Жил бүр уламжлал болгон зохиодог "Гэгээн муза” наадам энэ жил 11 нас хүрч буй. Дэлхийн театрын өдөр болдог наадам маань энэ жил энэ сарын 19-нд шилдгүүдээ тодруулах юм. Харин албан ёсны нээлтээ драмын театрын тайзнаа хийж, шүүгчдид тангаргаа өргөлөө. Наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд "Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг болон Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нарын 11 хүн багтжээ. Тэд урлагийн охин тэнгэрийн өмнө "Миний бие энэ наадмын шүүгчээр ажиллаж байгаагаа урлагийн охин тэнгэрийн надад хүлээлгэсэн итгэл хэмээн хүндэтгэе. Ур ухаан тэнцсэн, урлагийн сор болсон бүтээлийг нэн тэргүүнд дээдлэн, наадмын агаарыг ариун байлгаж, үнэнийг эрхэмлэн, сайн сайхан бүтээлийн боол байх журмыг сахин, эрхэм бодолдоо үнэнч байж, шүүгчийн үүргээ үнэнчээр биелүүлэхээ урлагийн охин тэнгэр Музагийн өлмий дор андгайлж байна” хэмээн нэгэн дуугаар уншсан юм. Энэ жилийн наадам "Драмын жүжгийн төрөл”, "Хүүхдийн жүжгийн төрөл”, "Дуулалт жүжгийн төрөл”, "Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн үндсэн дөрвөн төрлөөр шилдгээ шалгаруулна. 20 гаруй уран бүтээлээр 80 гаруй уран бүтээлч "Муза”-гийн төлөө өрсөлдөх юм.
"ГЭГЭЭН МУЗА”-ГИЙН ТҮҮХЭЭС...
Анх 1999 онд драмын урлагт хайртай журмын нөхөд санаачлан драмын жүжигчдийн сурч боловсрох, гадаад харилцааг өргөжүүлэх, тэдний дунд мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох, зорилгоор Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу "ДМЖТ”-ийг байгуулжээ. Тэдний мөрөөдөл нь драмын жүжигчдийн оны шилдгийг тодруулж, алдаршуулах, наадамтай болох хүсэл байв.
Тэрхүү хүсэл нь 2003 онд биеллээ олж анхны "Гэгээн муза” наадмыг амжилттай зохион байгуулсан юм. Түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохиосоор энэ жил 11 дэх жилийнхээ түүхтэй золгож байна. Анхны "Гэгээн муза” наадам хүн бүхний хувьд шинэлэг, содон байсан гэдэг. Ололт, амжилт, дагуулсан тэрхүү наадам залуу уран бүтээлчдэд ихийг хийх урам зоригийг өгч, Монголын театрын хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээжээ.
Анхны наадамд драмын есөн жүжиг өрсөлдсөнөөс гурав нь драмын театрын бүтээл байж. Орон нутгаас зөвхөн Дарханы "Залуучууд” театр "Бурхан өршөө” жүжгээрээ оролцсон байна. Тэр үед хүч түрэн гарч ирсэн "Хувьсал” продакшн, "Өнгөт инээд” хамтлаг "Орчин үе” театр зэрэг шилдэг театрууд өрсөлджээ. Анхны "Шилдэг найруулагч”-ийн шагналыг Ардын жүжигчин Б.Мөнхдорж "Эрлэгийн данс” жүжгээр, "Шилдэг зохиолч”-оор Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр "Чамгүйгээр би амьд явж чадахгүй” жүжгээр, "Шилдэг эрэгтэй гол дүр”-ийг Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ "Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Франсуа Пиньонийн дүрээр, эмэгтэй гол дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүрээр авсан түүхтэй. Үүнээс хойш "Гэгээн муза” наадам хүн бүхний хүсэн хүлээдэг, жүжигчдийн чансаа, авьяасыг сорьдог өндөр оргил болсоор 11 хаврыг үджээ.
Он цаг өнгөрөх тусам аливаа уран бүтээл үнэ цэнэтэй болдог. "Гэгээн муза” наадам ч энэ хуулийн дагуу замнасан. Уран бүтээлчдэд наадамд нэр дэвших, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг болжээ. Жил жилийн "Гэгээн муза” наадам өмнөх жилийнхээ наадмаас туршлагажсаар ирсэн юм. Наадмын гол онцлог нь хөдөө орон нутгийн театрууд ач холбогдол өгч, хүч түрэн орж ирсэн явдал байв. Энэ жилийн хувьд ч ялгаагүй Сэлэнгэ, Дорнод, Увс, Сүхбаатар зэрэг аймгаас уран бүтээлчид оролцож байна. Мөн Өвөрмонгол, Тува, Серби улсаас жүжигчид иржээ. Тэд монгол жүжигчидтэй өрсөлдөнө. Мөн туршлага солилцож, уулзалт зохион байгуулах гэнэ.
МУНХАГ, ТЭНГЭРЛЭГ ХОЁРЫН ЗААГ "КИХОТ НОЁН”
Энэ жилийн "Гэгээн муза-11” наадам Мигель Де Сервантесын "Кихот ноён” жүжгээр хөшгөө нээсэн юм. Энэ бүтээл нь драмын жүжгийн төрөлд шилдэг бүтээл, найруулагч, гол дүр, туслах дүр гэсэн төрлүүдэд нэр дэвшсэн ажээ. Жүжигт дэлхийгээр хэрэн тэнүүчлэгч, хүлэг баатар Дон Кихот болон түүний зарц Санчо Панса нарын адал явдлын тухай өгүүлдэг. Тайж хувцастай эр ном уншсаар тайзны голд гарч ирэв. Энэ бол Дон Кихот. Тэрээр мөрөөдөмтгий, гэнэн, хүүхдэрхүү нэгэн. Мөн дундад зууны үеийн морьтнуудын тухай адал явдалт зохиол унших дуртай. Гэвч зохиолдоо хэтэрхий дурлан, номондоо орж өөрийн үсчин болох Николсийг заналт дайсан, тариачин бүсгүй Лоренсаг үзэсгэлэнт дагина Дульсинна гэж итгэдэг. Ийнхүү дайснаа дарж, үзэсгэлэнт бүсгүйгээ аврахаар шадар туслах Санчо Пансагийнхаа хамт аян замд гардаг. Гэвч ард түмэн түүнийг шоолж, тохуурхан элэглэнэ. Зохиолч Мигель Де Сервантес анх 1605 онд "Кихот ноён” зохиолоо хэвлүүлжээ. Түүнээс хойш он цаг улирах тусам уг зохиол үнэ цэнээ алдаагүй юм. Харин манай улсад анх дуурийн театр 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамяъндагвын дэглэлтээр балет хэлбэрээр нь тавьсан түүхтэй. Үүнээс хойш 42 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар энэ онд тавьсан билээ. Ийнхүү дэлхийн алдарт жүжгээр "Гэгээн муза-11” наадам ёслол төгөлдөр эхэллээ. Үүний араас энэ жилийн шилдэг бүтээлүүд үзэгчдийн мэлмийг баясгах нь.
Гэгээн муза-11” наадамд өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулж байна
Драмын жүжгийн төрөлд
УДЭТ-ын бүтээл "Кихот ноён”
"Х-ТҮЦ” продакшны бүтээл "Сэрүүн хасын нууц”
"Вlаск Вох” театрын бүтээл "Сандлууд”
"Египетийн "Давалгаа” театрын бүтээл "Хоёр хүний дэмийрэл”
Дуулалт жүжгийн төрөлд
Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл "Гоолингоо”
Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл "Ван хүний үр”
Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл "Ээрэн хүрээ”
Классик мюзикп” продакшны бүтээл "Ромео Жульетта”
ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл "Монгол шатрын домог”
Хүүхдийн жүжгийн төрөлд
УДЭТеатрын бүтээл "Норовын намтар”
ҮДБЭЧуулгын бүтээл "Эрх цагаан унага”
Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга” театрын бүтээл "Муурын байшин”
"Гацуурхан” театрын бүтээл "Чоно ба долоон ишиг”
Нэг хүний жүжгийн төрөлд
"Тэнгэрийн аялгуу” /Монгол/
Наташагийн мөрөөдөл” /Монгол/
"Солиорол” /Монгол/
"Бичлэг” /Монгол/
"Шүтээн гэмээр диван” /Монгол/
"Хүний дуу хоолой” /Тува/
"Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих