Blue Moon арт галерейгаас санаачлан морин жилийн үндэсний их баяр
наадмыг тохиолдуулан морио дээдэлдэг монгол түмэндээ зориулан Blue Moon
арт галерейн гишүүн уран бүтээлчид болох Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын
хамтарсан "ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнг 2014.07.07-07.16-ны хооронд зохион
байгуулагдаж байна.
2013 онд Уран бүтээлч Ч.Дорждэрэм нь "Монгол төрх”, Уран бүтээлч
С.Базарваань "Сэтгэлийн хүлэг” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ
Blue Moon арт галерейд дэлгэж байсан бөгөөд уг үзэсгэлэнд хоёр уран
бүтээлчийн өөр, өөрсдийн өнгө аяс дүрслэгдсэн 30 орчим бүтээлүүд .
Зураач Ч.Дорждэрэм-ийн бүтээлүүд өнгийн уусалтыг нарийн гаргаж өгсөн,
зохиомжын сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг ажээ. Түүнчлэн тал нутгийн
хөх тэнгэрийг тодотгон зурдаг нь бүтээлүүдийг нь улам агаарлаг
харагдуулдаг юм.
Ингээд зураач Ч.Дорждэрэмтэй цөөн хором ярилцлаа.
-Анхны хамтарсан үзэсгэлэнгээ гаргасанд тань баяр хүргэе.
-За баярлалаа морь жилдээ найзтайгаа хамтарч дан морины тухай, монгол ухаан, монгол ёс заншил, Монгол үндэсний эрхэм нандин зүйлсээ шингээсэн үзэсгэлэн гаргалаа. Яагаад ийм сэдэвтэй уран бүтээл хийх болсон бэ гэвэл энэ ерөөсөө л монгол хүний сэтгэл сэтгэхүй юм, Монгол хүн байгаа цагт Монгол морь, Монголын байгаль, Монгол ахуйн үнэ цэнийг агуулсан уран бүтээлүүд цаашид үргэлжилсээр байх болно гэж би хувьдаа бодож явдаг.
-Уран зурагтай холбогдоод хэдэн жил болж байна?
-Холбогдсон үе бол бага ангиасаа эхлээд дэвтрийн цаас, булан дээр зурдаг байсан. Мэргэжлийн түвшинд бол 2002 оноос хойш 12 жил зурж байна.
-Үзэсгэлэнд орсон зургуудад хэр хэмжээний хугацаа зарцуулсан бэ?
-Хугацаа янз янз болсон, зарим нь их хурдан хугацаанд, зарим нь хэдэн долоо хоног, хэдэн сар болж байж гараас гарсан. Ер нь хурдан зурагдсан зураг болгон муу бүтээл биш байдаг, удаан зурагдсан нь бусдаасаа ялгарсан сайн байдаггүй.
-Зураачид, яруу найрагчид, уран барималчид онгод гэж ярьдаг, таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Онгод тэнгэрийн хувьд яг ингэж ордог гээд хэлж чадахгүй, мэдэхгүй. Гэхдээ заримдаа уран бүтээл туурьвихад, зурагаа нэг сайхан зураад суухад их хурдан эвээ олоод, хялбар зурагдчихдаг тэр мөчийг л би онгод орно гэж ойлгодог. Тэрнээс манай нэрт мастерүүд шиг онгод гэж ийм зүйл байдаг гээд хэлж мэдэхгүй.
-Та уран зургийн аль чиглэлээр дагнан зурдаг вэ?
-Сүүлийн үед морины зураг зурж "Реалист" чиглэл рүү ороод байгаа. Ер нь зураачид "Реалист" чиглэлээр уран бүтээл туурьвиж сурах ёстой. Үүнийг байшинтай харьцуулбал хундам нь гэсэн үг. Цаг хугацааны туршид өөрийгөө хаашаа ч хувьсаж болно.
-Сүүлийн үед уран зурагчид, уран барималчидтай хамтарч үзэсгэлэн гаргадаг болсон, таны хувьд?
-Би өмнө нь дөрвөн удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байсан,энэ удаа найзтайгаа хамтарч анхны хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байна. Барималтай хамтарч үзэсгэлэн гаргахад их ур чадвар шаардагддаг. Баримал бол өөрөө орон зайг маш их мэдэрсэн бүтээлүүд байдаг тэрийг уран зурагтай хослуулахын тулд зураачдаас гярхай нарийн мэдрэмж шаардагддаг, тиймээс уран зураг, барилам хоёрын хамтарсан үзэсгэлэн их сонирхлтой болдог. Миний хувьд тийм үзэсгэлэн гаргаж үзээгүй гэхдээ дотроо үзье гэж бодож явдаг.
-Ярилцсанд Баярлалаа.
А.Код
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих