Өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид спирт шиг шингэнийг хуваан хэрэглэн хордож дөрвөн хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруубал, "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр хордлогын улмаас иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барсан аж. Харин сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжсэн бөгөөд үлдсэн иргэдийн хувьд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байгаа гэнэ.
Тэдний ууж хордсон шингэн зүйл нь метанол /метилийн спирт/ гэх химийн хортой бодис байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.
Хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ.
Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна.
Дөрвөн хүний аминд хүрч, олон хүнийг эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн хэргийн газарт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна.
"Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний шингэнийг хураан авсан.
Мөн ажлын хэсэгт Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин нар багтжээ. Ажлын хэсэг газар дээр нь очиж хориг арга хэмжээ авах, хордлогын шалтгааныг судалж тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр цаг алдалгүй шуурхай ажилласнаар байдлыг хяналтанд авч тогтворжуулсан байна.
Дашрамд, "Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний шингэнийг хураан авч, "Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч "Зөв боломж” ХХК-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон гэнэ.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих