Барууны улс орнууд Африкийн баруун хэсэгт дэгдсэн Эболийн хумхаагийн
вирус бусад тивүүдэд халдварлан тархах магадлал өндөрссөн тул сэрэмжлэх
арга хэмжээг авч эхлээд байгааг "Франс Пресс" агентлаг уламжилжээ.
Учир нь хэд хоногийн өмнө энэ вирусээр өвчилсөн 10-аад хүн Латин Америк болон АНУ-ын хойд мужуудад байгаа тухай ВВС дамжуулсан билээ. Мөн Америкийн сайн дурынхны байгууллага Энхтайваны корпус Гвиней, Либер, Сьерра-Леон дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Европын холбоо үхлийн аюултай энэ вирус нутаг дэвсгэрт нь орж ирэх боломжийг үгүйсгээгүй бөгөөд яг энэ асуудлаар Брюссельд хуралдаж халдвар тархсан тохиолдолд яаралтай авах арга хэмжээний талаар ярилцсан байна. Түүнээс гадна Испанийн Валенсид Эболийн хумхаатай төстэй шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээгээр батлагдаагүй аж. Их Британид ч энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэж буй бөгөөд тус улсын Засгийн газраас Эболийн хумхаагийн эсрэг юу хэрэглэвэл тустайг эрж хайж судалж буй гэнэ.
Өнгөрсөн лхагва гаригт Либерид энэ өвчний улмаас сургуулиудыг хаасан. Мөн долдугаар сарын 29-нөөс эхлэн аливаа олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хориглож, хилийн гарцуудынхаа дийлэнхийг хаажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгч буй мэдээллээр Баруун Африкт өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Эболийн хумхаагаар 672 хүн амиа алдаад байгаа бөгөөд Либерид хамгийн олон буюу 200 шахам тохиолдол нь гарсан юм.
Энэ вирус 1976 онд Зайрт байх Эбола голын эрэгт амьдардаг хүмүүст анх илэрсэн бөгөөд түүнээс хойш эл голын нэрээр нэрлэх болжээ. Тэр үед 300 гаруй хүний амийг авч одсон Эболийн хумхаа Баруун Африкт анх удаа гарсан. Өмнө нь Хар тивийн төв хэсгээр л аюул занал учруулж байсан бол өдгөө 24 оронд тархаад байна. Эбола вирус агаар дуслын замаар халдварлахаас гадна цус болон бусад шингэнээр ч дамждаг. Халдвар авсан хүн халуурах, цус алдах, шингэн дутагдах шинж тэмдэг илэрч, өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь амиа алддаг аж.
Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих