
Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Өвгөн "жигүүртэй биш яая гэхэв дээ хүү минь" гэсэн янзтай над руу дуугүйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Өвгөн ах "бий нь чиг бий" гээд хясааны орой өөд өрөөсөн нүдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бүсгүй хүн тийшээ ойртох ер хэрэггүй” гэснээ "Yгүй, намайг багад, эсэргүүний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад хөөгдөөд дээгүүр гараад ирж байсан л юм даа.
Тэр одоо ер гарсан хирнээ тэнхлүүхэн өвгөн байгаа. Хясаагаар нэвтэрснээс хамаг барцад нь арилсан гэцгээдэг юм. Хэцүү үед хүний төрж өссөн нутаг өөрийн үр сад болсон хүнээ заавал эргэн хардаг юм шүү. Бид чинь энэ сайхан хангайнхаа үр сад нь хойно арга ч үгүй байх даа" гэж ярилаа,
Бид хясааны хажуугийн цавчим ганга өөд мацсаар нарийн жим дээр хүрч очлоо. Доошоо харахад нүд эрээлжлэн, толгой эргэхэд зориг мохов. Өвгөн гуай "Ийм л байна даа охин минь. Өөрөө бодож шийдэх шиг итгэлтэй юм байхгүй. Ийм үед ах нь хөндлөнгөөс юу гэж хэлэх вэ дээ. Төрүүлсэн эх нь цаана нь хүлээж байхад хорих эрх алга даа" гэлээ.
Намайг "Та буц даа” гэж хэлээд оруулганы зүг морио хөтлөн алхтал араас гүйцэж ирээд "За охин минь нэгэнт сэтгэл шулуудсан бол айж эмээх хэрэггүй шүү. Ер нь зориг мэднэ. Морио хөл алдвал цулбуураа сул тавиад л амь гарахыг бодно шүү. Морь хэдий хайран ч ямар хүн биш дээ. Гол нь замаа сайн хараад уужуу тайвуу явбал алзахгүй" гэж захиад олом чангалж богцыг эмээлийн ганзагаар даруулан дөрөө шууж егөв. Тэр дахиад л "За охин минь тун мэдээтэй яваарай. Өлзийгөө өгсөн нутаг минь түших байгаа" хэмээсээр хоцров.
Айснаас болоод нутгийн буурлын захиасыг ч мартан цулбуураа алганыхаа хөлсөнд чийгттэл нь чанга атгаснаа өөрөө ч анзаарах сөгөө байсангүй.
Би хавцгайн элгээр хэдрэн тогтсон нарийн үеийг даган тэмтчих мэт урагшилж явна. Өвдөг чичирч толгой эргэнэ. Хөл гишгих тоолонд бяцхан чулуунууд ширмэн тогоо хангинах мэт цуурай татуулсаар ар араасаа цувран нисэж одно. Чулуу хүртэл айсандаа эцсийн удаа дуу алдах мэт буюу ..
Морины хөх мах нь татвалзан шээс алдаж, хэцэн дээгүүр гэтэх муур адил сэмээрхэн зөөж гишгэх туурайных нь сагага чичирч буйг мэдэрч байлаа. Нүдний өрөөсөн буланд доорх их ус эргэлдэж ширмэн тогоонд даргилан буцлах хар цай мэт хууригнан харагдана. Хавцгайн ёроол руу харахаас нүд халтирч зөвхөн өмнөх зөрөг замаасаа харц салгалгүй ширтэн айж болохгүй гэсэн бодлоосоо ч айж амьсгалаа даран явахад урдах зам руу өөрийн эрхгүй нүд унана.
Цээжин бие доргитол түгших зүрхээ аргадан хелөө зөөсөөр... Эмээлийн шуусан дөрөө хад шүргэх тоолон зүрх зүсэгдэх мэт. Гэтэл хэдийдээ өмнө хүрээд ирсэн юм бүү мэд хэн нэг хүн халуун алгандаа гарыг минь атгаж итгэлтэйгээр урагш алхаж явна. Айснаас хөшсөн өвдөг мэдээ орж аврагдах итгэлд бие тавигдан ахисаар хавцгайн нарийхан үелэл өргөн болчихсон санагдана. Нэг мэдэхэд хясаа өнгөрч, нэрийг нь үл мэдэх талын захад хүрчихсэн байлаа. Асгарсан хөлс хатаж амжаагүй байхад алга болсон тэр хүний зүсийг би таньж амжсангүй. Ард биш өмнө минь явсан учир амьд мэнд гарсныг нь мэдэж болох юм. Бэрх цагт тэр хүний хүргэсэн тусыг би зүүдэндээ ингэж нэг хүртсэн юм. Зүүд нойр ухаан санаанд минь чухам хэн юу хэлнэ вэ. Би энэ тухай сэтгэл зүрхнээсээ дахин давтан асуунам. Бэрх хэцүү үед нөхөртөе тус хүргэж чадах хүн чанарыг минь үнэлэхдээ хэрэг болгон хавцгайн элэгнээс намайг аварсан юм болов уу, Эсвэл ... /Батын Лхагвасүрэн/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3450
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих