Монгол
Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой
бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Хөвсгөлийн
хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, Сэлэнгэ
аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ,
"Доолт" компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.
Увс аймгийн Тэс сумын харьяат гавьяат тамирчин Т.Артагийн нэрэмжит тус барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга аймгийн арслан А.Отгонбаатар, Д.Батжаргал, Т.Занданбат, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Батням, Бо.Батжаргал тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглов.
Өнгөрсөн бямба гарагт болсон уг барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ, Т.Артаг начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Х.Баянмөнх гэр бүлийн хамт, улсын арслан Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр, Ж.Ганболд, улсын харцага Г.Намсрайжав, "Увснуур дэвжээ"-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу, Т.Артаг начны гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв.
Т.Артаг начин нь Улсын наадамд 1972 онд гурвын даваанд Г.Пүрэв-Очир (начин)-ыг, дөрөвт Т.Зундуй зааныг, тавд Ш.Батсуурь аваргыг давж зургаад Ө.Эрдэнэ-Очир заан (арслан)-д унаж улсын начин цол авч, 1973 онд тавын даваанд Д.Галдандагва начинг давж, зургаад П.Дагвасүрэн арсланд унаж өсөх идэр чимэг нэмсэн. 1969, 1971, 1975, 1978 онуудад дөрөв давж Ч.Лундаа(начин)-тай тунаж, аймгийн арслан Ц.Лхамаа (начин)-тай тунаж, Д.Цэрэндаш начинд, М.Мөнгөн заан (арслан)-д тус тус унаж байсан хүчтэн. Зүүн талтай, зүүн хөл хонгодох орох, этэх, зүүн мушгиж тонгорох, давхар ачих, бусгах зэрэг мэхийг голдуу хийдэг. Мехикогийн 1968 оны XIX олимпоос чөлөөт бөхийн 78 кг-д хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын гавьяат тамирчин юм.
Д.Өлзий montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих