Монголын орчин цагийн спортод ганц нэгэн гялалзсан амжилт бий боловч өнөөдөр монголын спорт хөл толгой нь алдагдаад байгаа талаар сөхөж ярих цаг болсон мэт санагддаг тул энэхүү зүйлийг цоохорлов. Хүн бүрий миний энд бичсэн зүйлтэй санал нийлээд байхгүй нь ойлгомжтой боловч өөрийн бодлоо дэлгэбээсү:
Эрийн гурван наадмын тухайд
Өнөөдөр эрийн гурван наадам гэгч зүйл ч анхны утга учраа алдаад байна. Ер нь орчин үеийн спортын төрөл зүйл өнөөдрийн байдалд хүрээд байгаа нь монгол бөхөд буруу жишиг тогтсоноос үүдэлтэй билээ. "Хоёр Мөнх” хэмээгддэг Мөнхбат, Баянмөнх нар монгол бөхийн дэвжээн дээр ана мана өрсөлдөж эхэлснээс монгол бөх уугуул чанараа алдаж, зүй бус өрсөлдөөн гарч ирсэн үнэнээс хаашаа ч зугатах арга байхгүй. Тэд л монгол бөхийг баруун зүүн аймгаар нь талцуулан хувааж спорт дахь хагарлыг үүсгэсэн бөлгөө.
Өнөөдрийн монгол бөх гэдэг нэгийн даваанаасаа эхлээд үзүүр түрүүний бөхөд хүртэл "найраа” гэдэг зүйлийн хөлд автаж бөхчүүд наадмын талбайд барилдсан дүр эсгэж, "найраа” гэгчийнхээ жаягаар "барилддаг” болжээ. Энэ талаар барилдаан бүрий дээр харагддаг болохоор элдэв жишээ татаад яах ч юм билээ. Ямар сайндаа л Цагаан сарын барилдаан тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог учир "хамгийн шударга” барилдаан болдог гэдгийг бөх тайлбарлагчдас эхлээд бөх сонирхогчид ам амандаа ярьдаг болсон нь "найраа” гэгч зүйл өнөөдөр ямар хэмжээнд хүрснийг харуулж байнам бус уу? Улсын баяр наадмын дараа допинг хэрэглэсэн гэх бөхчүүд А.Сүхбат аваргаас эхлээд жилээс жилд давтагдсаар, хэрэг зарга болоод хэлтэй амтай алдартай цуутай нь "амныхаа сайнаар” (Аргасун хуурч хорчиийн домогт байдаг шигээр) ялж гардаг уламжлал тогтоод удлаа. Муу дээр муу нэмэр гэгч л энэ байх даа!
Морины уралдааны тухайд яриад ч хэрэг алга. Эрлийз хурлийз морь түрүүлж байна гээд нэг хэсэг нь хэл ам дэгдээхэд нөгөө тал нь "бид монгол адууны үүлдэр угсааг сайжруулж байгаа тул ямар ч цусны морьд уралдах ёстой” гээд л зөрүүдэлдэг. Ямар сайндаа л энэ 2015 оны Цагаан сарын уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг түрүүлээгүйд тооцох шийдвэр гаргаж байх билээ дээ. Хүүхэдгүй мордыг хэдэн байр ухрааж дэслэнэ гэх мэтээр аль солиорч байгааг нь хэлж барах билээ.
Сурын тухайд гэхэд "Эрийн гурван наадам” хэмээх уугуул нэртэй энэ тэмцээнд эмэгтэйчүүд охид хүүхнүүд нум татаж сум тавиад л байх юм. Энд жендер энэ тэрийг ярих нь "зохиогүй чимэг” юм. Эмэгтэйчүүд бусад уралдаан тэмцээндээ оролцдог л юм байгаа биз. Эрийн гурван наадмыг "хачирлах” хэрэггүй л юм сан.
Эрийн гурван наадам гэдгийг миний л, ойр зуурхан гадарладаг аятай орос хэлээр гэхэд л "Игра трёх мужей” гэх мэтээр орчуулсан л харагддаг юм билээ. Энд "муж” гэсэн үгнээс илүүгээр " сильный пол” гэдэг үг хэрэглэвэл арай ч оновчтой болж мэдмээр сангаддаг. Гэвч энэ бол миний гол өгүүлэх гэсэн зүйл биш учраас орхиё.
Орчин үеийн спортод хагарал гарсан түүхээс
Нэлээд олон жилийн өмнөөс монголын чөлөөт бөхийн тамирчид дэлхийд нэрээ гаргаж эхэлсэн. Анх Ж.Мөнхбат аварга Энэтхэгийн шинэ Дели хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас 1966 онд анхны хүрэл медаль авсан нь манай спортын бүх төрлүүдээс анх удаа дэлхийн аваргын медаль авсан нь болсон юм. Мөөеэ аварга 1968 оны Мехикогийн олимпийн их наадмаас мөн л чөлөөт бөхийн төрлөөс анхны мөнгөн медаль авснаар монголын чөлөөт бөх гэдэг дэлхийд данстай болж байж билээ. Энэ бол яах ч аргагүй том амжилт, монголчууд бидэндээ түүхэн үйл явдал байсан юм.
Ийнхүү чөлөөт бөхийн нэр хүнд өсөх тутам чөлөөтийхний дунд анхны хагарал гарч эхэлсэн юм даг. Энэхүү хагарлын эхлэлийг Х.Баянмөнх аварга тавьсан бөлгөө. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбоо хэмээх нэгэн байгууллагыг байгуулсан нь монголын чөлөөт бөх зэрэгцсэн хоёр холбоотой болоод үйл ажиллагаа нь цалгардаж эхэлсэн юм. Чухам эндээс үүдээд л эцсийн эцэстээ монголын чөлөөт бөхийн амжилт "тэг” зааж, дэлхий дахин монголын чөлөөт бөхөөс цэрвэдэг байсан цаг ул болсон билээ.
Өнөөдөр энэ хагарлын холын хаялага болж сагсан бөмбөгийн холбоо бие биесийг үгүйсгэсэн хоёр холбоо болж задарлаа. Яг л манайх шиг Японд сагсан бөмбөгийн хоёр холбоо үйл ажиллагаа явуулж байгаа учир Олон улсын сагсан бөмбөгийн холбоо FIBA япончуудын багийг тив дэлхийн аливаа олон улсын тэмцээнд оролцохыг нь хориглосон бөгөөд 2020 онд Японд болох олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд ч японы баг оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй буй ажээ. Монголчууд бид сагсаар дэлхийд ор сураггүй байдаг болохоор манай булхайг тэнд мэдэхгүй байна л даа. Хэрвээ Монголын сагсчид дэлхийд цахиур хагалдаг байсан сан бол бид япончууд шиг л шийтгэл амсах ёстой байсан биз ээ.
Шатрын холбоо бас л хоёр их хурал гэгчээ хийж, бас л хоёр холбоо гэж нэр зүүгээд өвөр зуураа уралцаж байх юм. Энэ маргаанаас үүдэлтэйгээр шатрын хоёр холбооны нэгний эвэртэн туурайтан Ц.Батсайхан гэгч олон улсын шүүгчийн зэргийг худал хэлж авсан энэ тэр гээд шуугиж, Олон улсын шатрын холбооноос түүний шүүх эрхийг түр түдгэлзүүлснээс тэрбээр Норвеги улсад болсон залуу шатарчдын олон улсын тэмцээнийг шүүх эрхээ хасуулж байх жишээтэй. Батчулууны ярилцлагыг харж байхад Олон улсын шатрын холбоог үгүйсгэсэн, тэдэнтэй таарамж муутай нь өөрийнх нь дурдсан хоёр баримтаас харагдаж л байна лээ. Иймэрхүү л байх юм даа. Боксын холбоо, хөл бөмбөгийн холбоо гээд цөөнгүй спорт холбоод хагарлын ирмэг дээр тулж очоод буйг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаар л байх юм. Муугийн уршиг- могойн хор гэдэг л энэ байх даа.
Хэрүүл доруулын бузар
Өнөөдөр монголын спорт холбоодын дотор хэрүүл доруул, хэл ам татладаггүй нь чухам хэд үлдээд байгааг хэлэхэд хэцүү юмны нэг болсон бололтой. Өнөөдөр дэлхийд Монголын нэрийг бусдаасаа арай гайгүй авч яваа боксын холбоо гэхэд л хагарч тасарч тангараг нь тонгорог болохдоо тулаад байгаа бололтой. Үүнд төр засгийн буруу ч бий. Бээжингийн олимпоос Д.Банди багшийн дасгалжуулсан тамирчид нэг алт, нэг мөнгөн медальтай ирэхэд түүнд хөдөлмөрийн баатар өгөөгүй, нөгөө нэг хүнээс нь илт ялгаварлан гадуурхсан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болбай. Чухамхүү иймэрхүү илт ялгаварласан төрийн алагчлал Банди багшийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн ч юм билүү, хэн мэдэх билээ.
Боохой борооноор гэгчээр Банди багшийг илт гадуурхаж байсан нь түүнийг шигшээгээс холдуулах хүсэлтнүүдийн бахыг хангаж багалзуурыг нь дэвтээсэн дэг. Өнөөдөр манай боксчдын амжилт дээсэн дөрөөтэй, утсан жолоотой л явна шүү дээ! Тус холбооныхон монголын өмнөө барьдаг таван боксчин эмэгтэйг буруутгахдаа дасгалжуулагч Б.Энхтайваныг үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар шигшээ багийн бүрэлдүүнээс хасах шийдвэр эхлээд гаргасан байх юм.
Сүүлдээ үнэнд гүйцэгдэж дээрхи шийвэрийнхээ зарим зүйлийг өөрчилсөн бололтой юм. Дасгалжуулагч гэгдэх Б.Энхтайван гэгч өндөг шиг өөгүй эр юм бол номер нэг таван тамирчнаа яагаад ийнхүү үзэн ядах болсон нь нууц хэвээрээ үлдэв. "Б.Энхтайваныг үл хүндэтгэсэн, түүнтэй зүй бусаар харьцсан, тамирчны ёс зүйг мартсан” гэх мэтээр буруутгасныг ХМХ-ээр зарлав.
Тэр Энхтайван гэгч өөрийгөө яасан их хүндэтгүүлэх дуртай амьтан бэ? Энэ үгний цаана ямар утга нуугдаж буй нь ч далд үлдлээ. Эмэгтэй тамирчид дасгалжуулагч хэмээгчтэйгээ "зүй бусаар харьцсан” гэдгийн цаана ямар зүйл нуугдаж байна? Тамирчин гурван эмэгтэй Энхтайван гэгчийг нийлж байгаад "хүчиндэх” гэсэн ойлголт ч төрж болмоор ч юм шиг. Ёс зүйгүй авирласан гэдэгтэй нь холбоод үзвэл ийнхүү бодож болохоор ажуу. Гэтэл дасгалжуулагч эр маань \ бодвол эрэгтэй хүн бололтой юм. Тийм хүнийг таньдаггүй учир эр эмийг нь мэдэх биш\ өөрөө ч ёсзүйгүй гэдгийг "Гэхдээ дасгалжуулагчийн зүгээс ч тамирчидтайгаа зүй бусын харьцаа гаргаж байсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа юм” хэмээн хэвлэлд гарснаас үзэхүл мань эр л гурван тамирчин эмэгтэйгээ дарамталсан, аягүй бол татаж чангаасан ч юм уу гэж бодол төрөхөөр зүйл бичигджээ. Ядаж монгол хэлээрээ зөв найруулан, оновчтой үг хэрэглэж сурахгүй бол энд дурдсан шигээр ойлгогдоход хүрнэ шүү дээ.
Эмэгтэй шигшээ багийг анхлан бүрэлдүүлсэн Л.Энхбаатар дасгалжуулагч <<...манайд боксын хэдэн охиныг дарамталдаг. Энд ярихаас ч зовмоор үгээр, хэлэх хэлэхгүйгээр доромжилдог. Аваад явж байгаа багш дасгалжуулагч нь хүн сонсохоос ч яс хавтаймаар үгээр хэлж, хүний нутагт хэрүүл хийж байсан. Өвөрмонголын багш нар надруу утсаар яриад "Тэр хоёр ингиж хэрэлдэж байлаа. Үнэхээр ичмээр юм. Бид танайхыг дахин урьж хамтарсан бэлтгэл хийхгүй гэж байсан” гэж байсан>> хэмээсэн үг ихийг дэлгэж баймуй.
Боксын холбооны бас нэг гайхал төрүүлсэн шийдвэр нь Х.Энхдэлгэр гэгч тамирчныг дотоод гадаадын тэмцээнд бүх насаараа оролцох эрхийг нь хасчээ. Үүний буруутан нь Энхдэлгэр өөрөө мөн боловч боксын холбооны удирдлага Энхдэлгэрийн хуурамч үйлдлийг нэлээд өмнө нь мэдсэн боловч, мэдээгүй дүр эсгэж байсан юм билээ. Хэдийбээр өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр Энхдэлгэр буруугаа үүрэх ёстой ч хэрвээ шударга ёсыг дагах аваас боксын холбооны холбогдох удирдлага ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн нь хачирхалтай. Өвөг дээдэс маань өнө эртнээс цээрлэдэг байсан хэрүүлийн бузар монгол спортод хэрэггүй л юмсан.
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь
гүйдлээ олдоггүй гэж үнэн ажээ
Ардын онч мэргэн үгнээс худлыг олно гэжу байхгүй л дээ. Тийм учраас энэ гарчиг маань "үнэн ажээ” гэсэн үгс илүүдэж байгааг би өөрөө ч ойлгож л байна. Гэвч энэ хоёр үгийг нэмбэл хайрхамжгүй заримсд хоногшиж магадгүй гэж бодож ийм гарчин бичлээ.
Манай дээдэс эрхтэн дархатнууд спорт мэдэхгүй байж мэдэмхийрхэх, спорт хариуцсан дээдэс нь ч спортын талаар манан будан дунд явж байгаа юм шиг ойлголттой байдаг талаар цөөх хэдэн баримт сөхье. Заримдаа ч нүүр хийх газар олдохгүй болох нь ч байх л юм.
Манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь улсад очиж Олон улсын олимпийн хороо \ОУОХ\-ны удирдлагуудтай уулзахдаа 2040 онд Монголд олимпийн наадам зохион байгуулна гээд л хэлчихэж байгаа юм. Түүнийхээ бэлтгэл болгож наана нь юу юуны ч наадам зохион байгуулна гэв ээ, санаандаа орсон юмыг амаараа гаргаад цацчихаж байгаа юм. Ийм ч хөгийн юм байх гэж дээ. 2020 оны зуны олимпийг явуулах хот хэдийн тодорчихоод одоо хариугүй дараагийнхыг нь тодруулах гэж байна. Өрсөлдөх гэж буй хотуудын нэр Лондон хотоос эхлээд тодорхой болчихоод байна. 2040 оны олимпийн наадам хаяанд ирчихээд байхад өнөөдрийн Монголын улсын төсөв нь тэгээс \нойлоос\ доош унаж хасах ( - ) заачихаад байж байхад хорь гаруйхан жилийн дараа Монгол орон Америк, Хятад, Орос, Англи, Франц юм уу Арабын хойгийн шейхүүдийн хэдэн улс шиг баяжаад хүчирхэгжиж амжина гэж үү? Зүүдлэх ч хэрэггүй. Олимп гэдгийг чинь мөнгөтэй улс, мөнгөөр зодож хийдэг юм. Орос, Хятад хоёр зуны олимп зохион байгуулахдаа арваад тэрбум $ зарцуулсан хэмээдэг боловч багаар бодоход л 40-50 тэрбум $ зарцуулсан нь өнөөдөр тодорхой болчихоод л байгаа шүү дээ.
Олимпийн наадамыг зохион байгуулах эрхийг тавган дээр тавиад та хүлээн авна уу? гээд бариад ирдэг юм биш. Том, баян улсууд хоорондоо чи чи дээ тулж, энгэр заамаа уралцан тэмцэлдэж байж авдаг юм. Бас дор хаяж дөч тавин сая хүн амтай улс л дааж давж гардаг юм. . Дэлхийн хөл бөмбөгийн аварга гэдэг олимпийн наадамтай харьцуулахад 126 бөхийн барилдаан шиг л юм шүү дээ, цар далайцаараа. Тэгэхэд Азийн "бар” гэгч Өмнөд Солонгос Япон хоёр хүч хавсран байж л хоёр улсдаа хувааж явуулсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Ийм байхад бид адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй юм сан.
Ерөнхийлөгчийн энэ бүтэхгүй мөрөөдлийг хотын дарга Э.Бат-Үүл дэмжээд л Хүй долоон худагт бяцхан юм босгох гэж байгаагаа дөвийлгөөд тэнд л олимпийн наадам зохион байгуулчих юм шиг залж байх юм. Хар хүний төлөө шар хүн гэгчээр тэдний төлөөнөөс олон хүн ичиж нүүр хийх газар олдохгүй болж байгаа байх даа. Манай бүх долдойлогчид, тэдний дунд спортын эвэртэн туурайтнууд, -Ерөнхийлөгч өө, энэ чинь ойрын хэдэн зуу биш гэхэд нэг зуун жилдээ бүтэхгүй зүйл гээд хэлчихэж зориглохгүй, дэмжээд л хав нохой шиг савсагнан гүйлдээд байгааг нь харахаас ой гутах юм.
Дээдэс маань суудлаа олоод суух буюу дээдэс шиг хийх хэлэх юмаа мэддэгсэн бол доодос долдойчууд тэднийг аялдан дагалдаж савсагнаж навсагнах хэрэгүй л байхгүй юу!
Олимпийн аварга, дэлхийн аварга гэдгийн ялгааг
мэддэггүй л болж таараад байна даа!
Монгол улсын тулгуур хууль- Үндсэн хуулийн биелэлтийг сахиулах үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц гэж нэг байгууллага манайд байдаг. "Үндсэн хуулийн шүүх” гэж олон улсад нэрлэдэг юм билээ. Цэц гэдэг олон утгаар хэрэглэгддэг үгийн аль нэгэн утгаар өөрийгөө нэрлэсэн энэ байгууллага спортын шан харамжтай холбоотой заргыг авч хэлэлцээд цэцэн биш буюу байгаа оноогүй, цэцгүй шийдвэр гаргасан нь харамсалтай.
Мөнгөнд дургүй хүн гэж байдаггүй боловч, шуналдаа хөтлөгдөн шулам болохоос айгаагүй нэгэнбээр Үндсэн хуулийн шүүхэд Засгийн газрыг өгч өргөдөл гаргаж олимпод багтдаг спортын төрлөөр медаль авсан тамирчид, дэлхий, тивийн аваргаас медаль авсан тамирчидад олгодог шагналыг ялгаатай тогтоосныг эсэргүүцэж үндсэн хууль зөрчсөн байна гэж заргалдаад заргаа авсан байгаа юм.Үндсэн хуулийн шүүхийн зарим гишүүд нь олимп, дэлхийн аварга гэж ялгаатай тэмцээн байдгийг мэддэггүй ч байсан юм уу, ерөөс спортын талаар ямархуу түвшний мэдлэгтэйг нь мэдэхгүй ч тааварлаж болохоор байгаа юм.
Олимпийн аварга, дэлхийн аварга гэдэг чинь \тивийн аваргын талаар бүр ч ярилтгүй\ тэмээ ямаа, тэнгэр газар шиг чанарын ялгаатай хоёр өөр зүйл байдаг юм. Дэлхийн аваргын тэмцээн гэдэг спортын бараг бүх төрлөөр жил бүрий, цөөхөн зарим спортынх хоёр жил тутам явагддаг хатуухнаар хэлэх юм бол бараг улиг болж гүйцсэн зүйл байдаг бол олимпийн наадам гэдэг чинь дөрвөн жилд ганц удаа болдог. Олимпийн аварга гэдгийн жин банг үзүүлдэг бас нэгэн үзүүлэлт бол олимпийн аварга хүнд хэзээ ч "экс” гэсэн үг хэрэглэдэггүй. Олимпийн аварга хүн насан туршдаа л "олимпийн аварга” гэсэн нэртэйгээ үлддэг. "Олимпийн экс аварга” гэж байдаггүй. Харин дэлхийн аварга бол дараагийн дэлхийн аварга тодрохтой зэрэг л өмнөх аварга нь "экс аварга” болоод явчихдаг. Тэхгэхлээр дэлхийн аварга гэдэг нэгээс хоёр жилийн настай л хэрэглэгддэг цол. Тэгээд л дэлхийн экс аварга болоод явчихдаг.
Манайхан л аль хэдийн "хүчингүй болчихсон” дэлхийн экс аваргыг "хүчин төгөлдөр” байгаа дэлхийн аварга мэтээр доргиогоод, өөрсдөө ч эгээтэй л дэлхийн аварга болчихсон мэтээр "дэлхийн аварга .. тэр, энэ” гээд л онгироож, өөрсдөө ч сагсалзаад байдаг нь өнөөгийн монголчууд бидний олон гажиг өвчний нэг л юм даа.
Дэлхийн улс орнууд олимпийн аваргаа онцгой хүндлэн дээдэлдэг бөгөөд тэдэндээ бай шагналыг ч гар таталгүй өгдөг. Харин дэлхийн аварга бол "ердийн л хүн” байдаг бөгөөд бай шагнал гээд байдгаа тэврээд гүйгээд байдаггүй. Хуучин соц-ын орнууд ялангуяа Хятад, ардчилсан Герман, ардчилсан Солонгос, Куба зэрэг орнууд л өчүүхэн нэр төрөө өргөхөөр спортыхноо их өргөдөг байсан л дээ.
Дэлхийн жишгээр бол олимпийн медальтнуудаа үнэлэх үнэлэмж ч, бай шагнал нь ч эрс ялгаатай байдаг. Засгийн газрын анхны тогтоол ч энэ л жишгийг барьсан бололтой юм. Гэтэл зориудаар заргалдагчийн аманд Үндсэн хуулийн шүүх маань орчихоод олимп, дэлхий, тив, улсын аварга нарыг зааглаж ялгаварласан нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гээд л Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож "хавтгайд нь шагнах” ёстой гэж үзсэн нь хэдэн жилийн өмнөх явдал.
Олимпид багтдаг, багтдаггүйгээр нь ялгаж үздэг нь дэлхийн жишиг гэдгийг давтан хэлье. Монголчууд самбо бөх гэгчээр дэлхийн хорь дөхсөн аваргатай. Сүүлийн үед стануудын нэгний кураш бөх гэгчээр бас л олон аваргатай боллоо. Гэвч оросууд .60-70 жил чармайгаад ч СССР гэж байсны хэдэн улс, Болгар, Испани, Монгол зэрэг хэдхэн орны хил хязгаараас хальж чадаагүй. Кураш бөх гэгчийн талаар бүр ч ярилтгүй. Нэг жинд нь гуравхан бөх барилдаад гурвуулаа медаль "хүртээд” ирж байх жишээтэй. Гэтэл олимпийн төрөл зүйл бол өөр хэрэг. Манайхан 1964 оноос анхлан олимпод оролцож эхэлж байх үед тухайн орон дуртай тамирчнаа олимпод оруулдаг байсан бол одоо олимпийн эрх авахын тулд оноо цуглуулах зэргээр олон шалгалт давж байж олимпод оролцох эрх авдаг болсон.
Олимпийн даваа өндөр гэдгийн нэг баталгаа бол "оюуны спортын хаан” гэдэг шатрын спортыг 1920 хэдэн оны үед олимпод багтаах гэхэд ОУОХ зөвшөөрөөгүй тул Олон улсын шатрын холбоо тэгвэл бид өөрсдийн олимпийг зохион байгуулна гээд хоёр жил тутам "Шатрын олимп” гэдгийг бий болгож байсан түүх бий.
Энэ бүхнээс харахад олимпод багтдаг спортын төрөл зүйлийн бай шагнал ч өөр, илүү өндөр байдаг. Улстөржсөн манай Үндсэн хуулийн шүүхийхэн үүний нарийн учрыг мэдэхгүйгээс л дээрхи бүдүүлэг шийдвэрээ гаргачихаад бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гээд пээдийн сууцгааж баймуй. Шившигтэй юм даа.
Даварсаар даварсаар Дагвын орон дээр
очдог болов гэгчийн үлгэр
Манай спортын эрхтэн дархатнууд монголын спортыг хөгжүүлэх биш, өөрсдийнхөө мөнгөний хэтэвчийг түнтийлгэх, хувийн ашиг завшаан эрэлхийлэх, өөрсдийгөө мандуулах алдаршуулахад л хамаг ажлаа чиглүүлдэг нь цөөнгүй зүйл дээр ажиглагдах юм даа. Мөнгө олох хамгийн гэм халгүй, баригдах аюул багатай нэг гарц спортын дарга нарт байдаг. Тэр бол тамирчин нэрээр тамирчин биш "туулайнуу”-нуудаас ихээхэн мөнгө авч тэднийг тэмцээнд оролцох тамирчдын багт багтаан авч явах. Мэдээж АНУ-ын 10 жилийн визийг "тамирчин”-даа даруулж чадвал авах мөнгө нь ч нэмэгдэнэ. Тамирчин нэрээр явах хүмүүсийн тоо ч нэмэгдэнэ. Ингээд л хэн хэндээ ашигтай визний наймаа цэцэглэдэг ажээ. Италын Турин хотноо болсон шатрын олипид шатрын нүүдэл ч мэдэхгүй Ариунжаргал гэгч эмэгтэй явсныг хэвлэлээр хэдэн жилийн өмнө шуугиад л өнгөрсөн.
Тамирчид маань ч багш нарынхаа мөрөөр орж арга барилыг нь эзэмшдэг бололтой. Аварга А.Сүхбат, гавъяат Ц.Энхжаргал, чөлөөтийн Н.Баярмагнай нар олон жилийн визтэй паспортаа дамласан хэрэг гарсан гээд бас л шуугиад өнгөрсөн. Энэ байтугайг "аргалдаг” юм гээд эдний зарим нь урьдах туршлагаа давтаж "аргалаад”-л эл дуулиан намдсан байх.
Визний бизнесээ өргөтгөхийн тулд аль болохоор олон спорт холбоо байгуулж уг холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга болоод авбал бизнес нь цэцэглэдгийг Д.Жаргалсайхан гэгч Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, софтболийн холбооны тэргүүн, Модон бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, болсон байсан бол Д.Бат”Эрдэнэ гэгч Даамын холбооны дэд тэргүүн, бадмингтоны холбоо, Олс таталтын холбоо гэх мэт олон газрын мяндагтан болсон байсныг бас л хэвлэлд бичсэн буй. АНУ-д тэмцээнд орно гээд баахан бөхчүүдийн нэрийг оруултал элчин сайдын яам нь зохих газраас нь лавлатал нэг ч бөх тамирчин байгаагүй гэнэ. Ингиж л визээр хөлжигсөдийн "холбоо” бий болжээ.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сүүлд ерөнхийлөгч нь болсон, "морин толгой” хэмээгч Б.Ганболд гэгч Олон улсын хөл бөмбөгийн холбоо ФИФА-гаас таван жилээр хөл бөмбөгийн ажилд оролцож болохгүй гэсэн шийтгэл авч Монголын нэрийг дэлхий дахинд бузарлав. Тэр авлига авсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогджээ. Ганболдын талаар, гадаадад "залуу амагаа дагуулан зугаацаж яваа” талаар манай хэвлэлүүдэд шуугиж л байсан. Тэр ФИФА-гаас ихээхэн хэмжээний валют авдаг боловч өөрөө түрийвчиндээ хийдэг талаар ярьж бичдэг л байсан. ФИФА-гийн мөнгөөр түүний барьсан "дээвэртэй хөл бөмбөгийн талбай” гэгч нь ямар инээдэмтэй юм байгааг зурагтаар харуулж л байсан Ийм арга хэмжээнд орсон Ганболдын "валютын хэрэг”-ийг манайхан нарийвчлан шалгаж тогтоолгүй, чимээгүйхэн дарж өнгөрөөгөөд түүний талыг баримтлагч нэгнийг хэл амтайханаар оронд суулгаснаар Б.Ганболдын хэрэг дарагдаад өнгөрч байгааа бололтой.
Таван жилийн дараа Б.Ганболд эргээд суудалдаа суухад гайхаад байх юмгүй болсон бололтой дог. Энэ нь Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг өмгөөлж манай бараг л бүх спортын холбоод буюу 51 спортын холбоод гарын үсгээ зурж хэвлэлд нийлүүлж байгаа шиг л Б.Ганболдыг өмөөрөгсөд ч илүүддэггүй юм аа гэхэд дутагдахааргүй олон байгаа бололтой.
Спортын холбоодын удирдлагуудын булхайн тухай өгүүлж байгаа болохоор Монголыг дэлхий нийтийн шившиг болгосон нэг явдлыг сөхөлгүй орхиж болохгүй нь ээ.! Шинэ ч юм биш. Монголчуудын тамын тогооны үлгэрийн л нэг л дээ. Гучаад жилийн турш дэлхийн тавцан дээр монголын чөлөөт бөхийн холбооны нүүр царай болж монгол гэсэн энрийг өндөрт өргөж явсан А.Басхүү шүүгчийг олон улсын олимпийн шүүгчийн зэрэглэлээс хасах саналыг манай чөлөөт бөхийн холбоо Олон улсын чөлөөт бөхийн холбоо буюу ФИЛА-д явуулсныг нь тэнд их л гайхашран хүлээн авсан боловч эх орноос нь ирсэн саналыг үндэслээд олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг шүүх эрхийг нь хасчээ.
Хамгийн хачирхалтай нь А.Басхүү, чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, бас яаж яваад ч юм олон улсын шүүгчийн зэрэглэлтэй болчихсон Сэрээтэр гэгчийн хамт Белград хотыг зорьжээ. Басхүү тэнд очоод олимпийн зэрэглэлийн шүүгчийн семинарт оролцож, бас Европийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх ёстой байжээ. Гэтэл тэнд очоод олимпийн шүүгчийн зэрэглэлээ алдсанаа мэджээ. ФИЛА-гийхан танай холбооноос л ийм санал ирүүлсэн гэдгийг ч хэлсэн байна. Ингээд тэнгэрт хэлье тэнгэр хол, газарт хэлье газар хатуу гэгч болжээ. Харин хамт явсан Сэрээтэр гэгч нь уг явдлыг мэдэж байсан л гэж хэвлэлүүдэд бичсэн. Тэр Сэрээтэр гэгч эрхэлдэг албаны хувьд ч, магадгүй Басхүүг унагах бичгийн уг холбооны нэгэн эвэртэний хувьд ч мэдэж л байсан гэдэг хар юуны түрүүн сэтгэлд бууж байгаа юм.
Дэлхийн аль ч орон аль болохоор олон улсын зэрэглэлтэй шүүгч олонтой байхыг эрмэлздэг бол манайх хоёрхон шүүгчтэй атлаа дэлхийд танигдсан ганц шүүгчээ хасах санал гаргасан нь эрүүл байтугай солиотой хүний толгойд ч багтахгүй биз ээ гэж бодном. Энэ бүхний цаана хуйвалдагчдын томоохон явууллага байгаа нь хэнд ч тодорхой. Хамаг учир нь тэр үеийн Монголын чөлөөт бөхийн холбоог тэргүүлж байсан бөгөөд одоо хүндэт ерөнхийлөгчийн сэтэртэй буй Чинбат, мөн Сэрээтэр нар л хамаг учрыг мэдэж байгаа биз. Тэд юу гэж далан булчирхайгаа тоочих вэ дээ! Ингиж л монголчууд монгол хүнд итгэж болохгүй гэдэг "мессеж”-ийг дэлхий дахинаа цацаж Монголыг дэхийн шившиг болгосон юм даа.
Үндэсний болоод чөлөөт бөхийн заримуудын шившигтэй хорт явууллагын талаар тусад нь бичихээр үлдээв. Энэ өгүүллийн хэмжээ дамжаа нь хэт суначихсан учир ийнхүү таслан хувааж бичихээр шийдэв.
С.ЛОЧИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих