Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр Н хэсгийн эхний,
А хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдав. Талбайн эзэн дэлхийн
таван удаагийн аварга Бразилын баг Мексиктэй хуурай тэнцэв. Н хэсэгт
орсон манай хойд хөрш ОХУ-ын баг БНСУ-тай 1:1-ээр тэнцэж, "улаан
чөтгөрүүд” гэгддэг Бельгийн шигшээ Алжирыг 2:1-ээр ялжээ.
БРАЗИЛ - МЕКСИК 0:0
Бразил: Жулио Сезар, Алвеш, Силва, Луис, Марсело, Густаво, Паулиньо, Рамирес (Бернард 46), Оскар (Виллиан 84), Неймар, Фред (Жо 68)
Мексик: Очоа, Маркес, Родригес, Морено, Васкес, Агилар, Эррера (Фабиан 76), Гуардадо, Лаюн, Перальта (Эрнандес 74), Дос Сантос (Хименес, 84)
Шар хуудас: Рамирес, Агилар
ДАШТ-ийг зохион байгуулагч, дэлхийн таван удаагийн аварга Бразилын баг Мексикийн шигшээтэй хуурай тэнцлээ. Тоглолтын өмнө Бразил ДАШТ-ий сүүлийн 25 тоглолтдоо ганцхан удаа гоолгүй тэнцсэн гэсэн үзүүлэлттэй байсан юм. Түүнчлэн Бразил Мексикийн шигшээтэй ДАШТ-д гурван удаа таарахдаа нийтдээ 11 гоол оруулж, гурвууланд хожиж байжээ. Тоглолтын гол баатраар Мексикийн хаалгач Гильермо Очоа тодров. Тэрээр Бразилын тоглогчдын гарцаагүй гоол болохоор олон ч цохилтыг хаасан юм. Очоа Бразилын 5-6 аюултай цохилтыг хааж чадав. Мексикийн шигшээ "хөлбөмбөгийн ид шидтэнгүүдээс” огт эмээлгүй хариу довтолж, хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн.
Бразилын нэрт хөлбөмбөгч Роберто Карлос тоглолтын дараа "Дэлхийн аваргын тоглолт амархан байдаггүй. Бразил-Мексикийн тоглолт их сонирхол татлаа. Мексикийн шигшээ сайн байна. Миний бодлоор манай багт чадварлаг хагас хамгаалагч илт дутагдаж байна. Би Роналдиньо, Кака, Робиньо нарыг урьчихмаар л санагдлаа” гэв. Харин Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари Мексиктэй гоолгүй тэнцсэнийг шударга хэмээн дүгнэжээ. "Мексикийн шигшээ тун чанартай сайн тоглолоо. Тэд биеийн бэлтгэл их сайтай байлаа. Хоёр баг хоёулаа л гоол оруулах боломжтой байсан ч чадсангүй. Хуурай тэнцэх нь тааруухан дүн. Гэхдээ энэ тоглолтын хувьд шударга. Хожихыг хүссэн ч тэд үнэхээр сайн байлаа” гэж Сколари хэлсэн байна.
Дэлхийн таван удаагийн аваргатай тэнцэж чадсан Мексикийн шигшээ хэсгээсээ гарах магадлал өндөртэй үлдлээ. Тэд сүүлчийн тойрогт Хорваттай тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах юм. Харин бразилчуудын хувьд Камеруны багийг хожиж байж хэсгээ тэргүүлэх шаардлагатай болж байна.
"УЛААН ЧӨТГӨРҮҮД” АЛЖИРЫГ ЗҮДЭРЧ ХОЖИВ
БЕЛЬГИ - АЛЖИР - 2:1
Гоол: Фегули 24-торгуулийн цохилтоор, Феллаини 70, Мертенс 80,
Бельги: Куртуа, Вертонген, Компани, ван Бюйтен, Альдерверейрельд, Дембеле (Феллаини, 65), Витсель, Азар, де Брейне, Чадли (Мертенс, 46), Лукаку (Ориги, 58)
Алжир: Мболи, Мостефа, Бугерра, Аллиш, Гулам, Тайдер, Межани (Гиля, 84), Бенталеб, Фегули, Судани (Слимани, 66), Марез (Ласен, 71)
Шар хуудас: Вертонген, Бенталеб
Бельги эхний тоглолтондоо Африкийн "Цөлийн үнэг” хочит Алжирын шигшээг 2:1-ийн харьцаатай арайхийж хожлоо. Бельгийн шигшээ багийг энэ дэлхийн аваргаар хагас шигшээд ч хүрч магадгүй гэж өндөр итгэл найдвар хүлээлгэж буй хүн олон. Гэсэн "Улаан чөтгөрүүд” хэмээх Бельгийн шигшээ Алжирт ялагдах дөхсөн. Нэгдүгээр үеийн дунд Вертонген Фегулиг торгуулийнхаа талбайд гараараа татаж унагаан Алжирын баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэхээр болсон. Торгуулийн цохилтыг Фегули амжилттай гүйцэтгэж тоглолтыг хошуучилж эхлэв. Хоёрдугаар үеийн 70 дахь минутад Феллаини тоог тэнцүүлсэн бол 80 дахь минутад Мертенс хожлын гоолыг оруулсан юм. Хэдийгээр Бельгийн шигшээ хожсон ч гэсэн хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд хүрсэнгүй.
КАПЕЛЛОГ ТӨРСӨН ӨДРӨӨР БАЯРЛУУЛЖ ЧАДСАНГҮЙ
ОХУ - БНСУ 1:1
Гоол: Ли Гын Хо 68, Кержаков 74.
ОХУ: Акинфеев, Ещенко, В.Березуцкий, Игнашевич, Д.Комбаров, Файзулин, Глушаков (Денисов, 72), Шатов (Загоев, 59), Самедов, Жирков (Кержаков, 71), Кокорин.
Өмнөд Солонгос: Чон Сон Рен, Ли Юн, Хон Жон Хо (Хван Сок Хо, 72), Ким Ен Гвон, Юн Сук Ен, Ан Гук Ен, Ки Сон Ен, Ли Чун Юн, Гу Ча Чоль, Сон Хын Мин (Ким Бо Ген, 84), Пак Чу Юн (Ли Гын Хо, 56).
Шар хуудас: Сон Хын Мин (13), Ки Сон Ен (30), Шатов (49), Гу Ча Чхоль (90).
Манай хойд хөрш Орос ах нар БНСУ-ын шигшээд золтой л хожигдсонгүй. Тоглолтын эхний хагаст гоол орсонгүй. Хоёрдугаар үеийн 68 дахь минутад Ли Гын Хо гоол оруулж, БНСУ-ын баг тэргүүлж эхэлсэн юм. Оросын хаалгач Игорь Акинфеев бүдүүлэг алдаа гаргаж хялбархан барьчихаар бөмбөгийг хаалгандаа алдав. Сэлгээгээр гарч ирсэн Александр Кержаков 74 дэх минутад гоол оруулж оросууд ялагдахаас аврагдсан юм. Эхний үед Оросын тоглогчид өндөр прессинг хийж, хурдан арагш татаж тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс солонгосууд илүүрхэж эхэлсэн. ОХУ-ын багийн ахлах дасгалжуулагч Фабио Капеллогийн төрсөн өдөр байсан ч шавь нар нь баярлуулж чадсангүй. Сонирхолтой нь хоёр багийн тоглолтыг шүүсэн Аргентины Нестор Питанагийн төрсөн өдөр ч мөн өдөр давхар тохиожээ.
Хаалгандаа амархан бөмбөгийг алдсан Оросын шигшээгийн хаалгач Игорь Акинфеев тоглолтын дараа хэлэхдээ "Хөгжөөн дэмжигчид болон багийнхнаасаа уучлал эрж байна. Бөмбөгөнд учир байгаагүй. Миний гар л болж өгсөнгүй. Та бүхнээсээ дахиад уучлал эрж байна. Дахиад ийм алдаа гаргахгүй” гэжээ.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих