэж байсан гэх юм билээ. Яаж тэр вэ?
-1990 оны хавар Монголд ардчилал ид бужигнаж байсан үед би Москвагийн их сургуулийн аспирантурт сурч байсан юм.
Тэр
үед Москвагийн ойролцоо Подольск тосгон дахь МАА-н эрдэм шинжилгээний
хүрээлэнд үе тэнгийн маань Даваахүү, Бат-Эрдэнэ гэж хоёр залуу бас
сурдаг, амралтын өдрүүдэд бид хэд манайд голдуу цуглаж "улс төрждөг"
байлаа. Ярианы маань гол сэдвийн нэг мэдээж Цэдэнбал дарга. Ардчиллыг
Даваахүү бид хэд бүхий л талаар талархан хүлээж авсан ч Монголд болж
байгаа ганцхан юман дээр санал огт нийлдэггүй байсан нь Бал даргад элдэв
нэр хаяг зүүн гоочилж эхэлсэн зүйл. Сайндаа ч биш, биеэр маань "Увсын
цус" гүйж байсандаа л тэр байх. Бал даргаас одон медаль, цол, зэрэг
бүгдийг хураан авч намаас нь хүртэл хөөж байсан тэр хавар одоо хүртэл
миний санаанаас гардаггүй юм. Тэр үед ихээхэн сүр дуулиантай хурааж авч
байсан хувийн орон сууц гэдэг нь одоо манай баячуудын бариулаад байгаа
харшуудын дэргэд нэг муу хөгийн амбаар л байсан байхгүй юу.
Дээр нь манай аав, Бал дарга хоёр насаар чацуу улс байсан юм. Бал даргыг шүтдэггүй хүн байхгүй л дээ, Увсад. Увсынхан байтугай одоо ч хүмүүс сайн сайхан байсныг нь ярьж байна ш дээ. Үхсэн хойно нь л хүний сайныг мэддэг хойно доо. Тэгээд амралтаараа очих бүрт аав маань Бал даргын биеийг асууж Ганц удаа эргэчихсэнгүй" гэж зэмлэнэ. Үгүй ээ, аав минь тэр хүн чинь тусгай хамгаалалтад байдаг. Боломжгүй зүйл гэхээр "Худлаа яриад байна" гэж намайг зэмлэдэг. Дэмий л МГУ-д оюутан байх үеэс биенээ сайн мэдэх болсон Бал даргын дүү Аюуш гуайн охин Буянтөгсөөс Бал даргын биеийн байдлыг асуудаг байлаа. Буянаа багаасаа Бал даргынд өссөн, тэднийд байж хоёр хөгшнийг асарч тусалдаг байсан юм. Нэг удаа Буянаа "Цаад өвгөн чинь ЭСЯ-аас өгдөг Үнэн сониныхоо захыг дүүртэл уйгаржинаар "Чи гэртээ харь" гэж биччихээд уйлаад сууж байна" гэхгүй юу. Самсаа шархираад л, нэг юм огшоод явчихсан.Тэр оройгоо муу улаан "Лада"-аа асааж аваад Даваахүүгийнд очиж "Нөгөө муу Бал дарга чинь амьдаараа үхэж байгаа юм байна. Ер нь нутгийг нь бараадуулвал яасан юм. Би Москвагаас Кызыль рүү онгоцоор авч явахыг нь хариуцъя, чи цааш нь Самгалтай хавиар аргалаад хил давуулчихсан цагт цаашдаа юу л болбол болог" гэх ухааны юм ярилцдаг юм байна. Даваахүү ч Тэсийнх болохоороо тэдний хамаатан саднаас ганц хүн бүү хэл азарга адуу, сүрэг үхэр давуулчих хамууд захаас аван олдоно гэдэг юм. Би Москвад аэрофлотын кассны нэг эмэгтэйг сайн таньдгийн хувьд орон нутгийн рейсээр Зөвлөлтийн аль ч хот руу нисэхэд түвэггүй байдаг байсан л даа. Тэгээд Буянаатайгаа уулзлаа.
-Тэр хүн бас та хоёрын төлөвлөгөөнд оролцсон хэрэг үү?
-Аавынхаа
захиасаар ганц удаа боловч Бал даргын гэрт нь очиж уулзах боломж гаргаж
өгөхийг Буянаагаас хүсэхгүй юу. Буянаа гэрт нь очих боломжгүй, харин
өдөр бүр Лениний уулан дээр хоёр цагт гардаг. Тэр үед уулзаж болох юм
гэсэн. Тэрийг сонсоод оргуулах төлөвлөгөөгөө басчиг гэж хэрэгжүүлж
болмоор санагдаад явчихлаа. Тэгээд Лениний уулан дээр товлосон цагаас нь
өмнө оччихоод ажиглалт хийлээ. Хар машинтай, хар нүдний шилтэй хоёр
нөхөр түрүүлж ирээд сандал дээр суучихдаг юм байна. Араас нь Бал дарга ч
ирлээ. Цагаан үс нь сэвэлзээд юун миний харж байсан нөгөө сайхан Бал
дарга. Ёстой өрөвдмөөр болчихож. Гүйж очоод мэндэллээ. Мэндэллээ, "Чи
чинь хэний хүүхэд билээ л" гэж байна. Нөгөө хоёр нөхөр чинь бас хажууд
ирээд зогсчихсон. Тэгээд л комиссар нь буцчихсан ч гэсэн далд
хамгаалалтанд байдаг юм байна. Миний оргуулдаг ч лөөлөө боллоо гэж
бодсон доо. Одоо ч Леонид Шинкарев гуайн Бал даргын амьдралын тухай
бичсэн дурдатгалын номноос тэр хүн амьдралынхаа сүүлчийн өдрүүдээ
хүртэл ямар хатуу мөрдлөг, хамгаалалт дор байсныг уншаад юун оргуулах.
Тэр үед бодож ярьж байсан зүйлээ санахаас хөх инээд хүрэх шиг болдог
юм.
-Дахиж оролдоогүй юу, оргуулах гэж?
-Дараа нь хэд
хэдэн удаа бас гандан буурахгүй Лениний уулан дээрээ очсоон. Тэнд ердөө
15 минут л салхилдаг байсан. Мэдээж ямар боломж байхав. Гэхдээ л
хэрвээ бид үзээд алдсан бол яах байсан болоо гэж бодохоор бас сонин л
санагддаг юм.
-Өмнө нь та Бал даргатай уулзаж байсан уу?
-ХААЯ-д
байхдаа Бал даргатай нэг уулзаж байсан юм. Тэр үед Батмөнх гуай
ерөнхий сайд байсан. Хүнсний программ хийнэ гээд л их юм болдог байлаа
шүү дээ. Бал дарга ажлаа өгөхийнхөө өмнөхөн Увсаар нэг явсан юм билээ.
Тэр үед ярьсан хэлснийг нь нутгийн улсаас сонсоод орос эхнэр, орос эмч,
орос тогооч гээд дан Оросуудын дунд нэлээн зүдэрч байгаа хүн юм байна
даа гэж бодож байсан. Нөгөө хэддээ мэдэгдэхгүй гэсэн зүйлээ уйгаржинаар
бичдэг байсан гэдэг. Өдрийн тэмдэглэлээ ч тэр. Сайд нарын зөвлөлийн
орлогч дарга, АХШХ-ны дарга Молом гэж хүн байсан юм. Тэр хүний хэлж
байсныг би ортой юм болов уу гэж боддог юм.
-Тэр хүн юу гэж хэлсэн гэж?
-Нэг
өдөр Их тэнгэрээс буцаж явахдаа Бал дарга машин дотроо ухаан алдсан юм
билээ. Тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ "Энэ тариаг хийлгэснээс хойш
хоёр гурван удаа ухаан алдлаа. Энэ юуных вэ" гэж уйгаржинаар бичээд
хойно нь улаанаар анхаарлын тэмдэг тавьсан байсан гэж Молом гуай ярьж
байсан юм. Тэр үеэс л Бал даргыг ой санамжийг нь арчих тариагаар тарьж
эхэлсэн юм болов уу гэж боддог. Хрущев гуайг дурсамж бичнэ гэхэд нь тэр
тариаг хийсээр байгаад ой санамжийг нь бүр мөсөн арчсан гэх яриа хүртэл
байдаг шүү дээ. Тийм тариа хийхээр ой санамж нь хамгийн сүүлээсээ эхлээд
арчигддаг гэж ярьдаг. Бал дарга ч сүүлдээ "Хүүхэд байхад хонь хариулж
яваад, хүрээнээс оргоод..." гээд дандаа л бага насны юмаа ярьдаг
болчихсон байсан ш дээ.
-Бал даргаас болоод та намын гишүүнээсээ татгалзсан гэсэн үү?
-Бал
даргын хөрөнгийг нь хураагаад явуулахад нь "Дөчин жил төр толгойлсон
хүнээ ингэж байгаа юм чинь..." гэж бодоод батлахаа аваачаад өгчихсөн.
Бал даргыг оргуулсан тухайгаа би удахгүй хэвлэгдэх "Миний ертөнц"
номондоо дэлгэрэнгүйгээр нь оруулж байгаа.
-Ингэхэд таны гаргасан номын тоо хэд хүрч байна?
-Багадаа
би их ном уншдаг хүүхэд байсан л даа. Мэрэгжлийн болон танин мэдэхүйн
чиглэлээр 20 гаруй ном гаргасан. Танин мэдэхүйн болон хүүхдийн гурван
ном гаргасан маань хүмүүст их тоогдсон. Энэ номнууд Дэлхийн банкны
төсөлд шалгараад аймаг сум болгоны дунд сургуулийн номын санд очсон
байгаад баярлаж явдаг юм. 2006 онд гаргасан танин мэдэхүйн "Миний орчлон
XX зуун" ном маань өнгөрсөн хугацаанд гурван удаа хэвлэгдлээ. Удахгүй
байгаль орчны бохирдол, газрын лицензийн булхай, алтныхны сүйрлийн тухай
өгүүлэх "Монголын эмгэнэл", аялал, танин мэдэхүйн "Хорвоо ертөнцийн
элдэв сонин", Бал даргыг оргуулсан минь зэрэг өөрийн дотоод ертөнцөө
нээсэн "Миний ертөнц" номуудаа гаргах гэж байна.
-Таны "Миний орчлон XX зуун" номыг харсан юм байна. Та ер нь дэлхийн хэдэн оронд очиж үзсэн хүн бэ?
-Таван тивийн тавь гаруй орноор явсан шүү. Ямар ч оронд очсон бай "Би ямар азаар Монголд төрөв өө" л гэж боддог.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих