Ялагдсан намд шинэчлэл заавал яригддаг сэдэв төдийгүй бас хийгддэг ажил. Харин хэрхэн шинэчлэхийг олонхиороо ярьж шийддэг зүй тогтолтой. АН-ынхан өмнөх сонгуулиудад ялаад явж байхдаа ч шинэчлэл хийхийг шаардаж шахсаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, намын даргаас нь унагаж З.Энхболд намынхаа удирдлагыг авч байлаа. Гэвч тэрбээр намынхаа ҮЗХ-г ч жинхэнэ ёсоор нь хуралдуулж чадахгүй байсаар энэ сонгуульд ялагдуулсан.
Ардчиллын төлөөх хэмээх намууд 2000 оны сонгуулиар ялагдсан дороо нэгдэн АН-ыг байгуулсан ба тэр дороо эхлээд хоёр том бүлэглэлд хуваагдан Р.Гончигдоржийнх, М.Энхсайханых гэж явсаар 2004 оноос хойш бөөн фракцууд болцгоосон. Тэр л цагаас АН-ын фракцууд зөвхөн намынхаа төдийгүй Монгол төрийн зовлон болж явсаар энд ирж унаж байна.
АН-ын даргаар З.Энхболд томилогдоод фракцгүй нам болох тунхаг гаргасан ч түүний үг үйлдэл хүчгүйдэж фракцууд хумигдаагүй. Тэгвэл энд хүрээд АН бүр шинэчлэгдэхээс аргагүйд хүрсэн нь тун ойлгомжтой болов. Тус намд Шинэчлэлийн түр хорооноос эхлээд 26 жилийн өмнөх анхны дарга нар нь хөдөлж эхэллээ.
Э.Бат-Үүл, Б.Баабар, Да.Ганболд нар өнгөрсөн жилүүдэд намаа байнга шүүмжилж ирсэн. Энэ гурав бол одоогийн АН-ын үүсэл болсон МоАН, МСДН, МҮДН-ын анхны дарга нар. Б.Баабар өөрийн нийтлэлүүдээрээ байнга намын нөхдөө, намаа шоглож ирсэн. Харин Э.Бат-Үүл Их сургуулийн ангийн найз Н.Алтанхуягийгаа унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг. Мөн дараа нь АН гэж байхгүй оронд нь фракцууд гэдэг бүлэг хулгайч байна гэж мэдэгдэж байлаа.
Харин АН-ын Шинэчлэлийн хороог байгуулсан залуучуудын хувьд намаа болохгүй байгааг мэдэрсэн учраас л тэмцэж эхэлсэн. Тэд намдаа ч, их улстөрд ч мөрөө гаргах хүсэлтэй ч тэднийг дээш алхуулахгүй фракцууд хөшилдөж байсан. Тэр байтугай зарим залуусыг намаасаа хөөж туусан. Тэгвэл энэ удаа боломж гараад байна.
Харин энэ сарын 18-нд зарлагдсан АН-ын ҮЗХ Их хурлаа зарлаж чадах уу, хэрвээ зарлалаа гэхэд фракцуудын тоглоом бололгүй АН гэсэн сонголтоо хийж чадах уу гэдгээс л тэдний дараа дараагийн үйл ажиллагаа сэргэх эсэх хамаарна.
Хэдийгээр
эдүгээ З.Энхболд нар намын ажлаа өгөөд байгаа ч үнэн хэрэг дээрээ
Д.Эрдэнэбат намын даргын үүргийг түр гүйцэтгэгч, Я.Санжмятав УИХ-ын дэд
дарга, С.Эрдэн УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг тус тус хашиж
байгаагийн цаанаас тэр болон Н.Алтанхуяг, фортуна нар тодорч харагдаад
болж өгөхгүй байна.
Мөн энэ дундуур АН-ын даргын суудал болоод ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зүүдлэгсэд олноор гарч байгааг үгүйсгэхэд хэцүү. Уриалга гаргасан Э.Бат-Үүл баатарын хувьд бүр 2009 онд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шахсан ч үүрээр тахиа донгодох хүртэл гурав урвадаг ангийн анд Н.Алтанхуяг нартаа хулхидуулаад бархираад үлдэж байлаа. Тэр үед АН-ын Их хурал дээр нэрээ дэвшүүлсэн Үүлийг Н.Алтанхуяг миний найз хариад сайхан амарчих маргааш чи гээд явуулсан гэдэг.
Гэвч маргааш нь Ц.Элбэгдорж намаа төлөөлөн нэр дэвшихээр болж Э.Бат-Үүл нэг их бархирч билээ. Түүнийг дараа нь баатар болгож нэг аргадсан юм гэдэг. Тэгвэл энэ удаа Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дахин нэг зүтгэж үзэхээр шийдсэн бололтой.
Тиймээс ч Ц.Элбэгдоржтой харилцаагаа сайжруулж, намаа шинэчлэх тухай энэхүү уриалгыг гаргасан хэрэг хэмээх яриа улстөрийн хүрээнийхэн дунд гараад байна. Мөн тэрбээр АН-ын дарга болох хүслийг ч тээж яваа байх болох тухай яриа гарч эхэллээ.
Уг нь Э.Бат-Үүлийн удирдсан баг нийслэл
хотод дөрвөн жил гайгүй ажилласан гэсэн үнэлгээтэй байсан ч АН-ын
фракцуудын үйл ажиллагаа улс орныг дампуурал руу хөтөлсөн учир тэднийгээ
ч татаад унагачихсан гэх асуудал яригдсаар л байна.
Харин түүнийг нь фракцууд хүлээн зөвшөөрөх болов уу. Лав л "гудас" болсон гадсынхан АН-ын удирдлагад дахин гарахыг санаархаж байх шиг. Мөн АН-аа шинэчлэх хорооныхон түүнийг дэмжих болов уу гэдэг ч бас хамгийн сонирхолтой асуудал. Харж л байя. Наадам, АСЕМ өнгөрөөд Монголын улс төрд ч, АН-д ч томоохон хөдөлгөөн гарах нуу үгүй юу. Тэгэхээр хэдүүлээ 7 дугаар сарын 18-ныг л хүлээцгээе дээ.
О.Хуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих