АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ явуулж буй үйл ажиллагааг харгалзан тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсоох чиглэлийг засаг захиргаандаа өгсөн гэж мэдэгджээ.
Д.Трамп Цагаан ордонд мягмар гаргийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр, "ДЭМБ үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул хариуцлагаа хүлээх хэрэгтэй" гэж хэлжээ. Мөн тэрээр тус байгууллага вирусний талаарх БНХАУ-ын “буруу ташаа мэдээлэл”-ийг хөхиүлэн дэмжсэн нь вирус өргөн цар хүрээг хамран тархахад хүргэсэн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ нь Швейцарын Женев хотод төвтэй ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд 2019 онд 400 сая гаруй ам.долларын санхүүжүүлэлт олгосон нь тус байгууллагын төсвийн 15 хувьтай тэнцсэн юм.
Д.Трамп дэлхий даяар эрүүл мэндийн хямрал үргэлжилж буйтай холбогдуулан сүүлийн үед ДЭМБ-ыг шүүмжлэх нь ихэссэн бөгөөд тэрээр засаг захираагаанаас нь авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг шүүмжилсэнд дургүйцэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн ДЭМБ-ын төсвийг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй гэж өмнө нь мэдэгдээд байсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нэн даруй шүүмжлэлд өртсөн байна. Америкийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, доктор Патрис Харрис уг шийдвэрийг “COVID-19” халдварыг ялан дийлэхэд хүндрэл учруулах аюултай алхам хэмээгээд, Д.Трампад дахин тунгаан бодохыг уриалжээ.
Бүгд Найрамдах намын Ерөнхийлөгч ДЭМБ-ыг цар тахал анх дэгдэх үед БНХАУ-д хэт зөөлөн хандаж, тус улс руу зорчихыг хориглоогүй нь олон хүн амь насаа алдахад хүргэсэн хэмээн буруутгасан байна.
АНУ-д “COVID-19” халдвараар нас барсан хүний тоо мягмар гарагт 25700-д хүрч, нийт 600 мянга гаруй хүн халдвар авсныг “Reuters” агентлагийн тоон үзүүлэлтүүд харуулжээ. Түүнчлэн Америкийн олон сая иргэн ажлын байраа алдаж, ард иргэдийг гэртээ байж, бизнесийн үйл ажиллагаануудыг зогсоохыг үүрэг болгосонтой холбоотойгоор эдийн засаг туйлдахад хүрч байгаа ажээ.
Э.Хулан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих