АТГ-ынхан ажлаа хийж, албан тушаалтан болон авлига хээл хахуулд идэгдсэн албан дарга нарыг ар араас нь ээлж дараалан баривчилж эхэлжээ.
Хоёр хоногийн өмнө буюу уржигдар орой Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргалыг авлига хээл хахуулын хэргээр гэрээс нь баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан байна.
Үүнээс өмнө АТГ, ЦЕГ-аас томилогдсон Ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон байгаа. Түүний араас Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан. Гэхдээ одоогоор Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг батлан даалтад гаргасан байгаа ажээ.
Ийнхүү газрын наймаа болон авлигын хэргээр сүлжээ үүсгэж, аалзны тор нэхсэн алба хаагчдыг баривчилж эхлэв. Үүний араас ч цагдан хорьж шалгах хэд хэдэн эрхмүүд байгаа сурагтай гэнэ шүү. Одоогоор Баянгол, Баянзүрх дүүргийн Өмч газрын албадын дарга нар хоригдож байгаа бөгөөд тэднийг бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн хэрэгт холбогдох хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлсэн бол Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа тухай мэдээлэл байна.
Хэргийг сануулахад, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар олгож, түүнийхээ хариуд хууль бусаар 200 сая төгрөгийн хахууль авч буй үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн.
Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг.
Түүний энэ 200 сая төгрөгийн авлигын хэрэгт дээрх дарга нар холбоотой байж магадгүй хэмээн албаныхан үзэж саатуулан шалгахаар болсон гэдгийг дуулгав.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай "Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан ч батлан даалтад гаргажээ.
Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгасан байгаа ажээ.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих