Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Булган сумын соёлын төвийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай Морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгосон.
Тус сумынхан их хуурчийнхаа хөшөөг Соёлын төвийн урд талбайдаа сүндэрлүүлэн, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр нээлтийг хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, сумын удирдлагууд болон Г.Жамъян хуурчийн үр хүүхдүүд Улаанбаатар хотоос ирж оролцлоо.
Их хуурчийн хөшөөний загварыг 1950-иад онд Олон улсын уралдаанд оролцож байх үеийн залуу насны зургаар бүтээж, уран барималч н.Энхтүвшин урлажээ.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, Төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн.
Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцжээ.Тэнд Гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ.
Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы "Бодол”, "Бяцхан дурдатгал”, А.Г.Рубинштейны "Аялгуу”, П.И.Чайковскийн "Баркороло” зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин ажээ.
Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртээсэн. "Цогттайж” жүжгийн "Алтанбүс”, "Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын "Минийбаясгалан” жүжиг, манай анхны бүжгэн жүжиг "Манай нэгдлийнхэн”-ий хөгжмийг зохиожээ. Дэлхийн Зон Олны 4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртсэн. Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн байна.
Гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан түүхтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих