Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэдний хөгжил, төлөвшил, оролцоог хангах, хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, гэр бүл олон нийттэй хамтран ажиллах зэрэг өргөн цар хүрээнд ЕБС-ийн нийгмийн ажилтнууд ажилладаг. БМДИ-ээс энэ удаад зүүн бүсийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад "Хүүхэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад хөдөө орон нутгийн нийт 69 нийгмийн ажилтан оролцсон юм. ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээг үзүүлэх арга зүй, гэр бүлтэй ажиллах, ур чадвараа сайжруулах тулгамдсан хэрэгцээ байгаа нь ажиглалт судалгаанаас тодорхой харагдаж байна. Учир нь нийгмийн орчны сөрөг нөлөө, гэр бүлийн орчин, эцэг эхчүүдийн хүүхэд дээ хайхрамжгүй хандаж байгаагаас шалтгаалж, эрсдэлт бүлгийн сөрөг зан үйлтэй хүүхдүүд нэмэгдэж байгааг БМДИ-ийн сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн сургалт хариуцсан арга зүйч Н.Болормаа хэллээ.
Харин нийгмийн ажилтнуудад эрсдэлт бүлгийн хүүхдүүдтэй ажиллахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Тиймээс энэ удаагийн сургалтын агуулгад "Хүүхэд хамгааллын үндсэн ойлголт, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр, илрэх шинж тэмдэгүүд, үр дагавар", "Сургуулийн нийгмийн ажлын үнэт зүйлс, ёс зүйн асуудал", "Хүчирхийлэл ба үл хайхрах явдалд өртсөн хүүхдийн гэр бүлтэй ажиллах аргазүй", "Хорт зуршил хэрэглэдэг болон хэрэглэж болзошгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ", "Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бүртгэл хөтлөх, нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал", "Хүүхдийг судлах, оношлох аргууд " "Сэтгэл заслын үйлчилгээ" "Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд" зэрэг нийгмийн ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн олон сэдвүүд багтжээ.
Өнгөрсөн онд хангайн бүсийн нийт 72 нийгмийн ажилтан, нийслэлийн сургуулиудын 127 нийгмийн ажилтныг сургалтад хамруулж байсан бол энэ удаад зүүн бүсийн сургуулийн нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм.
Энэхүу сургалтад хамрагдаж байгаа Хэнтий аймгийн "Тэмүүжин" цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Н. Батсайхантай ярилцлаа.
-"Тэмүүжин" цогцолбор сургуульд зайлшгүй анхаарал тавьж ажиллах хичнээн хүүхэд байдаг вэ. Эдгээр хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж байна вэ?-Манай сургуулийн хувьд хөдөө орон нутгаас ирж суралцах хүүхдийн тоо их байдаг. Мөн эцэг эх нь салсан хүүхдүүдүүдийн тухайд сургууль завсардах хичээл номондоо дургүй болох зэрэг сөрөг үр дагавар олон тохиолдож байна. Тиймээс ийм хүүхдүүдтэй хэрхэн ажиллах тал дээр мэргэжлийн сэтгэл судлаачаас зөвлөгөе авдаг. Тухайлбал, манай сургуульд ээж аав нь салсан, харин хүү нь айлд амьдардаг нэг хүүхэд бий. Эцэг эхийн зүгээс ямар ч анхаарал халамж үзүүлдэггүй. Тиймээс бидний зүгээс хийж чадах зүйл бол дуртай дугуйлан секцэд нь хамруулж, анги хамт олонтой нь хамт байлгахыг зорьж байна.
-Танай аймгийн хувьд эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд туслах дэмжих тал дээр хэрхэн ажилладаг вэ. Сургуулийнхаа нийгмийн ажилтнуудтай хэр уялдаа холбоотой байна вэ?
-Хэнтий аймагт "Нийгмийн ажилтны холбоо" гэж байгуулагдсан. Мөн хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдтэйгээ хамтран ажиллахаас гадна бид хамтарсан багаар ажилладаг. Мөн саяхан "Хүүхэд хамгааллын байр"-тай болсон. Тус байранд мэргэжлийн сэтгэл судлаач ажиллаж байна. Тиймээс ихээхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа.
Б.ХАНД /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2729
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих