Даян дэлхийн энх тайван болоод бүс нутгийн аюулгүй байдлын төлөөх үйлсэд нэгдсэн олон үндэстэний цэргүүд Монгол Улсад айлчлан ирлээ. Учир нь олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын "Хааны эрэлд-2015” өнгөрсөн бямба гаригт Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэлсэн юм. Сургалтыг 2003 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн командлалтай хамтран зохион байгуулж ирсэн ба 2006 оноос олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага болж өргөжсөн билээ.
Тэгвэл энэ жилийн "Хааны эрэлд-2015” сургалт, дадлагад 23 орны 1224 цэрэг оролцож байгаа нь тус сургалтын цар хүрээ хэрхэн өргөжин тэлснийг харуулна. Энэ жил АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал манай улстай хамтран үндсэн зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд "Кhaan quest-2015” сургалт, хээрийн дадлагын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож үг хэлсэн юм. Тэрээр "Ес дэхь удаагаа болж байгаа олон улсын цэргийн сургууль их өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Манай оролцож байгаа бүрэлдэхүүн энэ сургалт, дадлагыг дуусгаад шууд Өмнөд Судан руу энхийг сахиулах ажиллагаанд явна. Олон улсын цэргийн хамтын ажиллагааны нэр хүндтэй сургалт болж, харилцан туршлага солилцож байгаагаараа их онцлогтой” гэлээ. Мөн Хуурай замын цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын цэргийн алба хаагчид оролцогчийн статустай оролцож байгаа юм байна.
Мөн энэ жилийн "Кhaan quest-2015” сургалт, дадлагад Бүгд Найрамдах Чех улсаас 25 хүнтэй салаа анх удаа Европ тивийг төлөөлөн оролцож байгаагаас гадна БНХАУ, Филиппин, Япон улсын бие бүрэлдэхүүн мөн анх удаа зорин иржээ. Ийнхүү нэгэн тангараг дор нэгдсэн олон үндэстний цэрэг армийнхан энэ сарын 20-ноос ирэх сарын 1 хүртэлх хугацаанд хээрийн сургалт, дадлага, Эмнэлгийн болон барилга инженерийн хамтарсан хүмүүнлэгийн ажиллагаанд нэгдэн оролцож байна. Тус сургалт, дадлага нь олон улсын цэргийн албан хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэлэн байдлыг хангахаас гадна энгийн иргэдэд цэргийн хамтын үйл ажиллагааг танилцуулах, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох нэгэн зорилгын дор цэргүүдийг нэгтгэдэгээрээ онцлогтой.
Ажиллагааны үеэр цэргүүд команд штаб, хээрийн сургууль, хичээлийн цэгийн сургалт, амьд гарах арга ухааны дамжаа, усан эргүүлийн сургагч багш, мал эмнэлгийн үйл ажиллагаа, төрөл бүрийн зэвсэг техниктэй танилцах гээд олон төрлийн сургалт, дадлагыг хамтран гүйцэтгэж, харилцан туршлага солилцох юм. Тухайлбал, Барилгын хамтарсан ажиллагаанд гурван улсын 115 цэргийн алба хаагч Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль болон зургадугаар цэцэрлэг дээр хүмүүнлэгийн ажиллагаа явуулах юм. Хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд агуулахын байрыг хүүхдийн эмчилгээний өрөө болгож тохижуулах, цахилгаан монтаж, гэрэлтүүлэг, цонх, хаалга солих, сургуулийн гадна талбайг тохижуулах зэрэг ажил хийх юм байна.
Харин эмнэлгийн хамтарсан ажиллагаанд Монголын талаас дотор, мэдрэл, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, шүд, нүд, хүүхэд, нөхөн сэргээх, мэс засал, дүрс оношлогоо, арьс харшил, сэхээний нарийн мэргэжлийн эмч, сувилагчид оролцож, АНУ, Канадаас эхо, нүдний багаж төхөөрөмж, оношлогооны тест, авчирах юм. Бие бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг ашиглан иргэдэд долоо хоног эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ. Энэ үеэр өдөрт 500-600 хүнд үзлэг хийж, нийт 4500-5000 хүн хамруулахаар төлөвлөжээ. Мөн тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна.
Г.ЦЭВЭЛМАА
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих