Амьдрал сайхан байна хэмээн албан тасалгааныхаа цонхоор харж баясан
суусан сайд нар үнэнд гүйцэгдэж улс орны эдийн засаг элэг дөрвөөрөө
мөлхөж, хүндрэл нь хямрал болоход хуруу дутуу байгааг хүлээн зөвшөөрсөн.
Улмаар эцэж ядарсан эдийн засгаа сэргээж сэхээдэггүй юм гэхэд амь тариа
ч болов хийхээр Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөгөө
УИХ-аар батлуулж авсан.
Эл төлөвлөгөөний дагуу бүсээ чангалж, хэрэглээгээ хумиж нэг үгээр өлөн зэлмүүхэн зүтгээд хэмнэсэн мөнгөөрөө ирээдүйгээ цогцлоож эх орноо хөгжүүлэх тухай хэдэн өдрийн турш шийдвэр гаргагчид ярилаа. Гэвч тэд биш, ард түмэн л бүсээ чангална. Тэгээд эрхэм дарга нарын ярьсан хэлсэн, амласан зүйлүүд нь бодит байдлаасаа нэлээд зөрж буй нь өнөөх сүрхий төлөвлөгөө хэрэгжиж эхлэхээс өмнө олонд ил болж байна.
Тодорхой хэлбэл, УИХ-ын 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс энэ сараас эхлээд оны эцэс хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаа Засгийн газар бараг амласан. Энэ нь 40 орчим тэрбум төгрөг болох юм гэсэн. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан гэж байгаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр энэ оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үусвэр дээр төсвийн тодотголоор 35 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан билээ.
Гэвч Төсвийн тодотголын дэлгэрэнгүй задаргаанд цалин хөлсний нэмэгдэлд 25 тэрбум 785 сая төгрөгийг л тусгасан байх юм. Энэ нь Ерөнхий сайдын хэлснээс 10 тэрбумаар дутуу гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ам, ажил нь алд дэлэм зөрдөг манай төрийн түшээдийн ээлжит нэгэн хошгируулалт төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай амлалт болж таарах нь.
Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэврийг хэзээ, хэдэн хувиар нэмэгдүүлэхийг хэлэхгүй, нууцаар гэнэтхэн нэмнэ гэсэн зарчимтай. Учир нь цалин, тэтгэвэр нэмэх талаар урьдчилан зарласнаас болоод бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдлээс нь давж өсдөг байдлаас сэрэмжилж буй юм хэмээн баярламаар мэдээг дуулгаж байсан. Гэвч тэдний нууцаар хийдэг зарчим нь хугацаа төдийгүй хувь хэмжээг ч давхар нууцалчихдагт л хамаг учир нь байгаа юм. Хөгшид тэтгэврийн хэдэн бор нь хэчнээн төгрөгөөр өсөхийг тааж чадахгүй дэмий л горьдсоны эцэст дусал төдийхнийг амсч хөхөө хавтгаад л өнгөрсөн. Одоо төрийн албан хаагчдыг ч мөн л горьдоогоод өнгөрөх нь тодорхой болов. Чуулганы танхимд Ерөнхий сайдын чанга дуугаар зарлаж байсан 35 тэрбум төгрөгөөс лавтайяа 10 тэрбум сох дутчихсан төсөл Их хурлын гишүүдийн ширээн дээр байна. Түүнээс гадна цалинг хөдөлмөрийн бүтээмжтэй нь уялдуулан нэмнэ гэж буй нь бас л нэг мэх.
Тэгээд ч сүүлийн гурван жилд тогтмол хоёр оронтой тоогоор тогтвортой өссөн инфляци иргэдийн цалинг хэдийнэ "залгичихсан". Цаашдаа инфляцийг номхотгоно гэх ч иргэд үүнийг нь хүлээж үнийн өсөлтөд дарлуулсаар байгаа учраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой.
Төрийн томчуудын энэ мэтээр ам ажил нь зөрдөг байдал төрийн албаныхны цалинг өсгөх амлалт дээр ч хэрэгжих нь тодорхой учраас цалингаа 35 тэрбумаар нэмүүлнэ хэмээсэн гэсэн итгэл хүлээлтээ орхих ёстой болж байна.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих