2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ талаар бид аймгийн ЗДТГ-ын, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Гансүхээс тодрууллаа.
2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өнгөрлөө, энэ жилийн хувьд хичнээн иргэн цэрэг татлагад хамрагдав?
2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 20-22 ний өдрүүдэд Чойбалсан хотод төвлөрүүлэн зохион байгуулж явуулан цэргийн жинхэнэ албанд тэнцсэн иргэдийг Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбарт нь хүлээлгэн өглөө.
Ээлжит цэрэг татлагын товчооны эмч нарын эрүүл мэндийн үзлэгт 18-26 насны 637 иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 182 иргэн буюу 28,5 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцсэн.
Залуус ямар шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй байна?
Нийт 455 иргэн буюу 71,5 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй. Чих хамар хоолой, мэс засал, дотрын чиглэлийн өвчлөл манай аймагт зонхилж байна.
Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн 182 залуусаас 125 иргэнийг цэргийн жинхэнэ албанд татаж 57 иргэнийг ар гэрийн гачигдал болон бусад үндэслэлээр энэ жил цэргийн албанаас түр чөлөөлсөн.
Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа залуучуудыг гэнэтийн ослын даатгалд 1 жилийн хугацаатайгаа даатгуулах ажлыг Дорнод аймаг дахь даатгалын байгууллагуудтай хамтран зохион байгуулаад байна. Мөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэл газартай хамтран эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.
Боловсролын түвшингийн хувьд энэ жил ямар байна?
Энэ жил цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэдийг боловсролын түвшинд авч үзвэл Дээд боловсролтой 14, тусгай дунд 36, бүрэнд дунд 46 иргэд байна. Бичиг үсэг бага болон үл мэдэгч залуус байхгүй байна.
Аймгийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр цэргийн жинхэнэ албанд татаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн хяналтын тоог биелүүлж ажиллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих