Чингис хааны ач, Зүчийн хүү Бат алдарт жанжин Сүбээдэйн хамт 1240 оны есдүгээр сарын 5-нд тухайн үеийн Оросын нийслэл хэмээгдэх Киев хотыг бүрэн бүсэлжээ. Киевийн захирагч, Халицийн тайж Даниила энэ үед Унгарын IV Бела хаантай Монголын түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэх эвсэл байгуулахаар одсон бөгөөд хотын хамгаалалтыг Дмитр нэртэй залуу жанжин удирдсан аж.
Монголын цэргийн өрнийн аян дайн дахь нэгэн чухал үйл явдал болсон Киевийн төлөөх тулалдаан удаан үргэлжилсэн бөгөөд түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр, арванхоёрдугаар сарын 6-нд тус хот бүрэн эзлэгджээ.
Киевийн захирагч Даниила монголчууд хотыг нь бүсэлсэн үед Унгараас эргэн ирсэн боловч цэргийн хүч нь дэндүү цөөн байсны улмаас гэдрэг буцсан тухай Оросын түүхэн эх сурвалжид өгүүлсэн нь бий. Юутай ч Дмитр жанжин Киевийн хамгаалалтыг маш сайн зохион байгуулан Монголын цэргийн давшилтыг удаа дараа амжилттай сөрөн зогсч чаджээ.
Батын цэрэг Киевийг гурван сарын турш бүслэн боймолсны дараа 1240 оны арванхоёрдугаар сарын 5-нд шийдвэрлэх давшилтаа хийн хамгаалалтын ханыг хэд хэдэн газар цөмлөн дотогш нэвтэрсэн байна. Гэвч Дмитр жанжин үлдсэн цэргүүдийнхээ хамт хотын төвд байх сүмд ухран дахин нэг хоног тулалджээ. Сүмийг галдан шатаасны дараа Дмитр сая нэг олзлогдсон бөгөөд монголчуудад Унгар руу нэвтрэх дөт замыг зааж өгсөн гэдэг.
Чингис хааны ач Бат Киевийг эзлэн авснаар кипчак болон орос зэрэг зүүн славуудын нутагт өөрийн Алтан орд улсыг байгуулсан түүхтэй.
Үүнээс 17 жилийн өмнө одоогийн Украины Донецк муж дахь Калк голд 1223 онд болсон тулалдаанд Монголын цэрэг Орос, Кипчакийн нэгдсэн хүчийг бут цохисон ч Киев хотод хүрэлгүй гэнэт гэдрэг буцсан байдаг билээ.
1568он
" Нарын хот ” хэмээх аз жаргалын утопи нийгмийн тухай бүтээлээрээ алдаршсан Италийн философич, яруу найрагч Томмасо Кампанелла мэндэлжээ.
1666он
Лондоны их түймэр гурван өдөр үргэлжилж, 10 гаруй мянган байшин шатжээ. Хачирхалтай нь, их түймрийн үеэр ердөө 16 хүн амь үрэгдсэн гэдэг.
1698он
Оросын хаан I Петр албатдаа европ соёл түгээх үүднээс хууз сахлын эсрэг хууль гаргажээ. Тус хуулийн дагуу хууз сахалтайгаа үлдэхийн тулд тайж ноёд тухайн үеийн ханшаар 100 рубль төлдөг болсон аж.
1793он
Францын Үндэсний их хурал хувьсгалын ололт амжилтыг хамгаалахын тулд террорын дэглэм тогтоожээ.
1946он
Английн алдарт "Queen” хамтлагийн ахлагч, перс гаралтай дуучин Фредди Меркури төржээ.
1972он
Палестиний "Хар есдүгээр сар” террорист байгууллагынхан ХБНГУ-ын Мюнхенд олимпийн наадмын үеэр Израилийн баг тамирчдын байр руу довтолжээ. Довтолгооны үеэр алан хядагчид замыг нь хаасан Израилийн бөхийн дасгалжуулагч М.Вейнберг, улмаар цонхоор зугтаж байсан багийнхандаа боломж олгон хаалгыг онгойлголгүй мөрлөж зогсоон хүндийг өргөгч И.Романо нарыг буудан хороосон аж.
Алан хядагчид Израилийн есөн тамирчинг барьцаанд аван нисэх онгоцонд суусан бөгөөд Германы тусгай албад нисэх онгоцыг довтлох үеэр тэд бүгд амь үрэгджээ. Энэ үеэр түүнчлэн "Хар есдүгээр сар” байгууллагын таван алан хядагч, нэг цагдаагийн албан хаагч амь насаа алдсан байна.
1983он
ЗХУ-ын сөнөөгч онгоцууд Сахалин арлын ойр орчимд БНСУ-ын иргэний агаарын тээврийн "Боинг-747” онгоцыг буудаж унагасны дараа өрнөдийн орнууд ЗХУын иргэний агаарын тээврийн "Аэрофлот” компанийн нисэх онгоцуудыг хүлээн авахгүй байхаар 14 хоногийн хориг тавьжээ.
Б.Барс
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих