Монголд нэг ч эрүүл хүн алга. Ингэж хэлэхээр хүмүүс энэ нэг юм чинь юу гээд байнаа гэж бодох байх. Гэхдээ Сонгууль-2016 болон Рио-2016 олимпийн эргэн тойронд болсон асуудлаас үүдэн ийм бодол төрөв.
Эрүүл гэдэг нь эрүүл ухааны тухай юм шүү.
Ертөнцийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам түүхэнд тэмдэглэгдэж үлдэх олон зүйлтэйгээр өндөрлөлөө. Манай багш, дасгалжуулагчдын тайчих үзүүлбэр, тамирчдын нулимс, иргэдийн цахим сэтгэгдэл лав энэ олимпийн ТОП сэдвээр нэрлэгдэн үлдэх биз.
Эв нэгдлийн наадам манай улсын хувьд ДАЙН байлаа.
Гэхдээ арга ч үгүй, спортоос өөр бахархах зүйл бидэнд үлдсэнгүй. Хийж бүтээж яваа нэгнийгээ муулж, доромжилж, өвөг дээдсээ харааж зүхэж, өрөөлийн өмнө БООЛ шиг хэрнээ элэг нэгтэндээ ХААН шиг ханддаг болчихсон шүү дээ, бид. Өнөөх Монгол хүний уужуу ухаан, хүнлэг чанар хаачив аа.
ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭЗНЭЭ ЗӨВ ОЛЦГООЁ
Хариуцлагыг эзэнтэй нь биш ажилтантай нь тооцдог зарчмыг хэзээ халах вэ. Төр засаг анхаарахгүй байгаа зүйлийг өөд нь татсаных нь төлөө Х.Баттулга, Д.Дагвадорж нар өнөөдөр Монголын дайсан болчихож. Тамирчдын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттэр хуудаснаа "Манай нам төр барьж байхад олон медаль авч байлаа” гэсэн сэтгэгдэл бичсэн байх юм. Монгол улсын төрийг жолоодолцож явсан хүний нэг ингэж хэлсэн гэхэд итгэмээргүй. Яг үнэнийг хэлэхэд Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил олимпод оролцох тамирчдынхаа бэлтгэлийг дээд түвшинд хангуулах боломж байлаа.
Гэвч жүдогийн тамирчдыг Х.Баттулгынхаа хүүхэд мэт ад үзсэн.
Дээрээс нь Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудал дээр л хэрүүл, маргаан гарснаас биш энэ тамирчныг ингэж бэлдүүлнэ, тэндээс тийм дасгалжуулагч авчирлаа гэж ер сонсогдоогүй. Баярыг нь хамтдаа тэмдэглэж, ялагдлыг нь тамирчинд үүрүүлж болохгүй биз дээ. Ер нь миний бодлоор АН-ын үед намын талцал гэгч зүйл хамгийн их гаарсан. Энэ нь нам дотроо ч, намаас гадуур ч харагддаг. Гэвч эрх баригч намын хагарал жирийн иргэдээс авахуулаад эдийн засаг, улс төр, бизнес, спортод хэрхэн нөлөөлдгийг бид харлаа, үзлээ. Ямар сайндаа л АН 2012 онд төр барьсныхаа дөнгөж дараахан Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилж байхав дээ. Сүхбаатар МАН-ынх, Чингис хаан АН-ынх гэж тэдэнд хэн ч өмчлүүлээгүй. Монгол улсын түүх бүхэн ард түмний өмч юм шүү.
ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ДУУГАРЦГААЯ
Энэ олимпийн дараа зарим хүмүүсийн ханд хага дарагдсан байгаасай, өнөөх би Чингисийн Монгол гэж худал цээжээ балбадаг нөхдүүд багассан байгаасай гэж бодож суув.
Асуудлын цөмийг нь биш жижигхэн зүйл мэрж, хоорондоо тэмцэлдэж суухаа болих цаг ирсэн байна. Өнөөдөр бид цалин хөлс, дундаж орлоготой амьдрал, эрүүл мэнд, боловсролынхоо төлөө ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХТЭЙ. Гэвч бид өөрсдийнхөө төлөө биш огт хэрэггүй зүйлийн төлөө нэгнээ хэмлэж, муулж, үзэн ядаж байдаг нь гайхмаар. Гадныхан биднийг хараад шоолдог гэвэл би л хувьдаа гайхахгүй. Буруу, буруу, буруу, БУРУУ БҮХЭН БУСДЫН БУРУУ. Энэ бол Монгол төрх.
Иргэн та өнөөдөр авч буй цалин, амьдарч буй гэр орон, амьсгалж буй агаар, ууж буй ус, үр хүүхдийнхээ эзэмшиж буй боловсролын төлөө эрх баригчдыг ажиллахыг шаардаж, өөрсдөө ч хөдөлмөрлөх ёстой.
Бүгдийг эрүүлээр сэтгэцгээе. Ялж, ялагдаж сурцгаая. Улс төрийн хямрал ард түмний боловсролоор хэмжигддэг гэх юм билээ. Яг үнэндээ СПОРТ, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ гээд манай улс бүх зүйлээрээ уналтанд орчихож. Одоо хүлээн зөвшөөрөөд, зөв зүйлийн төлөө хамтдаа дуугарцгаая.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих