Хөшөөг тус сумын уугуул сийлбэрч,
дархан Бодонгууд омогой Манзааров Цэрэнжавын Лувсандаш болон түүний гэр бүлээс
сумынхаа түүхт ойдоо зориулан сумын төв талбайдaa хийхээр болсон байна. Ага
нутгийн буриадуудын шилжилт хөдөлгөөний удирдагч Нанжины Санжаа нь 1861 онд Ага
нутагт мэндэлжээ.
Дэлхийн 1-р дайны үед Орос орон даяар өрнөсөн цэргийн дайчилгаанд 1916 онд Ага нутгийн 300 хөвгүүд цэрэгт дайчлагдахад Н.Санжаа тэднийг ахлан хориглолт, бэхлэлт байгуулах хүнд хүчир ажил хийж явжээ. Санжаа нь Орос хэл бичигтэй боловсролтой хүн байсан тул буриад цэргүүдийн төлөө Оросын дарга нартай харилцаж, тэдэнд шийдвэртэй хариу шаардага тавьж, бас ч үр дүнд хүрдэг байжээ. Энэ үеэс удирдлаганд нь явсан буриад дайчид Санжаа ноён хэмээн хүндэтгэн нэрийдэх болсон. Орос оронд Октябрийн хувьсгал ялахад 1918 оны эхээр гэр бүл, төрөл төрөгсөд, нутаг нэгтнээ дагуулан Ага нутгаасаа гарч Улз, Ононы биед ирж нутаглажээ.
1920 онд Гамин болон цагаантны үймээн самуунтай хүндхэн жилүүдэд Монголд хувьсгал гарч харь нутгаас нүүдэллэн ирж суурьшсан буриадуудын өмнө цаашдын хувь заяагаа шийдвэрлэх асуудал тулгарсан. Иймд 1921 онд Санжаа ноён, Содномын Раднаабазар гэдэг хүнтэй Нийслэл хүрээг зорьж Монголын Засгийн газраас 10 жил суух зөвшөөрлийг авч хэргээ бүтээн 1922 оны хаврын тэргүүн сарын эхээр эх нутагтаа буцан иржээ. Улмаар Монгол газар ирсэн буриад нарыг Монголд дагаар оруулах, Засаг захиргааны зохион байгуулалтанд орох зэрэг асуудлыг Нанжины Санжаа удирдан зохион байгуулж байсан байна. Тэрбээр 1924 онд Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон олон чухал асуудал дэвшүүлсний зэрэгцээ Монгол улсын анхдугаар үндсэн хууль боловсруулан батлахад болон БНМАУ-ыг тунхаглах түүхэн явдалд биечлэн оролцсон төрийн зүтгэлтэн юмаа.
1930 онд Халх Нөмрөгийн буриад хошуу татан буугдаж сумын зохион байгуулалтанд шилжсэн бөгөөд Халх Нөмрөг ба Сүмбэр Могойт гэсэн 2 том сум байгуулагджээ. Энэ хугацаанд Халх голоос албан шахалтаар нүүсэн буриад зон 1935 онд Баянгол хэмээх газар нутаглаж одоогийн Цагаан-Овоо сум байгуулагдсан түүхтэй.
Шинэ газар нутагтаа суурьшиж амжаагүй байтал их хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрч нас сүүдэр 77 хүрч явсан Санжаа ноёныг 1937 оны 12-р сард баривчлан 1938 оны 2-р сарын 11нд цаазаар авчээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих