Соёлын асуудлыг хариуцсан төрийн яамтай болсон нь тус салбарт ажилладаг уран бүтээлчдийг баярлуулж, соёлын өвөө дээдлэгчдийн магнайг тэнийлгэсэн ч энэ яамны эрх бүхий албан тушаалтнуудын увайгүй үйлдэл урмыг нь хугалж байна гэхэд хилсдэхгүй. Төрийн албыг төрлийн алба болгож буй үйлдлийг дээр доргүй ярьж, манай сонины эхлүүлсэн буланг дэмжиж буйгаа олон хүн илэрхийлж байна. Төрийн албыг төрлийн алба болгож буй явдал шинээр эмхлэн байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг ч тойрсонгүй.
1.П.Алтангэрэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга. Тус яам түүний хүмүүсээр дүүрсэн гэнэ. Түүхийн багшаас ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр 1996 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаар сонгогдож, улмаар УИХ-ын гишүүн болсон. Уг нь Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Хүү А.Тулгынхаа нэрийг тонгоруулсан" Аглут” хэмээх компанийг 2000 онд байгуулж, 2005 он хүртэл захирлаар нь ажиллаж байв. Тэрбээр ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсноос хойш танил тал, найз нөхдөө, тэдний хүүхдүүдийг төрийн албанд авч, заримыг нь газар, хэлтсийн даргын албан тушаалд томилсон гэх. АТГ-ын дэд дарга Б.Хурцын гарын үсэгтэй ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хандсан, хууль хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн албан бичгийг сайд, Төрийн нарийн хоёр үл тоомсорлосоор байна. АТГ-ын 2013 оны тавдугаар сарын 8-ны 02/3692 дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичигт "Хяналт шалгалтаар Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь 1985-2008 онд Дорнод аймагт ажиллаж байсан, П.Алтан-Од, Р.Хаяндорж, Р.Алтантуяа, Н.Оюундэлгэр нар нь мөн аймагт төрийн болон бусад байгууллагад ажиллаж байсан, хөрөнгө мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа тул хууль хэрэгжүүлж ажиллана уу” гэжээ. Энэ албан бичигт нэр дурдагдсан хүмүүс нь ССАЖЯ-нд ажилладаг, зарим нь өвчний учир ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа аж.
2. Р.Хаяндорж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан. АТГ-аас ССАЖын сайдад илгээсэн албан бичигт дурдагдсан сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй хүмүүсийн нэг. Түүнийг хууль зөрчиж, ССАЖЯны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилсон гэж яамныхан нь ярих юм билээ. Өдгөө тэрбээр ажлаасаа чөлөөлөгдчихөөд байгаа аж. Дорнод аймагт 30 гаруй жил ажиллаж, амьдарсан тэрбээр П.Алтангэрэлийг Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байхад орлогч нь байжээ. ССАЖЯ-наас 2013 онд зарласан 40 гаруй тендерийн 11-т нь Үнэлгээний хорооны даргаар ажилласан гэх.
3. П.Алтан-Од, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга. Дорнод аймгийн харьяат тэрбээр П.Алтангэрэлийн дотнын найз, журмын нөхрийнх нь хүү. Төрийн албанд ажиллаж үзээгүй шахам түүнийг газрын даргаар авч ажиллуулж байгаа нь найздаа тусалж байгаа нэг арга нь гэж хэлэх хүн байна. Тэрбээр төрийн албанд хууль бусаар томилогдож, сонгон шалгаруулалтад орж тэнцэн төрийн жинхэнэ албан хаагч болсон гэх. ССАЖЯ-наас өнгөрсөн онд зарласан 40 гаруй тендерийн 32-т нь Үнэлгээний хорооны даргаар ажиллажээ. Мөн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тус яамтай холбоотой тендерт яамаа төлөөлж оролцож байв.
4. Р.Алтантуяа, ССАЖЯ-ны ерөнхий нягтлан бодогч. Дорнод аймагт П.Алтангэрэлийн хамт ажиллаж байгаад 2012 онд Улаанбаатарт ирж, тус яаманд ажиллах болжээ.
5.Н.Энхтүвшин, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга. Өвөрхангай аймгийн уугуул тэрбээр ангийн андын татаасаар энэ албанд томилогджээ. Тэд дунд сургуульд нэг ангид суралцаж байсан гэнэ.
6. Н.Оюундэлгэр, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн. Ерөнхий нягтлан бодогч Р.Алтантуяагийн эгчийнх нь хүүхэд болох тэрбээр мөн л хэл амтай томилогдсон төдийгүй, АТГ-аас ирүүлсэн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй албан тушаалтнуудын тоонд багтжээ.
7. Э.Энэрэл, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийн хадам дүүгийнх нь хүүхэд юм байна.
8. Э.Мөнхмандах, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн. Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одын багын найз түүнийг санхүүгийн мэргэжлийн бус хүн гэж яамныхан жиг жуг гэцгээх юм билээ. Өнгөрсөн онд ССАЖЯ-наас зарласан 40 гаруй тендерт Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, 21-д нь нарийн бичгийн даргын үүрэг хүлээжээ.
9.Л.Лхагвадалай, Барилгын хяналт хариуцсан мэргэжилтэн. Барилгын инженер мэргэжилтэй тэрбээр Завханы харьяат. П.Алтангэрэл дарга намын нөхөртөө тус болсны хариу болгож энэ хүнийг яамандаа авсан юм байх. Дээрх хүмүүсээс гадна "П.Алтангэрэлийн” хэмээх жагсаалтад багтах Ж.Солонгозаяа, Ш.Сарангэрэл, Д.Наранцацрал гэх зэрэг олон хүний нэр хөвөрч байна. Түүнээс гадна П.Алтангэрэлийн хүү А.Тулгын "Аглут” компани ССАЖЯ-наас зарласан тендерт ялж, 893.9 сая төгрөгийн санхүүжилттэй Дорнод аймгийн Баянтүмэн сумын Соёлын төвийн барилгыг барихаар болсон нь тус яамны мэргэжилтнүүдийн хардлагыг төрүүлээд байна. Хэдийгээр Д.Алтангэрэл АТГ-ын Тамгын хэлтэст хандаж, зөвлөмж авч, сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн хуудас бөглөсөн ч алба хаагчдынх нь хэл ам татрахгүй байгааг бодоход ямар нэг булхай байгаа бололтой.
Ийнхүү
П.Алтангэрэл төрийн яамыг төрлийн яам болгож байгаа бөгөөд гэрээт
ажилтан хэмээн 20-иод хүнийг ажиллуулах болсон нь хууль зөрчжээ. Төрийн
захиргааны төв байгууллагад түр гэрээгээр хүн авч ажиллуулах эрх зүйн
зохицуулалт байдаггүй нь хууль зөрчсөн нэг үйлдэл болоод буй аж.
Г.БОЛД
mongolnews
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих