Өвгөн ах нь уг нь эрчим хүчний хүн. Монгол Улсын гэрэл гэгээ, хоймор нь болсон салбартаа 50 шахам жил зүтгэж. Засварчнаас станцын дарга хүртэлх бүхий л албан тушаалыг хашиж, энэ хугацаанд. Алдаж оносон нь ч бий л байх. Өнөөдөр амьдралын их хүрдний орой дээрээс өнгөрснөө эргээд харахад оносон нь илүү байгаад заримдаа өөрөөрөө бахархаж л суух юм. Үнэнийг хэлэхэд, нас гэдэг тоо юм байна шүү дээ. Намайг хар л даа, дал гарчихаад уурхайн дарга хэмээгдэн залуучууд тойруулаад сууж байна.
Би эдэнд даргалж юу шалихав. Амьдралаас олж авсан жаахан жуухан юмаа л хэлж өгөхөөс хэтрэхгүй. Эд маань намайг аваад явчихаж байгаа хэрэг” хэмээн чин сэтгэлээсээ хүүрнэж суугаа эрхэм бол Дорнод аймгийн "Адуунчулуун” ХК-ий ерөнхий захирал Баттогтохын Шатар гуай.
Эрчим хүчнийхэн төдийгүй дорнод түмний хайр хүндэтгэлийг хүлээн хийж бүтээхийн төлөө сэтгэлээ чилээх түүний хэн хүнгүй л Өвгөн дарга хэмээн хүндлэх. Орцны үүдний сандал дээр сууж байсан хоёр бяцхан охин Шатар гуайг машинаасаа буухад "Өвгөн дарга” ирж байна гээд гүйгээд хүрэх. Хөгшин ч халаасаа тэмтрэх. Багачууд Шатар гуайг ийм л нэртэй хэмээн боддог нь харваас илт. Ийм нэг бодь ертөнц Дорнодын талд аж төрж буй.
Шатар гуай өөрөө ингэж тодорхойлсон хэрэг. Үзэсгэлэнт байгаль эхийн туг сүлд нь болох дэрвэх Арын сайхан хангай бол өвгөн даргын төрж өссөн нутаг. Тодруулж хэлбэл, Архангай аймгийн Хан-Оюут сум. Эдүгээ Эрдэнэмандал хэмээн нэрлэж буй. Түүхийн шар хуудсыг сөхөх аваас 1958 онд Хан-Оюут сумыг засаг захиргааны нэгжид хуваан Эрдэнэмандал, Хайрхан гэж салгаж, Хан-Оюут сумыг багийн төв болгосон аж. Шатар гуайн хувьд 1943 оны хүүхэд. Эцэг Баттогтохыгоо цэргийн албанд мордсон хойно төрсөн гэнэ.
Тиймээс ээжийнх нь аав гал голомтод нь төрсөн ач минь хэмээн өөхөнд хучигдсан бөөр адил газар тавилгүй өсгөж. Хүүхэд насныхаа аз жаргалын тухай өвгөн дарга " Би дөрвөн ой хүрэхээс өмнөх зүйлээ санадаггүй юм. Нэг өдөр ширэн богц ташаандаа шидсэн багийн ухуулагч морины уяан дээр дэвхрэн буугаад " Ардуудаа дайн дууссан” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор хашгирч билээ. Эл явдлаас хойш удалгүй аав минь цэргээс халагдаж ирсэн. Тэр үед захиа занаа ховор учраас хүү төрснийг нь ч мэдэлгүй алба хаасан байдаг.
Дөрвөн жил хүлээсэн бүсгүйнхээ гэрт ирээд цай ууж суух зуур саалиндаа гарсан эмэг эх "Тулганы захад Шатарыг орхичихсон юмсан” гэсээр орж ирж л дээ. Тэгэхэд хойморт суугаа аав минь тоглодог шатараа л тулганыхаа захад өрөөд орхисон юм байх гэж бодож суусан гэдэг. Аав маань гэр барьж гэргийгээ ёсолж авахад би хоёр хөгшинтэйгөө л үлдсэн. Голомтод төрсөн учраас хөгшчүүл өгөөгүй хэрэг” гэж дурссан.
Тэрбээр цааш нь "Би гэдэг хүн цагаан толгойн "Ц” үсгийг хоёронтоо үзсэн дамшиг байгаа юм. Улирч барьсан юм биш. Хөгшчүүлд хоргодсоор, тэд бага юм, нялх амьтан хэмээн өвөртөлж унтсаар 10 хүргэчихсэн байхгүй юу. Тэгээд багийн даргын албан шаалтаар "эмээтэйгээ” нэгдүгээр ангид элсэн суралцав. Тэгж байтал Улаанбаатар хотод, Төв бараа бааз гээчид ажилчин элсүүлж байна гэх зар хөдөөд салхиар тарж, аав ээж хоёр мал хуйгаа ах дүүстээ тарааж өгчихөөд хотын айл болохоор ачаалах нь тэр.
Намайг ч авч явах юм болж улмаар эмээ хүү хоёр залуучуудыг даган задгай машины тэвшин дээр суусаар нийслэлд хөл тавьсан юмдаг. Багийн төвийн бага сургуулийн хөдсөн дээлтэй сөөсгөр бор хүү нийслэлийн дөрөвдүгээр бага сургуулийн нэгдүгээр ангид шилжин ирэхэд нутгаас гарахад нь зааж байсан "Ц” үсгийг нь зааж байжээ. Харамсалтай нь хүүд нийслэл хотын аж байдал зохисонгүй, шар өвчин тусч улмаар сургуулиа орхиход хүрсэн аж. Эмээ хүү хоёр баяртай нь аргагүй нутагтаа өвөлжчихөөд намар буцаад ирэхэд гэр нь Толгойт руу нүүсэн байсан тул тэндэхийн бага сургуулийн нэгдүгээр ангид дахин суралцаж, мөнөөх үзээд барагддаггүй "Ц” үсгээ дахиад л нүдлэх нь тэр.
Бас нэг инээдтэй түүх гэвэл БНМАУ-ын иргэн болохыг баталгаажуулсан паспортыг насаа дарж авсан явдал. Эцэг эх хоёроо даган цэргийн даргын хүүхэд адил хэдэнтээ шилжилт хөдөлгөөн хийсэн хүү Зүүнхараа хотын арван жилийн сургуулийн зургадугаар ангид сурч, дотуур байранд "атамандаж” явтал улс даяар паспортжуулах хөдөлгөөн өрнөжээ. Шатар хүү эцэг эх мэдэж байгаа биз хэмээн тоосон ч үгүй. Хавар, хичээлээ тараад гэртээ иртэл "Энэ чиний паспорт” гэсээр улаан хавтас өгөв. Дэлгээд үзэх нь ээ, насыг нь хэдэнтээ дарчихсан, хэдхэн хоногийн өмнө 16 нас хүрснийг илтгэх он сар дурайж байлаа. Эдүгээ ч тэр л нас дарж авсан паспортынхоо он сар өдрөөр явдаг гэсэн.
Шатар гуай анх нутгаасаа гарахдаа сумын нарийн бичгийн даргаас ийм захиас даалгавартай гарсан юм билээ. Эмэг эхийгээ асрах үүрэг хүлээсэн Шатар хүү сумынхаа долоон жилийг дүүргэн, өөрийн хүслээр техникумд суралцах саналаа өгч. Тэгтэл яг тэр хавраас БНМАУ-ын боловсролын систем арван жилийн тогтолцоонд шилжихээр болж, нэг ч хүүхдэд техникумын хуваарь өгч болохгүй гэх хатуу шаардлага бүхий албан бичиг Эрдэнэмандал сумын захиргаанд ирсэн байна. Хайртай эмээ нь бурхан болсон түүнд нутагтаа хоргодох зүйл байсангүй. Өвөг дээдсээс үлдсэн цөөн хэдэн малаа нэгдэлд хүлээлгэж өгөөд нийслэлийн зүг мордов.
Гэр орноор нь орж гарч байх байхгүйгээ хуваалцаж явсан нутгийнх нь ах "Манай хамаатан нисэхэд байдаг юм. Бүүмэдэх, Хэнмэдэх, Үлмэдэх гэж ах дүү гурван нисгэгч бий. Би эдэнд чамайг политехникумд оруулж өгөөрэй эсвэл ажилтай болгож өгөөрэй гэж захидалдаа дурьдлаа.Политехникумын цахилгааны анги л хоолонд чинь залгуулна шүү хэмээн захиж. Нутгийн ахын захиас ёсоор политехникумыг сурагласаар очвол хэдийнэ элсэлт дууссан байв. Гэвч хөдөө, орон нутгаас түүний адил олон хүүхэд хугацаанаас хоцорч ирсэн байж таарсан тул шалгалт өгөхөөр болжээ.
Долоон жилийн үнэмлэх олж авах гэж хэдэнтээ сургуульд суусан түүнд шалгалтад тэнцэхгүйн зовлон байсангүй. Оюутнуудын жишгээр намрын ажилд Баянцогтын САА-руу явж, ирээд ангидаа орвол нэг дор гурван Шатарыг хуваарилжээ. Оюутны дөрвөн жилийн завсар дунд нь цэрэгт алба хааж хүртэл амжив. Ингээд 1965 онд сая нэг сургуулиа төгсөн ажил амьдралын далайд хөл тавин Толгойтын цахилгаан станцад засварчнаар хуваарилагдах нь тэр. Сургууль төгсөхийн өмнөхөн захирал багш Пүрэвхүү нь дуудан гадаадад сурах нэг хуваарь ирлээ, чи яв гэж. Эхнэр авч хүүхэдтэй болсон залуу аавд цааш сурах тухай бус ажилтай болж цалингийн бараа харах нь чухал тул ангийн даргадаа хуваариа өгснөөр ажилчны эгнээнд шилжлээ.
Хятадын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан болоод тэрүү хятад мэргэжилтнүүд бужигнасан хамт олон дунд яваад орчихож. Ажилдаа дуртай, үнэн сэтгэлээ зориулдаг тэрбээр нэг л мэдэхэд өсч дэвжин мастер болсон төдийгүй МУИС-ийн дэргэд байгуулагдсан эчнээ ангийн анхны оюутан боллоо. Дулаанаар мэргэшсэн тэрбээр цахилгааны инженерийг илүүд үзэн сонгон суралцаж, диплом хамгаалах дээр тулаад байтал Гэгээрлийн яамны шийдвэрээр өргөтгөл хийгдсэн II цахилгаан станцад ажиллах үндэсний боловсон хүчин хэрэгтэй байна.
Тиймээс дулаанаар сурч байгаа оюутнуудыг өдрийн ангид курс ухраан шилжүүлэн сургах тухай Сайдын тогтоол гарч жил ухраад гуравдугаар дамжаанд өдрөөр суралцах болж. Гэтэл сургуулийн декан Ренчиндорж нь юу гэж курс ухраадаг юм, шууд төгсөг гэснээр асуудал шийдэгдэн, дулааны гуравдугаар цахилгаан станцад өндөр даралтын зуух хариуцсан цехийн мастераар ажиллаж эхэлсэн гэдэг.
Шатар гуайн жишгээр тэр хавар 30 гаруй оюутан түргэвчилсэн сургалтаар дулаан цахилгааны инженерийн диплом өвөртөлсөн гэнэ билээ. Тэдэн дунд нас, ажилласан жилээр ахмад нь Шатар дарга байж. Тодруулж хэлбэл 34-тэй. Эдүгээ ангийнх нь андууд бүгд тэтгэвэрт суун, цахилгаан станцын ахмад ажилчид болцгоосон байхад Шатар хүү л ануухан, залуухан, залуучуудтай бужигнасан хэвээр. Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн А.Телейхан өвгөн даргын ангийнх нь анд юм билээ.
Энэ эрхэм хүн эрчим хүчний салбарт 50 шахам жил зүтгэхдээ бүхий л цахилгаан станцад засварчныг нь, трубин цехийн мастер, цехийн дарга, ерөнхий инженер, даргаар ажиллаж байсан байх юм. Монгол Улс зах зээлд шилжин дээр дооргүй бужигнан цахилгаан станцууд эдийн засаг болоод техникийн хүнд нөхцөлд ажиллаж байсан тэр он жилүүдийг амжилттайгаар давж гарсны ард өвгөн дарга Б.Шатар шиг олон шилдэг дарга, инженерүүд унтах нойроо умартан зүтгэж байсан билээ.
Жишээ татая л даа, Багануурын уурхайд осол гарч Багануур дүүрэг бүхлээрээ хөлдөж эхэлсэн тэр жил Түлш эрчим хүчний сайд тушаал гарган Шатар тэргүүтэй инженер техникийн ажилчдын илгээн аварч байсан удаатай. Хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд ирэхэд нь түүнийг Сайдын тушаалаар хоёрдугаар цахилгаан станцын даргаар томилсон байлаа. Түүнчлэн гуравдугаар цахилгаан станцийн өндөр даралтын станцад осол гарахад станцын хэвийн ажиллах нөхцлийг хангах хариуцлагатай үүргийг түүнд тухайн үеийн эрчим хүчний сайд өгч байв. Гэхдээ түүнд амжилт дардан замаар ирж байгаагүй. Хүний үйл ажиллагаанаас бус техник технологоос шалтгаалах алдаа гарахад тэр ч бас бусдын адил давхар буруудаж явсан.
Цаг үе нь тийм байсан хойно яалтай билээ. Дулааны хоёрдугаар цахилгаан станцад хоёр жил ажиллаж байтал яам дуудан ажил нь тааруу байгаа Дархан, Дорнодын дулааны цахилгаан станцын аль нэг дээр очиж ажилла гэх даалгавар өгөхөд нь салбарын хэмжээнд ажил байдлаараа хамгийн сүүлийн байрт яваа Дорнодын дулааны цахилгаан станцыг сонгосон гэдэг. Тэрбээр Адуунчулуун, "Дорнод- Монгол” геологийн анги, дулааны станц гэсэн нэг яамны гурван байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэж, нэгэн зохион байгуулалттай болгох асуудлаар ажлаа эхэлсэн түүхтэй.
Тэр санасандаа хүрсэн. Жилийн дараа ажлыг нь шалгахаар ирсэн нөхдүүд янз бүрийн хэлбэрээр шалгаж үзээд эцэст Дорнодын дулааны станцын ажил эрс сайжирсан байна гэх дүгнэлтэд санал нэгтэйгээр гарын үсэг зурсан аж. Ингэж салбарын хэмжээнд ажил үйлсээрээ анх удаа дээрээсээ хоёрт бичигдэж, Шатар дарга бусдын өмнө нүүр бардам алхах үйлийнхээ эхлэлийг тавьжээ. Яам түүнийг энэ удаад бас зүгээр байлгасангүй, ээлжит томилолтоо өвөртлүүлэн дөрөвдүгээр цахилгаан станц руу илгээв. Төвхнөж амжилгүйгээр дахиад л нүүх нь тэр. Гэвч энэ асуудал биш байлаа. Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, станцын залуус нийгэм, цаг үеийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулан угтжээ.
Дээр нь улс мөнгөгүйгээс станц цалингаа тавьж чадалгүй хоёр сар болсон байв. Тиймээс тэр улсын хэмжээнд валютаар гүйлгээ хийдэг уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн хөлд суух хэрэгтэй болж улмаар Итгэлт баяны аргаар Эрчим хүчний яамны данс руу бус станцынхаа данс руу гурван мянган ам.долларыг шилжүүлүүлж, түүгээрээ мазут, сэлбэг материал, төмөр замын төлбөрийн асуудлаа шийдсэний зэрэгцээ ажилчдынхаа цалинг тавьж, урмыг нь сэргээв. Энэ тухайгаа тэрбээр "Байгууллага хоорондын харьцаа, гэрээ хэлцэл чинь хүмүүс хоорондын харилцаа байдаг юм” гэж тэрүүхэндээ томорсон. Зээлийн нөхцөл нь Эрдэнэт үйлдвэрээс мэргэжилтэн ажиллуулах тухай. Үүндээ амташсан Шатар захирал олон улсын Жайка байгууллагаар хөрөнгө оруулалтаа шийдүүлэхээр толгой мэдэн Токио гараад туучихсан гэнэ. Тэр том байгууллагын ерөнхийлөгчтэй уулзана гэдэг санаан зоргын зүйл биш шүү дээ. Тиймээс Номун хааны нэрийг бариадахсан чинь хүлээж авч уулзан санаа бодлыг нь сонсчээ.
Тухайн үедээ асуудлыг шийдээгүй ч Жайка эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх үндэс суурийг нь Шатар захирал тавьсан болохыг энд онцлохгүй өнгөрч боломгүй мэт. Дашрамд өгүүлэхэд, түүнийг дөрөвдүгээр цахилгаан станцын даргаар ажилласан он жилүүдэд хоёр хөдөлмөрийн баатар төрсөн, ажилчдын орон сууцыг санаачилан хөнгөлөлттэй үнээр ажилчиддаа олгосноор олон хүн өөрийн гэх орон байртай болсон доо хэмээн гэж станцынхан эдүгээ дурсан ярьдаг юм билээ. Төр, засаг ч түүний гавьяа зүтгэлийг үнэлэн төрийн дээд шагнал болох Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаасан байдаг.
Төвийн бүсийн том том ордтой харьцуулахад Адуунчулууных жижиг боловч нүүрсний салбарт гүйцэтгэсэн үүргээрээ дээрээсээ хоёр дахь ах нь гэж болно. Хагас зуун жил дээр арвыг нэмээд гэвэл” Адуунчулуун” ХК байгууллагдаад хэдэн жил болж буйг түвэггүйхэн ойлгох биз. Шатар гуайн хувьд сүүлийн 15 жил тус уурхайг удирдаж яваа. "Эрчим хүчний хүн яаж яваад уурхайтай холбогдчихов оо” хэмээн хэрэгт дурлахад тэрбээр "Цахилгаан станц уурхай хоёр бие биегүйгээр оршин тогтнохгүй шүү дээ.
Уурхайн нүүрсний чанарт тохирсон технологи нэвтрүүлдэг. Тиймээс засварчин байхаасаа л уурхайнуудаар явж, тэдний жаргал зовлонгоос хуваалцаж явлаа. Дөрөвдүгээр цахилгаан станцын даргын ажлаа өгөөд Монгол-Оросын хамтарсан компани байгуулж ажилласан. Манай компани Дарь-Эх, Нисэх, Яармаг, Ховд, Хөвсгөл гээд баруун таван аймгийн цахилгаан дулаан, усан хангамжийн асуудлыг цогцоор нь шийдсэн буянтай байгууллага. Яг үнэнийг хэлэхэд, би Дорнодод өөрийгөө сорихоор ирсэн.
Тухайн үед уурхайн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр маань уурхайн даргаар ажиллаж байгаад улс төрд орж, төр түшилцэхээр мордохдоо уурхайн даргын албан тушаалыг санал болгосон. Энэ бол 2004 он. Уурхайтай хувь заяагаа холбосон хэдэн жилд зүгээр суусангүй. Техникийн парк шинэчлэлтийг хийж, улсад жилд тэрбум төгрөгийн татвар төлж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухай бүрт нь хийж, уул уурхайн салбарт үлгэр жишээ байгууллага болохын төлөө хичээн зүтгэж явна.
Эдүгээ манай хамт олон зөвхөн Цахилгаан станцыг нүүрсээр хангах бус дэлхийн дэвшилтэд технологитой хөл нийлүүлэх зорилт тавин нүүрсээс шингэн түлш, ахуйн газ гаргаж авахаар мэрийн ажиллаж байна даа” хэмээсэн. Адуунчулууны уурхайн талаар уншигч та андахгүй болохоор дахин энэ талаар өгүүлэх нь илүүц юм. Харин Шатар дарга ирээд өөд татаж чадсанд л хэргийн учир оршиж буй.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ч.Чулуунцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих