Грекийн эрх баригчид Балканы хойгт хил хааснаас болж тус улсад нэвтэрсэн дүрвэгчдийн тоо гурав дахин өсч 70 мянгад хүрч магадгүй хэмээн болгоомжилж байна. Грек улсын Цагаачдын асуудлыг хариуцсан сайд Йанис Музаласын мэдээлснээр тус улсад одоогоор 22 мянган дүрвэгч ирээд буй гэнэ. Грек бол Ойрхи Дорнодоос ирэх дүрвэгчдийн хувьд Европ руу гарахад яалт ч үгүй дайрч гардаг улс юм.
Сүүлийн үед Словени, Хорват, Македони улсууд өдөр бүр 580 хүртэлх тооны дүрвэгч хүлээж авах хязгаар тавьсан тул Грект ирсэн болон тэндээ үлдсэн цагаачид ихэсчээ. Өмнө нь Австри улс цагаачлалын хүсэлт гаргасан дүрвэгчдийн 80 хувьд нь зөвшөөрөл өгнө гэсэн журам гаргасан. Түүнчлэн Австрийн эрх баригчид өдөр бүр тус улсын нутгаар 3200 дүрвэгч дамжин өнгөрөөх хязгаар тавьжээ.
Афины эрх баригчид Венаг дүрвэгчдийн Европ руу явдаг Балканы хойгийн чиглэлд саад болж байна гэж буруушаасан байна. Харин Австри болон Балканы хойгийн орнууд Грекийг хилээ хамгаалж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ. Энэ он гарснаас хойш Европын орнууд 120 мянган дүрвэгч хүлээн авчээ. Өнгөрсөн жил Эгейн тэнгисиийг дамжин Туркээс Европт хоёр сая хүн дүрвэж очсон байна.
МЕРКЕЛЬ ДҮРВЭГЧДИЙН АСУУДЛЫГ ХАМТДАА ШИЙДЭХИЙГ УРИАЛАВ
Германы Канцлерь Ангела Меркель Европын орнуудын удирдагчдад хандаж дүрвэгчдийн асуудлыг хамтран шийдвэрлэхийг уриалсан байна. Германы ARD телевизийн сувагт өгсөн ярилцлагандаа тэрээр Турк улсын Европт ирж буй дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах тухай төлөвлөгөөг хүлээж авахаас өөр аргагүй хэмээн хэлжээ. Түүнчлэн Ангела Меркель өнгөрсөн жил Европын холбооноос санхүүгийн тусламж авсан Грек улс хилээ хааж, эмх замбараагүй байдал үүсгэж чадахгүй гэдгийг онцолсон байна.
А.Меркель Европын орнууд нэгдэж дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд "Энэ бол бидний түүхэн дэх маш чухал цаг үе” гэжээ. Европын орнуудын удирдагчид гуравдугаар сарын 7-нд Туркийн эрх баригчидтай дүрвэгчдийн хямралын асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр явуулах аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
М.ХҮСЛЭН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих