Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн, шинэ зохион байгуулалтад орж хичээллэж байгаа бага сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өнгөрөгч онд Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны шалгалтын хүрээнд Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хийсэн. Аймгийн Боловсрол соёлын газраас Боловсролын хууль болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн саналыг судлан үзэж 2 сургуулийг нэгтгэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Энэ шалгалтын дүнгээр аймгийн 6 дугаар сургуулийг, 8 дугаар сургуультай нэгтгэх шийдвэр гарч, ингэхдээ 2 сургуулийн суралцагч хүүхдүүдийн судалгааг бүлэг бүрээр нь, хичээллэх анги танхимын хүрэлцээ, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт, төсвийн алдагдалгүй ажиллах байдал, ажиллах багш боловсон хүчний орон тоог гарган судалж дүгнэлтээ гаргасан байна. Шинэ зохион байгуулалтад орсноор 8 дугаар сургуулийн бага сургууль буюу Б корпуст 22 бүлгийн 720 сурагч, А корпус буюу ахлах сургуульд 25 бүлгийн 736 хүүхэд хоёр ээлжээр хичээллэж буй юм.
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр боловсролын салбар, багш хүүхдийн хөгжил, эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын нэг хэсэг болох "Сургууль-гэр бүл-сурагч хамтдаа” зорилтод жилийн хүрээнд тус сургуульд аймгийн хөгжлийн сангийн нийт 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хоёр төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлыг хүүхэд багачуудад танил мэдүүлэх зорилготой "Монгол ахуй-ёс заншлын өргөө” сургалтын танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн эцэг эхийн удирдан ажиллуулах "Хамтын нүүдэл шатрын дугуйлан” –ын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд шатрын дугуйланд нэг удаа 20 сурагч хамрагдах боломжтой бөгөөд 7 хоногт 2 удаа хичээллэх боломжтой юм. Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилт чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг спорт юм. Тийм ч учраас шатарт шамдан суралцах, сонирхох хүүхэд багачуудад суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тус сургууль ахлах болон бага сургуулийн зохион байгуулалтад орсноор 1-5-р ангийн сурагчид энгийн хөгжмийн зэмсэг, бишгүүр хөгжим, хөнгөн, теннис, сагсан бөмбөг, найрал дуу, зураг урлал зэрэг олон төрлийн секц, дугуйлангуудад бүрэн хамрагдах боломжтой болсон онцлог байлаа. Мөн зөвхөн бага ангийн сурагчид өөрсдийн гэсэн спорт заал, урлагийн танхимтай болсон, бага ангийн сурагчид суралцах таатай орчин бүрдсэнд таатай санагдаж байгаа талаар багш, сурагчид аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд энэ үеэр талархлаа илэрхийлж байлаа.
БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр Монголын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгох, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор "Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус сургуульд "Шилдэг аялгуу ба хэмнэл” энгийн хөгжмийн зэмсгээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх 3000 долларын төсөл хэрэгжихээр болж эхний шатны санхүүжилт хийгдсэн. Тус сургуулийн "Талын домог”, болон хөгжмийн дугуйлангийн сурагчид аймгийн удирдлагуудад болон эцэг эхчүүддээ сурсан мэдсэн зүйлээрээ урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ "Тус сургууль бага сургууль болсноор олон ээлжээр хичээллэхээ больсон, анги танхимын хүрэлцээ сайжирсан, урлаг, спортын заал тусдаа болсон зэрэг сурч боловсрох таатай орчин бүрдсэн нь багш сурагчдын хэлсэн үгнээс анзаарагдаж байна, тухайн шийдвэрийг гаргасаны хувьд үр дүнтэй ажил болсон гэдэг нь харагдаж байна. Цаашдаа бага сургуулиа үлгэр жишээ болгож "хүүхэд хөгжлийн төв”, "багш хөгжлийн төв”-тэй жишиг бага сургууль болгохын төлөө хичээж багш, эцэг эхчүүд та бүхэнтэй хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих