Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит "Гран-При” олон улсын тэмцээн ХХҮII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод явагдаж, эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй нийт 107 тамирчин өрсөлдсөнөөс 5 улсын бөх медаль хүртжээ.
ОХУ-ын эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Юрий Шахмурадов И.Ярыгиний нэрэмжит "Гран При” тэмцээний талаар дүгнэн ярьж байна. "Монголчуудын ачаар бид Японы эмэгтэй бөхчүүдийг өөрөөр хардаг боллоо. Энэ утгаараа тэмцээн их ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Өмнө нь Оросын эмэгтэйчүүд Японы бөхчүүдээс айдаг, барилдаж чаддаггүй байлаа.
Каори Ичо Монголын П.Орхонд ялагдсаны дараа бүгд япончуудтай тэмцэж, тэнцүү барилдаж болох юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ манайхан одоохондоо ур чадвар арай л дутуу байгаа. Каори Ичо 30 настай ч чөлөөт бөхөөр 25 жил хичээллэж байна. Тэд таван наснаасаа л бөх барилдаад эхэлдэг. Харин манайд тэгэж болохгүй, албан ёсоор 10 нас хүрч байж л чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвшөөрдөг. Монголчууд хүчтэй байна. Гэхдээ тэд 22 хүнтэй том баг ирсэн, дээр нь манай шилдгүүд Франц, Бразилд тэмцээнд оролцоод эзгүй байсан болохоор тэд амжилттай барилдах нь аргагүй. Воробьева, Стародубцева, Малышева нар байсан бол манай баг хүчирхэг байх байлаа. Оросын шигшээ баг олимпийн эрх аваагүй байгаа жингүүддээ эрх авахаар хичээх болно. Удахгүй Сербид Европын тэмцээн, дараа нь Монгол, Туркт эрх олгох тэмцээнтэй. Европын АШТ ч биднийг хүлээж байна. Ажиллах хэрэгтэй” гэжээ.
ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Омар Муртузалиев ч Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө монгол бүсгүйчүүдээс эмээж байгаагаа нуусангүй. Тэрбээр монгол эмэгтэйчүүд удахгүй дэлхийд тэргүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.
- И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд Оросын бүсгүйчүүд дөрвөн алтан медаль хүртлээ.
- Манай шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоогүй болохоор үзүүлсэн амжилтад сэтгэл хангалуун байна. Зарим жинд угаасаа түрүүлэх бололцоогүй байсан гэдгээ ойлгож байгаа. Монголчуудын ур чадвар маш их өссөн байгаа нь сэтгэл түгшээж байна. Удахгүй тэд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ертөнцөд шилдэг нь болохоор япончуудтай өрсөлдөж эхлэх нь гэсэн сэтгэгдэл төрсөн.
- Манайхнаас хэний барилдаан танд хамгийн их таалагдав?
- Инна Тражукова. Энэ жинд түүнээс гадна Валерия Лазинская гэсэн бас нэгэн лидер байна. Тэдний өрсөлдөөн багт сайнаар нөлөөнө.
- Домогт Каори Ичо энэ тэмцээнд ялагдлаа.
- Олимпийн хошой аварга Арсен Фадзаев бид хоёр энэ талаар ярилцаад "Мөнх юм гэж байхгүй” гэсэн гүн ухаанч дүгнэлт гаргасан. Эрт орой хэзээ нэгэн цагт залуучууд алдарт тамирчдыг шахан гаргах цаг ирдэг. Алдарт Каорид юу тохиолдсон, яасан нь тун ойлгомжгүй. Гэхдээ ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээнд түрүүлж, манай Наталья Гольцийг ялсан монгол охин үнэхээр ялах гэсэн чин хүсэл эрмэлзлийг харуулж чадлаа. Тийм болохоор Каориг өөр хэн ч биш монгол бүсгүй ялсан нь нэг талаар бэлгэдэлтэй хэрэг гэж бодож байгаа. Монголчууд тал бүрээс л шахаад эхэллээ. Тэд хэд хэдэн эмэгтэй дэлхийн аваргатай болчихлоо. Монголын Эзэнт гүрний довтолгоо шиг л юм болж байна. Тэднээс хоцрохгүйн тулд манай эмэгтэйчүүд маш их ажиллах хэрэгтэй. Жил дөнгөж эхэлж байна. Хүнд хэцүү ажил биднийг хүлээж байгаа тул би эмэгтэйчүүдийн багийг гараа хумхин суулгүй, хичээн зүтгэж, ялалт байгуулахыг уриалж байна.
Энэ удаагийн И.Ярыгиний тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн олон улсын тэмцээн уралдааны календарийг өөрчлөн шинэчлэхээр болсоноо зарласан. Ирэх жилээс олон улсын том тэмцээний бүхий л шаардлагыг хангасан таван супер цуврал тэмцээн зохион байгуулах болно. Тийм болохоор энэ жил болох бүх Гран При тэмцээнүүд ирэх жилээс эхлэх супер цувралын таван тэмцээнд багтахыг эрмэлзэн зүтгэж байгаа аж.
М.Сугар-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих