"Хувьсал" продокшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын
жүжигчин СТА Г.Отгонцэцэг богино хугацаанд хэд хэдэн дүрийг чадварлаг
бүтээгээд амжсан. Тэрээр одоо АЖ Н.Сувдын залуу байхдаа тоглож байсан
"Нора" жүжгийн Норад тоглож буй. Түүнтэй энэ удаад уран бүтээл гэхээсээ
илүү хувь хүний мөн чанар, эмэгтэй хүний талаас нь зонхилж ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна гэдэг уламжлалт асуултаар яриагаа эхэлье?
-Манай
театрын уран бүтээл ид өрнөж байна. Жижүүрээсээ эхлээд захирлаа хүртэл
зав чөлөөгүй, үүрэг ролтой ажиллаж байгаа. Учир нь энэ жил манай театрын
найруулагч, захирал байсан УГЗ Г.Доржсамбуу агсны 65 насны ой тохиож
байгаа юм. Энэ ойн хүрээнд Доржсамбуу агсны найруулан тавьж байсан
"Нора" хэмээх дэлхийн сонгодог алдартай жүжгийг сэргээн тайзнаа амилуулж
байгаа.
Бүх өмнөх дүрүүд өөрчлөгдөж шинэ баг бүрэлдэхүүнээр
ажиллаж байна. Миний хувьд АЖ.Н.Сувд багшийнхаа тоглож байсан Норагийн
дүрд тоглож байна. МУГЖ Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, М.Түвшинхүү зэрэг
олон сайхан уран бүтээлчид ажиллаж байгаа минь надад том сургууль болж
өгч байна.
Бас манай театр хоёр жилийн өмнө "Красногоров долоо
төсөл" хэрэгжүүлж байсан. Энэ нь жүжигчдэд болоод театрын уран санд ач
холбогдолтой зүйл болсон. Үүнийгээ дахин үргэлжлүүлж энэ удаад долоон
найруулагчийн долоон жүжиг гэсэн төсөл хэрэгжиж байгаа.
Уг
төсөлд манай театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
Ч.Найдандорж, Н.Баатар, М.Түвшин, мөн гаднаас залуу найруулагч нар
урилгаар орж байгаа. Дээр нь нэлээд цар хүрээтэй найруулагч Б.Мөнхдорж
багш маань энэ төсөлд орж байна. Бүх найруулагчид дүрээ хуваарилаад
жүжгийн уншлага эхэлчихсэн. Энэ мэтээр маш олз омог ихтэй ажиллаж байна
даа.
-Та ч мөн эдгээр жүжгүүдэд тоглож байгаа гэсэн байх аа?
-Тийм
ээ. Би найруулагчийн жүжиг Баатар, Батнайрамдал нарын жүжгэнд оролцож
байгаа. Миний хувьд морь жилээ уран бүтээлийн жил болгосон. Энэ үүднээс
нэг дор гурав, дөрвөн жүжигт тоглож байгаадаа баяртай байна. Одоо гэр
бүлгүй байгаа дээрээ уран бүтээл хийхгүй бол хэзээ хийх билээ. Жүжигт
зүгээр нэг тоглоод зогсохгүй, жүжигчнийхээ ур чадварыг харуулах
боломжтой жил болох байх аа гэж бодож байна.
-Кинонд тоглох санал ирж байна уу?
-Театр дээр ийм их ажил өрнөж байгаа учраас кинонд тоглох саналаас татгалзаж байгаа.
-Та нэгэн хэвийн жингээ барих юм. Фитннесээр хичээллэж байгаа юу?
-Үгүй
ээ. Миний хувьд жингээ барих гээд саун массажаар үйлчлүүлэх, фитнесээр
хичээллээд хоолны дэглэм бариад байгаа юм алга. Энэ бүгдийгээ
хоёрдугаарт тавьдаг. Хамгийн нэгдүгээрт ажлаа тавьдаг. Хэдий чинээ
ачаалалтай ажиллана төдий чинээ амралттай байх ёстой гэж үздэг.
Мэдээж тухайн үеийн ажлын ачааллаасаа шалтгаалаад гоо сайхандаа цаг зав
гарвал фитнес, саунаар явалгүй яахав. Гэсэн ч нэгдүгээрт ажил,
хоёрдугаарт амралт, гуравдугаарт бусад зүйл орно. Хайр сэтгэлийн
асуудлыг бүүр хойгуур тавьчихсан байгаа.
-Та драмын сайхан бүсгүйчүүдийн нэг. Сайхан, хөөрхөн, гоё гэдэг гурван өөр тодотголтой?
-Тийм
ээ. Сайхан, хөөрхөн, гоё гэдэг зүйл хоорондоо их ялгаатай. Сайхан гэдэг
зүйлд олон зүйлийг хавсардаг. Харин хөөрхөн гэдэгт эгдүүтэй, ямар нэг
талаараа хүний хайрыг татсан хүнийг хэлнэ.Тухайлбал хөөрхөн ааштай,
хөөрхөн инээдэг, эсвэл хацар нь хонхойдог юм уу ямар нэг байдлаар
эгдүүтэйг харагдахыг хэлдэг болов уу.
Царайлаг гэдэгт сайхан
царайгаараа үргэлж сайхан харагддаг хүмүүс байдаг шүү дээ.Сайхан гэдэгт
тухайн хүний дотоод гоо сайхан жишээлбэл хүнтэй харьцах харьцаа, эелдэг
зан ааш, хөөрхөн сайхан гэдгийг бүгдийг нь нэг дор цогцлоосон эмэгтэйг
сайхан эмэгтэй гэдэг болов уу. Бас сайхан, гоё эмэгтэй хоёр хоорондоо
ялгаатай. Жишээ нь манай АЖ.Сувд багш үгээр хэлэхийн аргагүй сайхан
эмэгтэй. Үнэхээр төгс төгөлдөр сайхан эмэгтэй гэж боддог.
-Уран бүтээлд тань талархсан хүмүүсээс тань урмын сайхан үг, бэлэг сэлт бишгүй ирдэг байлгүй дээ?
-Тэгэлгүй
яахав. Тайзан дээр цэцэг авна, магтаалын үгс сонсоно. Бас сая миний
төрсөн өдөр болоод найз нөхдөөсөө зөндөө бэлэг авсан. Бэлэг сэтгэлийн,
тухайн хүнд зориулсан гээд олон янз. Тэр дундаас хүнд эрч хүч урам
хайрласан үг хүнд хамгаас том бэлэг болдог. Тийм учраас сэтгэлээ гаргаж
өгсөн бэлэг бүхэн надад хамгийн үнэтэй санагддаг.
-Зарим бүсгүйчүүд их сониуч байдаг шүү дээ. Таны хувьд юу сонирхож цуглуулах дуртай вэ?
-Дэвүүр,
бас эмэгтэй хүний дотуур хувцас цуглуулдаг. Гэтэл зарим эмэгтэйчүүд
дотуур хувцсыг хувцасны дотуур орчих юм чинь ямар хамаатай юм гэдэг.
Миний хувьд гадуур хувцаснаасаа илүү дотор хувцсандаа илүү анхаардаг.
Эмэгтэй хүний гоо сайхан, эмэгтэй хүнийг тодорхойлдог учраас дотуур
хувцас олон төрлийн байх ёстой.
Сонин содон гоё дэвүүр
цуглуулах дуртай. Мөн фото зураг авах дуртай. Жүжгийн нээлт, арга
хэмжээ, хүлээн авалтны зураг бас хамт ажиллаж байгаа хамт олныхоо
зургийг дандаа л авч байдаг. Хэзээ нэг өдөр тэдэнд залуу насных нь гоо
үзэсгэлэн, жавхааг харуулсан зургийг жаазлаад өгөхөд баярладаг. Энэ бол
гоё бэлэг.
Манай ажлынхан ч чи дандаа л зураг авч байдаг тэгсэн
мөртлөө өгдөггүй шүү дээ гэж гомдоллож байдаг. Тэгэхээр нь авна гэвэл
өгнө ш дээ гэж цаашлуулдаг. Өө надад ийм зураг байдаг юм уу, хэзээ хаана
авахуулсан юм бэ гээд л гоё хүлээж авдаг. Чихэр шоколадны бэлгээс фото
зураг насан туршид нь үлдэх зүйл.
-Та ихэнхдээ даашинз өмсч байгаа харагддаг. Ямар хувцсаар дэгжирхэх дуртай вэ?
-Надад
ямар ч хувцас зохидог. Гэсэн ч би ихэнхдээ даашинз өмсөх дуртай. Тухайн
цаг агаар, ямар уулзалт, баярт явж байна гэдгээсээ шалтгаалж
хувцасладаг. Өөрөө зохион байгуулж явсан ажилдаа өөртөө зориулж
хувцаслана уу гэхээс бусад үед тухайн орчинд нь тохируулж хувцасладаг.
-Танд залуус сэтгэл алдарч л байдаг байх. Ер нь та амьдралын ханиа ямар хүн байгаасай гэж хувиасаа хүсдэг вэ?
-Би
аливаа хүний мөн чанартай нь л харьцах дуртай.Түүнээс материаллаг
зүйлээр хэмждэггүй, түүнийг нь ч хардаггүй. Магадгүй материаллаг талыг
нь харж яваад нэг их баян эсвэл өвчтэй хүнтэй суучихвал яах юм бэ. Тийм
учраас нэгдүгээрт мөн чанар, хоёрдугаарт эрүүл мэнд гэж боддог. Хүнийг
хайрлаж хүндэтгэдэг л бол тэр хүнийхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэхээс
аргагүй. Түүний цаана олон шалгуур зүйл байна даа.
-Зарим бүсгүйчүүд энэ л намайг хайрлах ёстой гэсэн үзлээр ханддаг. Уг нь харилцан бие биенээ хүндэтгэж хайрлах ёстой биз?
-Намайг
хайрлаж байгаа юм чинь гээд нөгөө хүнээ бодоод сууж болохгүй. Энэ нь
зөвхөн өөрийгөө хайрлуулаад л явдаг амиа хичээсэн хүний л зан шүү дээ.
Нэг талаар тэр хүний амьдралаар нь тоглочихож байна. Уг нь тэр хүндээ
хайртай байж л сууна шүү дээ. Өөрөө хайртай хүнтэй сууснаас өөртөө
хайртай хүнтэй суусан нь дээр гэж үг байдаг.
Энэ нь нэг талаар
үнэний ортой ч өөрөө нөхрөө хайрладаггүй байж, намайг хайрласангүй,
намайг хайрлах ёстой, би би гээд байж болохгүй. Ер нь хоёр хүн харилцан
бие биесээ л гэнэ шүү дээ. Хайрлаж л байгаа бол тэр хүнийхээ бүх зүйлийг
хүлээн зөвшөөрөх ёстой.
Тэгээд тэр хүн маань миний ажил
мэргэжлийг хүндэтгэх ёстой, би ч түүнийхээ ажил мэргэжлийг хүндэтгэх
ёстой. Бас хэн хэнийхээ хүсэл мөрөөдлийг хязгаарлаж болохгүй, би ч
түүний нэгэн адил байх ёстой гэж боддог.
-Та аливаа дүрийг харцаараа сайн илэрхийлдэг юм шиг санагддаг?
-Жүжигчин
хүнд харц чухал. Бүтээж буй дүрийн дотоод мөн чанарыг харцаараа
илэрхийлж болно. Ер нь хүн дотоод сэтгэлийг харцнаас нь тольдон хардаг
шүү дээ.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих