Оршил
Монгол бөх бол манай ард түмний олон
мянганы тэртээд зохион бий болгоод төгс төгөлдөр болтол нь боловсруулан
үеэс үед өвлүүлэн ирсэн монголчуудын мартаж, гээж болохгүй соёлын
үнэт өв юм. Монгол бөх нь жинхэнэ монгол эр хүн-өрхийн тэргүүнийг
бэлддэг шалгарсан арга, дэг сургууль болон уламжлагджээ. Ийм ч учраас
нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд, олон зууны туршид Монгол бөх
"Эрийн гурван наадам"-ын манлай нь, бөхчүүд бахархал хүндлэлийн дээд нь
байсаар ирсэн түүхтэй.
Монгол улс шинэ хөгжлийн замд орсон үед
буюу 1990 онд Монголын үндэсний бөхийн холбоо(МҮБХ) байгуулагдан,
бөхийн асуудлыг эрхлэн ажиллах болсноор Монгол бөх урьд өмнө
байгаагүйгээр хөгжиж, улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн тоо эрс өссөн
байна. Гэвч орчин цагийн хүүхэд, залуучууд суугаа байдалд,
хөдөлгөөнгүйгээр үзэж харах, тоглох, цахим мэдээлэлд донтох зэргээс
шууд хамааралтайгаар бие бялдар, зарим эрхтэн тогтолцооны хөгжлөөр сул
дорой, ёс зүйн хувьд улам бүр монгол биш болсоор байгаа нь шийдвэрээ
хүлээсэн нийгмийн төвөгтэй асуудал нэгэнт болжээ.
Монгол бөх
суварган тогтолцоотой болох тухай анхны санааг дэвшүүлсэн өгүүлэлдээ уг
суваргын суурийг нийтийн монгол бөхөөр барилддаг эрчүүд, өсвөрийн
бөхчүүд хэмээн тодорхойлсон билээ. Энэ суурь хэчнээн өргөн, зузаан
байвал Монгол бөх-суварга бат бэх, урт настай байх нь ойлгомжтой.
Эл өгүүлэлд Монголчуудын бий болгосон соёлын үнэт өв болох Монгол
бөх-суварга бат бэх, урт настай байхын үндэс, монгол хөвгүүд бие
бялдарын хөгжил, ёс суртахууны төлөвшлөөрөө зөв монгол эр хүн байхын
шийдвэрлэх нөхцөл нь сурагчдад "Монгол бөх" хичээл заах явдал болохыг
нотлохыг зорив.
Монгол эр хүн бэлдэж ирсэн монгол уламжлал
Монголын ард түмэн эртнээс нааш монгол эр хүнийг бэлдэх үндсэн арга,
дэг сургууль нь Монгол бөх гэж үзсээр иржээ. Энэ нь Монгол бөх хэмээх
үндэсний их өв соёлдоо монгол эр хүний эзэмшвэл зохих бие бялдар, ёс
суртахууны эрхэм чанаруудыг шингээн үеэс үед уламжлуулсан ирсэн байдал,
эр хүн бүр бага балчраасаа барилдаж өсдөг орчин нөхцөл, зан заншлыг
тогтоон хэвшүүлсэн байдлаас тодорхой харагддаг.
Монгол эр хүний
бие бялдарын эрхэм чанар гэдэгт ажил амьдрал, ахуй нөхцлийн наад захын
саад бэрхшээлийг даах, улмаар дайн тулаанд баатарлан тэсцэх, хол ойрын
нүүдэл суудал хийх, байгаль цаг уурын хүнд нөхцөлд мал аж ахуй эрхлэх,
эмнэг хангал сурган эдлэх, ан гөрөө авлах зэрэг хүнд хучир ажлыг
түүртэлгүй хийж чадах бие болон, сэтгэлийн хатуужилтай, өлчир чийрэг
бие хаатай, мэдрэхүйн эрхтэний төгс хөгжилтэй эр хүн болон өсөн
торнихыг ойлгодог байжээ.
Харин монгол эр хүний ёс суртахууны
эрхэм чанар гэж зан төлвийн хувьд ихэс ахаст хүндлэлтэй, эмэгтэйчүүд,
хүүхдэд энэрэл халамжтай, аливаад хүлээцтэй, эерүү зөөлөн ханддаг,
ёс уламжлалыг танин мэдэж дээдлэн сахидаг, андлал нөхөрлөлдөө үнэнч,
ажил сурлагандаа шамдуу хүн болон төлөвшихийг хэлж байна.Товчоор хэлбэл
энэ бүхэн нь за гэвэл ёогүй, жудаг төгөлдөр, даруу төлөв зан суртахуун
юм.
Өрхийн тэргүүн, үр хүүхдийн эцэг болон айл гэрийнхээ
төдийгүй улс орныхоо хувь заяаг нуруундаа үүрэн дааж явах заяагдмал
сайхан үүрэгтэй эр хүнийг бие бялдар, ёс суртахууны энэ мэт эрхэм
чанартай хүн болгохын тулд хөвгүүдийг бага балчраас нь ахуйн бусад ажил
хөдөлмөртэй хослуулан хурганы бэлчээр, голын зүлэг, говийн элс, гэрийн
гадаа сав л хийвэл барилдуулж, урамшуулдаг уламжлал монгол орон даяар
өргөн дэлгэрсэн нь хөвгүүн бүр хүссэн ч, эс хүссэн ч, цаашид бөх болсон
ч, эс болсон ч барилдаж л өсдөг зан заншлыг бий болгон хэвшүүлжээ.
Өсвөр үеийнхний бие бялдар, ёс суртахууны өнөөгийн байдал
Улс орны хөгжил, нийгмийн хувьсал өөрчлөлтийг дагаад Монгол түмний
уламжлалт олон сайхан зан үйл, нүүдлийн соёл иргэншлийн олон дэг ёс
бүдгэрэн, зарим нь алдран мартагдсаар байна. Үүний нэг нь өмнө өгүүлсэн
жинхэнэ монгол эр хүн төлөвшүүлэхийн тулд монгол бөхөө ахуйн дэг
сургууль болгон ашиглаж, эрэгтэй хүүхэд бүрээ барилдуулж өсгөдөг байсан
бичигдээгүй хууль мэт зан заншил хүн амын дийлэнх нь буюу ... хувь нь
хот суурин газарт төвлөрсөнтэй уялдан аяндаа үгүй болоход хүрч байна.
Энэ байдлаас шууд шалтгаалан монгол эр хүн бүрд байсаар ирсэн бие
бялдар, ёс суртахууны эрхэм чанарууд бүдгэрсээр байна. Наад захын жишээ
нь цэргийн албанд татагдсан эрчүүдийн ихээхэн хувь нь бие бялдраар
тэнцэхгүй байх, сурагчдын олонх нь нүдний шилтэй, шүд нь цоорхой байх
зэрэг баримт болно. Энэ бол хүүхэд. залуучуудын маань зөвхөн бие
бялдар, эрхтэн тогтолцооны доройтлын жишээ юм.
Ёс суртахууны
хувьд монгол биш шинж байдал давамгайлж, харийг даган дуурайх хандлага
илт газар авсаар байгаагийн тодорхой илрэл нь гэр бүлийн тогтворгүй
байдал, салалт ихсэх, хамтран амьдрагч гэдэг монгол биш амьдралыг
сонгох, элдэв гэмт хэрэг үйлдэх, архи тамхи, бүр хар тамхи хэрэглэх
зэрэг засахад бэрх гажуудлууд юм.
Энэ бүхэн хөвгүүн бүрээ
барилдуулж өсгөдөг, тэр хэрээрээ эрүүл чийрэг бие хаатай, зөв зан
суртахуунтай эр хүн болгон төлөвшүүлдэг байсан монгол зан заншил,
уламжлал алдагдсан, сургуулийн биеийн тамирын хичээл ор нэрийн төдий
болсон, сурагчид хичээлийн бус цагаараа спорт, монгол бөхөөрөө
хичээллэх танхим, эд зүйллэг орчин байхгүй болсон, сурган хүмүүжүүлэх
ухааны сурлага-хүмүүжил гэдэг салшгүй хос ойлголтын хүмүүжлийг
боловсролын тогтолцооноос авч хаясан, суугаа байдалд, хөдөлгөөнгүйгээр
үзэж харах, тоглох, улмаар цахим мэдээлэлд донтох зэрэг нийгмийн
шинжтэй, бодлогын алдаатай холбоотой олон шалтгаантай юм.
"Монгол бөх" хичээл, түүний нийгмийн ач холбогдол
Монголын үндэсний бөхийн холбооноос зохиогчийн оролцоотойгоор "Нутгийн
салхи" хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. . Энэ хөтөлбөрөөр
монгол улсын нийт сургуулийг 60м2 хивс, 8 ширхэг зодог шуудаг(биеэс
-хэмжээ авах, эсгэх, оёх, ширэх аргачлал, эсгүүрийн хамт), 8 ширхэг
"Монгол бөхөд анхлан суралцах бичиг" гарын авалга, 3 ширхэг "Монгол
бөхийн нэвтэрхий толь"-иос бүрдэх үндэсний бөхийн сургалтын иж бүрдэл
хэрэглэгдэхүүнээр хангаж байна.
Одоогийн байдлаар манай улсын
755 ЕБС-ийн 621 нь төрийн өмчийн сургууль бөгөөд үүнээс нийслэлд 207,
хөдөөд 548 сургууль ажиллаж байна. Хувийн өмчийн 134 сургуулийн 97 нь
нийслэлд, 37 нь аймгуудад байна. "Нутгийн салхи" хөтөлбөр одоогоор
төрийн өмчийн бүх сургуульд хэрэгжээд байгаа бөгөөд МҮБХ улмаар энэ
жилээс хувийн хэвшлийн сургуулиудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр монголын бүх ЕБС-д "Монгол бөх" хичээл заах эд зүйллэг орчин
бүрдэнэ.
Сурагчдад "Монгол бөх" хичээл заах эрх зүйн орчинг
бүрдүүлэх, хичээлийн хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох, багш
бэлдэх талаар БШУЯ-тай МҮБХ идэвхтэй хамтран ажиллаж байна. Ийнхүү эд
зүйллэг болон эрх зүйн орчин бүрдсэн цагт сурагчдад Монгол бөхийн тухай
онол, дадлагын хангалттай мэдлэг олгохын зэрэгцээ монгол зан заншил ,
хүмүүжил, ёс суртахууны суурь мэдлэг, дадал хэвшил олгох "Монгол бөх"
хичээлийг 5-6-аас дээш ангийн эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдэд жил бүр
10-аас доошгүй цагаар зааж, жил бүр анги, бүлэг, сургуулийн аварга
шалгаруулах барилдааныг зохион байгуулах замаар эрэгтэй хүүхэд бүрийг
"Монгол бөх" хэмээх монголчуудын өв соёлын их мөрөн дундуур сэлүүлж,
умбуулж, гатлуулж гаргадаг болох юм.
Энэ бол өнөөдрийн сурагч,
маргаашийн өрхийн тэргүүнийг өмнө өгүүлсэн бие бялдар, ёс суртахууны
эрхэм чанар бүхий жинхэнэ монгол эр хүн болгон төлөвшүүлэх шалгарсан
арга гэж үзэж байна.
Аливаа спорт эх оронч, хамт олонч сэтгэл,
сэтгэлгээтэй болох, ялж, ялагдаж сурах, өөрөөс илүүг хүлээн зөвшөөрч
сурах зэрэг сэтгэл зүйн давуу талыг хүнд олгодог. Монгол бөх жингийн
ялгаагүй, нарийн тогтоосон цаг хугацаагүй, зүлэг, шороон дээр хур
бороотой, хурц нартай үед ч барилддаг, учраагаа хайрлах, ёс жудагтай
байхыг цаг ямагт шаарддаг онцлогтой тул спортын дээрх бүх шинжүүдээс
гадна хүнийг хатуу гараар зөөлөн хүмүүжүүлэх арга ухааныг өөртөө
шингээсэн байдаг.
Ийм онцлогтой, монголчуудын генд хадгалаастай
өв соёлыг "Монгол бөх" хичээлээр заалгаж, анги, бүлэг, сургуулийн
аваргын төлөө барилдаж үзсэн хөвгүүдээс улс, тив, дэлхий, олимпийн
дэвжээнд алдраа дуурсгах бөхчүүд, тамирчид олноор төрөн гарах нь
эргэлзээгүй. Мөн Монгол бөхөө дээдэлдэг, дэмждэг, шимтэн үздэг эрчүүд,
бүсгүйчүүдийн бүхэл бүтэн давхрага шинээр бий болно.
Эмэгтэй
сурагчид монгол бөх хэмээх их өв соёлын тухай цэгцтэй ойлголт,
хангалттай мэдлэгтэй болсноор бөхчүүд, эрчүүдийг хүндлэн дээдлэх зөв ёс
зүйтэй болохын хамт технологийн хичээлээрээ зодог шуудаг эсгэх оёх,
ширэх урлагийг эзэмших, улмаар дээл хувцасаа өөрөө эсгэн оёх сонирхол,
эрмэлзлэлтэй болох юм. Нөгөө талаас монгол бөхийн барилдааны онцлог,
давуу талуудыг онолын хичээлээр заалгаснаар манай оронд хөгжиж байгаа
олон улсын бөхийн төрлүүдээс сонгон хичээллэх сонирхолтой болж, сайн
тамирчин болон амжилт гаргах бололцоотой билээ.
Дүгнэлт
1 .ЕБС-ийн сурагчдад дунд ангиас нь эхлэн сурагчдад "Монгол бөх"
хичээлийг жилд 10-аас багагүй цагаар заадаг тогтолцоонд цаг алдалгүй
орох шаардлагатай байна. Үүний тулд сургалтын хөтөлбөр боловсруулах,
сурах бичиг зохиох талаар БШУЯ, МҮБХ хамтран шаргуу ажиллах хэрэгтэй гэж
үзэж байна.
2. "Монгол бөх" хичээлийг сурагчдад зааснаар
хүүхэд, залуучуудын бие бялдарын доройтол, ёс суртахууны гажуудал
арлихад хүчтэй нөлөө үзүүлж, нийгэмд эр хүний эзлэх байр суурь, нэр
хүнд өсөн, айл гэр амгалантай сайхан аж төрөх суурь нөхцөл бүрдэх нь
гарцаагүй.
3."Монгол бөх" хичээлийг сурагчдад заасны үрээр
"Монгол бөх-суварга"-ын суурь улам өргөн, зузаан бат бэх болж,
ЮНЕСКО-ийн биет бус өвийн хамгаалалтын болон төлөөллийн жагсаалтанд
бүртгүүлсэн "Монгол бөх" хэмээх монголчуудын соёлын үнэт өв улам мандан
хөгжих болно.
4."Монгол бөх" хичээл нь Монгол бөхийн болон
хүмүүжил, ёс суртахууны хичээл байхаар бодолцон сурах бичгийг зохиох нь
зүйтэй юм.
5."Монгол бөх" хичээлийг эхний үед заавал биеийн
тамирын багш гэхгүйгээр бөх мэддэг, сонирхдог өөр мэргэжлийн багш,
тухайн орон нутагт
ажиллаж амьдарч буй сум аймаг, улсын цолтой, зохих боловсролтой бөхчүүд заах бололцоотой гэж үзэж байна.
6.Биеийн тамир, спортын дээд мэргэжилтэн бэлддэг дээд сургуулиуд
төгсөгчдөдөө "Монгол бөх" хичээл заах мэдлэг, дадлага олгоход анхааран
сургалтын хөтөлбөрөө нарийвчлах шаардлагатай гэж үзэж байна.
Ном зүй
1."Монгол бөхийн нэвтэрхий толь". 2013 он, Улаанбаатар хот.
2.МҮБХ-ны ажлын тайлан. 2013 он.
3.Б.Бат-Эрдэнэ, Монгол бөх- суврага(Энэ товхимолд). 2012 он.
4.Судалгааны тоо баритм авч, эх сурвалжийг заах
5. Судалгааны тоо баритм авч, эх сурвалжийг заах
2014.01.04.
Цаашид бичиж болох өгүүллийн санаа:
БӨХИЙН АМЖИЛТ, НЭР ХҮНДИЙН ХАРЬЦААНЫ ЗҮЙ ТОГТОЛ
Амжилтыг тодорхойлох үндсэн аргументууд:
Бяр, тэнхээ, хүч, чадал, мэх, авхаалж, тэвчээр, тэсвэр, уян хатан
чанар, мэдрэмж, хараа, хурд, хүндийн төв, тогтоц(унаа хол), ухаан
Жудаг чанарыг тодорхойлох аргументууд:
Суурь ухаан, даруу
зан, өрөвч сэтгэл, ёс суртахуун, итгэл хүлээх чанар, хайр даах ухаан,
бусдыг хүндлэх чанар, хүмүүжил, боловсрол, харьцааны болон биеэ авч
явах соёл, төлөв төвшин байдал, Амжилтын болон жудгийн аргументууд
хоорондоо ямар холбоо хамааралтайг гарган бичих хэрэгтэй болно.
Ер нь сэдвийнхээ төлөвлөгөөтэй уялдуулсан өгүүллүүд бичиж байх ёстой
бөгөөд тэдгээр нь эцэстээ нийлээд диссертац болж байвал сайн.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих