Тавдугаар сарын 15-ны өдөр Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга "Хан-Уул” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсын хэмжээнд 40 ерөнхий боловсролын лаборатори сургууль байдгийн нэг нь "Хан-Уул” цогцолбор сургууль. Уг цогцолбор сургуулийн харъяанд зургаан настны, бага сургууль, ахлах сургууль, албан бус сургалтын төв гэсэн дөрвөн сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Бага сургуульд хоёроос тавдугаар ангийн 16 бүлэг хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулж байгаагаараа онцлогтой. Үндэсний боловсролын шинэчилсэн хөтөлбөр гэдэг нь хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой, сургалтын явцад хүүхэд бүхэн оролцдогоороо онцлогтой. Өмнө нь ангид ганц хоёрхон хүүхэд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж сургуульд орсон цагаасаа төгсөн төгстлөө тухайн сургуулийн урлаг уран сайхны арга хэмжээнд оролцдог байсан бол одоо ангийн бүх хүүхэд шүлэг уншиж, бүжиглэж, хөгжим тоглож, дуу дуулах аж. Энэ бол бага дунд боловсролын сургалтын шинэчилсэн арга технологийн зорилго.
Шинэчилсэн
технологоор хичээл явуулснаар хүүхдийн сонирхолыг өдөөж, тэдний
туршлага чадварт суурилж бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх
учиртай. Хичээлийн явцад хүүхэд бүр хэлэлцүүлэг, дүрээр тоглох, маргаан
мэтгэлцээнд оролцож хамтаар дасгал, сорил даалгавар гүйцэтгэх арга
барилд суралцдаг байна. Хан-Уул сургуульд хүүхэд бүрийг хөгжүүлэх тал
дээр олон ажил хийгдэж байна тухайлбал:
Хэрлэн суманд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлагдсантай холбоотой Хан-Уул цогцолбор сургуулийн суралцагсад завсарлагааны цагаар дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшжээ. Хүүхдүүд өдөрт хоёр удаа хөгжимт дасгалыг хийдэг бөгөөд эрүүл хот, баг, сургууль, цэцэрлэг болох зорилтоо биелүүлж байна. Биеийн тамир дасгал хөдөлгөөнөөс гадна сургуулийн багш удирдлагуудын зүгээс соёлч, боловсон, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх үүднээс ёсзүй, гоозүйн хичээлүүдэд онцгой анхаарч байна. Ингэхдээ багш нь хүүхдийг ямар байхыг тодорхойлох биш хүүхдүүд өөрсдөө сургууль дээрээ ямар баймаар байгаагаа илэрхийлэх учиртай. Ингэж соёлч ухамсартай хүүхэд ямар байх вэ гэдэг шинж чанаруудыг хүүхдүүдээр өөрсдөөр нь тодорхойлуулснаар хэрэгжүүлэхэд илүү хялбар болсон тухай багш нар ярьсан. Сургууль дотроо хүүхдүүд мэнд мэдэж, уучлаарай, баярлаа гэдэг үгийг бие биедээ хэлж анги танхимдаа баримтлах зарчим төлөвшилтэй болсон нь гаднаас орж ирсэн хүмүүст тухайн сургуулийн талаар эерэг сэтгэгдэл үлдээдэг юм байна. Хан-Уул цогцолбор бага сургуульд авъяас хөтөлбөрийн хүрээнд бишгүүр, ёочин гэх мэт хөгжмийн дугуйланд 90 хүүхэд хамрагддаг. Мөн гоозүйн хичээлээр сургамжит өгүүллэг уншиж хүүхэд бүр юу ойлгож мэдсэнээ ярилцдаг байна.
Тус
сургуульд үдийн цай хөтөлбөр үдийн хоол болон хэрэгжиж таван өдрийн
гуравт нь хүүхдүүд махан хоол идэж байна. Эцэг эхчүүдэд хичээлийн жилийн
явцад гурван удаа амталгаа хийлгэн сэтгэл ханамжийн судалгаа авчээ.
Хан-Уул цогцолбор бага сургуулийн ангиуд ангийн буланг ангийнхаа гадна
талд байрлуулснаар багш, эцэг эхчүүд, бусад ангийн хүүхдүүдэд тухайн
ангийн мэдээлэл илүү нээлттэй хүрэх боломжтой болжээ.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хан-уул цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж явахад хүүхдүүд сурсан мэдсэнээ танилцуулахаас гадна санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн сайн байгааг харуулж байв.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга байдаг. Энэ ажлынхаа хүрээнд Хан-Уул сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцлаа. Тус сургууль хүүхдийн гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй цагаар эцэг, эхчүүдийн эргүүлийг ажиллуулж байна. Мөн сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газарт тогтмол хяналт тавьж ажилладаг. Сургуулийн ГХУСАЗСЗ энэ тавдугаар сард хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумын зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Чойбалсан хотыг дэлхийн жишигт нийцсэн ногоон хот болгох ажлын хүрээнд Хан-Уул сургуулийн багш удирдлагууд, ажилтан албан хаагч хүүхдүүд сургуулийнхаа орчин тойронд мод тарих, цэцэрлэгжүүлэх ажил хийж байна. Энэ жил сургууль хашаандаа шинээр 1000 ширхэг мод суулгаж, дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан нарийн ногооны үрсэлгээ хийжээ. Сургуулийнхаа зүүн талд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг чулуугаар барьж, цэцэрлэгжүүлэлтийн цогцолбор байгуулах ажил хийгдэж байна. Мөн хог хаягдалгүй хамт олон болох зорилт тавин байгаль орчинд олон зуун жил шингэхгүйгээр оршдог түүхий эдээр сургалтын материал хийн хүүхдүүд сургалтандаа ашиглаж байна.
Хан-Уул
цогцолбор сургуулийн харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг албан бус
сургалтын төв нь нэг хичээлийн жилд 60 гаруй хүүхдийг суурь боловсрол
эзэмшүүлдэг. Хэрлэн сумын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд
суралцаж чадахгүй байгаа сүм хийдийн болон хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдэд орчинд нь очиж хичээл заадаг. Дорнод аймгийн бүх сумдын
хөдөөгийн малчдад зайны сургалт явуулдаг. Ерөнхий боловсролын сургуулиас
гаднах орчинд суралцах боломжийг хүмүүс олгодог сургалтын төв юм. Албан
бус сургалтын төв дэргэдээ насан туршийн боловсролын анги танхимтай.
Түүгээрээ дамжуулан Хэрлэн сумын 10 багийн иргэдэд амьдрах ухааны
сургалтуудыг явуулдаг аж.
Хан-Уул цогцолбор сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум 100 сая төгрөгийн өртөгтэй, 928 хүүхдийн хичээлийн шинэ байр баруулж байна. Ирэх шинэ хичээлийн жилийг шинэ байранд угтах төвлөгөөтэй байгаа юм. Хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор бага сургууль нэг ээлжээр хичээллэдэг болж хүүхэд хөгжих анги танхимын хүрэлцээ хангалттай болно. Хан-Уул цогцолбор сургууль 2000 оноос өмнө Хэрлэн сумын дөрөвдүгээр сургууль нэртэй ямар үйл ажиллагаа явуулдаг байсныг бид мэднэ. Өнөөдөр энэ сургууль цогцолбор сургуулиас Монгол улсын шилдэг менежменттэй сургууль, лаборатори сургууль болтлоо хөгжиж багшийн болон хүүхдийн хөгжлөөрөө аймагтаа тэргүүлэх сургуулиудын тоонд зүй ёсоор бичигдэж байна. Сургалтын орчин арга технологи харьцангуй сайжирсан. Хүүхдүүд Хан-Уул цогцолбор сургуульд харъяалалын дагуу л суралцах биш өөрийн хүсэл сонирхлоороо зорьж очих тийм сургууль болтлоо хөгжиж чаджээ.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Хан-Уул сургуулийн үйл ажиллагаатай танилцах явцад тус сургуулийн захирал орон нутгийн зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих