Монголын
эдийн засагт "сэргээш” хэрэгтэй байгаагаар далимдуулж Монголын язгуур
эрх ашигт харшилсан, Үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх асуудлыг
УИХ-аар ярьж байна. Өргөн нарийн царигийн асуудлаар сүүлийн хэдэн жил
маргасан. Гэвч энэ жилээс төмөр замын царигийн асуудлыг эцэслэхээр
Засгийн газраас хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэхдээ Засгийн
газраас төмөр замаа өргөн, нарийн хоёулангаар нь барихаар оруулж ирсэн
бөгөөд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг
нарийн царигтай болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Тодруулбал Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл 550 км 1435 мм-ийн буюу нарийн царигтай төмөр замыг тавих аж. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдана гэсэн үг юм. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг 1520 мм-ийн буюу өргөн царигтай барихаар тусгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд хуралдаж, төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэн байр сууриа илэрхийлсэн. "Шударга ёс” эвлийн бүлэг засгийн газрын байр суурийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг "Төмөр замын асуудлаа шийдээгүйн улмаас нүүрсний үнэ уналтад орсон. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг даруй шийдвэрлэх ёстой" гэсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлыг тал бүрээс нь судлах шаардлагатай гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар болсон билээ.
Ямартай ч ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө дуугардаг сөрөг хүчний гишүүдийн хувьд төмөр замын царигийн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа бололтой. Мягмар гаригийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр нэр бүхий гишүүд нарийн царигийг зүтгүүлсээр байгаад баталсан талаар С.Ганбаатар гишүүн твиттер хуудсаараа жиргэсэн байдаг. АН-ын гишүүд ч нарийн царигийн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа. Олон нийтийн зүгээс нарийн төмөр замын асуудлыг дэмжиж байгаа гишүүдийг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзэж буй юм. Ямартай ч улс төрд байгаа бизнесийн бүлэглэлийнхэнд улс орны эрх ашгаас илүүтэй, бизнес нь чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Тиймээс төмөр замын асуудлыг УИХ хэрхэн шийдэж, улстөрчид асуудалд хэрхэн хандахыг хүн бүр чих тавин хүлээж байна
Б.Цацрал NEW

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих