Ламын гэгээний YIII дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэн номын багшийн хамт Монголд ирж буйтай холбогдуулж, "Ламын гэгээн Монгол Сүнчой” ТББ, зурхайч Л.Тэрбишдагва болон эрдэмтэн судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ сарын 10 буюу маргааш эх орондоо ирэх аж. Учир нь Монголын бурхан шашны томоохон төлөөлөгчдийн нэг Ламын гэгээний мэндэлсний 375 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Баянхонгор аймагт тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Иймд Ламын гэгээний мэндэлсний 375 жилийн ойг ирэх долоодугаар сарын 23-26-нд тэмдэглэж, "Төвийн бүсийн хурд-2014” уралдаан зохон байгуулан VIII дүр Данзанжамбалчойжишинэнг ширээнд залах хүндэтгэлийн даншиг наадмыг зохион байгуулах гэнэ.
Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнгийн /Б.Эрдэнэбат/ хувьд Монголоос тодорсон анхны дүр нь бөгөөд түүнийг 2010 онд 14 настай байхад нь Баянхонгор аймгаас тодруулжээ.
Өдгөө тэрбээр бурхан шашны их өлгий болсон Түвдэд шавилан сууж, шамдан суралцаж байгаа бөгөөд багшийн хамт ийнхүү 375 жилийн ойд хүрэлцэн ирж буй аж.
Түүнчлэн энэхүү ойд Энэтхэг, Түвдээс бурхан шашны томоохон төлөөлөл болсон хамба нар оролцохоор ирэх юм байна.
ЛАМЫН ГЭГЭЭН ГЭЖ ХЭН БЭ?
Ламын гэгээн Лувсанданзанжанцан Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ.
Тэрбээр Бурханы шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч байсан байна.
Чингисийн гуч дахь үеийн хөндлөн Цүхүр ноёны хөвүүн Лувсанданзанжанцан 1643 онд Түвдийн БанчинЭрдэнийн бошгоор Дашлхүмбэ хийдийн хамба асан Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорсон байна. Долоон настай хүү 1645 онд Гачин цорж Лувсанярин¬пилээс тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх сахилын нэр хүртсэн гэдэг.
"Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан нь дорно дахины их, бага таван ухааны номд тэгш боловсорсон эрдэмтэн бандида нарын зэрэгт хүрсэн нь бий.
- II дүр Лувсанбанчинбалбар (1705-1787)
- III дүр Цэвээнжавчог (1789-1845)
- IV дүр Балдандамбачүлтэм (1846-1860)
- V дүр Принлайтогмид(1862-1907)
- VI дүр Жамъяндорж (1910-1912)
- VII дүр Цэрэндорж (1913-1937).
- VIII Б.Эрдэнэбат (1996)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих