Төв аймгийн Баянчандмань сумын Баянчандмань уул, Дарцагийн аманд "Амин тоонто” төрийн бус байгууллагаас зургаа дахь жилдээ нарс мод тарьж байна. Өдөрлөгт төрийн бус байгууллагын 30 гаруй буриад залуучууд нийлж таван зуун ширхэг нарс модыг тарихаас гадна цэнгэг агаарт нэг өдрийг өнгөрөөсөн юм.
Сүүлийн таван жилийн хугацаанд арван мянган ширхэг хоёроос гурван настай нарс модны суулгацыг Баянчандмань ууланд "Амин тоонто” төрийн бус байгууллагаас тарьж байгаа ажээ. "Өнгөрсөн жил тарисан моднуудын үр дүнг тоолж үзэхэд 50 гаруй хувь ургасан” хэмээн "Амин тоонто” ТББ-ийн тэргүүн Б.Оюунбилэг хэлж байлаа. Иймээс дараа дараагийн мод тарихдаа үр дүнг голлон анхаарна хэмээн тэрээр хэлсэн юм.
Мөн энэ жил Баянчандмань ууланд мод тарих сүүлийн жил юм байна. Цаашид уг мод тарих өдөрлөгийг бусад аймаг орон нутагт үргэжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар зохион байгуулагчид онцоллоо.
Сонирхуулахад тэдгээр нарс модны суулгацыг Япон улсын хөрөнгө оруулалттай GNC төрийн бус байгууллагаас авч тарьж байгаа юм байна. Тэдгээр хоёроос гурван настай нэг нарс модыг 300-500 төгрөгөөр худалдаж авч тарьдаг аж. Тиймээс цаашид мод тарих ажил нь санхүүгийн ач холбогдолтой учраас сайн дурын үндсэн дээр бусад байгууллага хувь хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн буйгаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байлаа.
Дашрамд дурдахад, "Амин тоонто” буриад залуучуудын ТББ нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Тус төрийн бус байгууллагад Хэнтий, Дорнод, Улаанбаатар, Төв аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын буриад залуучууд харъяалагддаг байна.
Т.Есүхэйтөмөр
http://www.montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих