"Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал АНУ-ын Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн нь нийгмийг хоёр талцуулав. Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж, 17 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн тэдэнд Монголын шүүх энэ сарын эхээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, 35 тэрбум гаруй төгрөгийг Сангийн яаманд гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Ийн шийдвэрлэсэн байтал Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь Ц.Элбэгдоржийг улс эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргасан гэж үзэх хэсэг байхад монголын хуулийг уландаа гишгэлээ гэж үзэх хэсэг ч байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн тайлбар хийсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн. Ер нь татвараас зайлсхийсэн хүнийг хорих нь зөв зүйтэй шийдэл биш гэсэн бодлогыг бид барьж байгаа. Ерөнхийлөгч Монгол Улсын иргэдэд ч мөн уучлал үзүүлсэн. Бид цаашдаа хууль эрх зүйн орчноо харах ёстой юм байна. Ерөнхийлөгч уучлал үзүүлье гээд л үзүүлчихдэг юм биш. Монголын нийтлэг эрх ашиг, олон улсын харилцаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадны хөрөнгө оруулалт, манай хуулийн тогтолцооны буруу жишиг гэх мэт олон зүйлийг харгалзаж үзэж уучлал үзүүлсэн. Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн н.Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ. Энэ мэтчилэн иргэнийхээ эрхийг хамгаалах үүднээс уучлал үзүүлж өгөх хүсэлтийг төрийн тэргүүнүүд хоорондоо тавьдаг” гэж тайлбарлажээ.
Тэгвэл ард иргэдийн эгдүүцлийг хүргэсэн зүйл нь монгол улсад учруулсан 17 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг яах вэ. Шүүхээс Жастин Капла нараар 35 тэрбум гаруй төгрөгийг Сангийн яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байхад Ерөнхийлөгч уучлал үзүүллээ хэмээн үзэж байна. Харин энэ асуудалд Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. Энэ бол зарчим. Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгүй. Тухайн компани болон хувь хүн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлүүлдэг байх хэрэгтэй. Татвар төлж байгаа байдал нь ч тухай аж, ахуйн нэгждээ дарамт багатай байх хэрэгтэй. Төр бол хяналт тавиад татварыг нь төлүүлээд торгууль тавьсан бол түүнийгээ аваад явдаг зарчимтай байвал манай улсын эдийн засагт ч хэрэгтэй. Энэ нь хуулийнхаа бодлого зарчимд зөв юм болов уу гэж бодож байна.Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байна гэсэн үг биш. Татварын хохирлыг төлүүлнэ. Харин хорих ялаас нь чөлөөлж байгаа юм” гэж тайлбарласан юм.
Юутай ч Ерөнхийлөгч өөрийгөө хараалгах уу, Монголоо хараалгах уу гэсээр өөрийгөө хараалгах шийдвэр гаргажээ. Энэ нь Монголын нийтлэг эрх ашиг, олон улсын харилцаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадны хөрөнгө оруулалтаа бодсон шийдвэр байв.
Гэхдээ Жастин Капла нарыг зөвхөн ялаас чөлөөлсөн. Тэд Монгол Улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулна.
Б.Анир

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих