Попокатепетль галт уул сэргэн үнс нурам цацаж эхэлсэн бөгөөд энэ нь Мехико хотын зарим районууд, хотын зах хэсгээр бүрхсээр байгаа аж. Хотын оршин суугчид нүд, чих, хамраа хамгаалан маск, шилтэй явцгааж байгаа бололтой.
Мехико хотын захирагч Эрувиель Авила Вильегас холбооны засгийн газартай хамтран нөхцөл байдлыг хянуур ажиглаж байгаа бөгөөд галт уулын сэргэлт нь хотын оршин суугчдад төдийлөн аюултай бус хэмээн мэдэгджээ.
Тэрээр гудамжин дахь үнс нурмаа цэвэрлэхийг хотын иргэддээ уриалан, харин усны хоолой руу хийхгүй байхыг анхааруулсан байна. Үнс нурам устай холилдох тохиолдолд барьцалдан хатаж, инженерийн шугам сүлжээний ханыг гэмтээх аюултай гэж үзсэн бололтой.
Мехико хотоос 72 км зайд орших Попокатепетль уулын өндөр 5426 метр бөгөөд цаг агаар сайхан үед нийслэл хотын зарим районоос тодхон харагддаг юм байна. Энэ галт уул нь тус орны нутаг дэвсгэр дэх хамгийн том, идэвхтэй галт уулсын нэг бөгөөд сүүлийн 500 жилийн хугацаанд 15 удаа сэргэж оргилсон аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих