Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд, Маршал Хорлоогийн Чойбалсангийн тухай өгүүлэе.

Маршал Хорлоогийн Чойбалсан нь Манж Чин Улсын Сэцэнхан аймаг Ачит вангийн хошуунд /Одоогийн Дорнод аймгийн Хэрлэн, Чойбалсан, Баянтүмэн, Булган сумын нутаг дэвсгэр / 1895 оны 2-р сарын 8 нд Жамцын хүү болон мэндэлсэн. Хэдий эцэг нь Жамц боловч өөрийн эх Хорлоогоор овоглосон ба Дугар гэсэн нэртэй байжээ. Тухайн үед Монгол дахь Төвдийн буддын шашины "Чойбалсан" хэмээх хийдэд бага насандаа шавилан суудаг байснаас Чойбалсан нэрээр олноо танигдаж, уламаар Дугар нэрээ Чойбалсан гэж сольсон гэдэг. Нэрний тухайд Чойбалсан гэдэг нь "Сайн цогт ном эрдэм" гэсэн утгатай Төвд үг аж.
Маршал Х.Чойбалсангийн намтар бол 20-р зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдарлын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дэх магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдээртэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг Монголын улс төр нийгмийн амьдарлаас салган авч үзэх аргагүй билээ.
20-р зууны Монголын эхний 50 жилийн түүхийн эгзэгтэй үе буюу Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, ба эмгэнэлт түүхэн үе нь Х.Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр хоосон орон зай болно. Учир нь энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Х.Чойбалсан байсан. Ерөөс маршал Х.Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр өнөөгйн бие даасан, тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх.
Х.Чойбалсан хэмээх түүхт хүний талаарх сайн муу олон мэдээ, баримт бий. Ганцхан үнэн зүйл бол Х.Чойбалсан бол эсрэг тэсрэг зөрчлийн золиос. Тэрээр нэг талаас эмгэнэлт цаг үеийн цуст золиос, нөгөө талаас түүхэн цаг үед тодорсон баатар. Цөөхөн хүн амтай Монголын, таван эр хүн тутмын нэгийг нь егүүтгэсэн аюумшигт хядлагын шийдвэрлэх биш гэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн нь түүнийг яаж ч өмөөрөөд зөвтгөх аргагүй. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн бүрэн эрхт өнөөгийн Монгол улсыг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн түүний түүхэн гавъяаг яаж ч баллуурдаж чадахгүй. Та бидний мэдэх Маршал Х.Чойбалсан бол ял, гавъяа хоёроо хойч үедээ үлдээсэн түүхэн хүн мөнөөс мөн.
Дорнод нутгийн мэдээний Чойбалсан.мн сайт нь уншигч та бүхэндээ Нутгийн зон олны төдийгүй Монголчуудын бахархалт, түүхэн хүмүүний талаарх товч мэдээлэл болон Монголын Үндэсний музейд эх хувиараа хадгалагдан буй зарим зурагт баримтыг хүргэж байна.
Э.БАТСАЙХАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25823
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих