Г.Ариунболд
Манж чин гүрний ноёрхлын
үед Манжийн эзэн хаан өөрийн соёрхлыг хүртэх хувь тохиосон манж
төдийгүй, Монголын зарим ноёдын үр хүүхэд болон дүү нарын дотроос онцгой
хөвгүүдийг сонгон авч хааны ордонд үлдээн, тусгайд нь онцгойлон
хүмүүжүүлдэг байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсээр иржээ.
Ийнхүү
Манжийн хааны ордонд хүмүүжүүлэх хөвгүүдийг сонгон авахдаа Манж Чингийн
эзэн хааны тогтоосон хошууны ван, гүн, Манжийн хааны үнж авгайн буюу
Манжийн хааны хүргэн болох тавнан хэмээгдэх "эфү” нарын үр хүүхдийг
"бэлтгэл эфү” гэсэн жишгээр сурган хүмүүжүүлж биеийг нь бэлтгэн
боловсруулдаг байсан ажгуу.
Манжийн хааны ордонд үлдээн
хүмүүжүүлж эхэлсэн нь анх Энх-Амгалан хааны хаанчлалын үеэс эхэлж
аажмаар хааны ордны бас нэгэн хэв хууль, ёс заншил нь болон тогтжээ.
Үе улиран он удах тусам энэ нь тусгай ёс жаяг, дүрэмтэй болсон байна.
Бэлтгэл эфү хэмээх нь онцгойлон тогтоосон аймаг хошууны язгуур
сурвалжит гэрийн хөвгүүдийн дотроос ухаан сэргэлэн зүрх зоригтойг нь
Манжийн хаан өөрийн биеэр үзэж, харцаараа сонжин харж байж ордондоо авч
үлдээдэг байсан гэдэг. Манжийн хааны ордны тусгай хүмүүжүүлэгчид хийгээд
тайганчууд, лам нар манж, хятад, монгол бичиг үсэг, тэдний цэргийн
эрдэмд (урлаг) сурган боловсруулж, эртний дорно дахины бие хамгаалах
өвөрмөц урлагийг эзэмшүүлж байжээ. Ийнхүү Манж Чин гүрний эзэн хаан
болон түүний төрд үнэнч "ван”, "гүн”- гүүдийг хүмүүжүүлж, ийнхүү бэлтгэн
гаргадаг нэгэн ёсны иж бүрэн бэлтгэл олгох Манжийн хаант төрийн цэрэг-
засаг захиргааны томоохон албыг хаших язгууртан ноёдыг бэлтгэх тусгай
сургууль болж байв. Өөрөөр хэлбэл, европын ноёд язгууртнуудын нэгэн адил
"лицей” маягийн сургууль болж, тийм хэр хэмжээний сургалт боловсрол
(дорно дахины жишгээр-зох) олгодог байсан гэлтэй.
Эдгээр
хүмүүжигчид нь уг сургалтыг дүүргэж дуусах цагт Манж Чингээс өөрийн
харъяалагдах аймаг хошуунд байгуулагдсан цэрэг-захиргааны газар томоохон
албыг хашихаар томилогдох ёстой байчихуй. Өөрөөр хэлбэл уул хүүхдийн
ноён суух хувь заяа нь бэлтгэл эфүгээс баталбартай бөгөөд цэрэг засгийн
ажилд лавтай чухалчлан хэрэглэдэг байжээ.
Манж Чингийн үед
"бэлтгэл эфү”-ээр жишсэн арван гурван хошууны ван, гүнгийн хүүхдүүдээс
сонгож, манжийн ордонд тусгайлан хүмүүжсэн нь цөөнгүй юм. Эдгээрийн
дотроос Монголын түүхнээ нэлээд олонтаа тэмдэглэгдэх болсон нь Халхын
Сайн ноён аймгийн ноён Манжийн хааны хүргэн болох хошой эфү, чин ван
Цэрэн, Хорчины чин ван Сэнгэрэнчин нар болой.
Манж Чин гүрний
эзэн хаад Өвөр Монголын зүүн хэсгийн хорчин аймаг хошуудын монгол ван,
гүнд ураглуулсан гүнж хатад нараас төрсөн хүүхэд дүү нарыг онцгойлон
эрхэмлэж үздэг асан байна.
Манж Чингийн хааны цааз зарлиг ёсоор
тэдэнд хишиг хүртээн, тусгай жаяг дүрэм ёсоор жишиг тогтоосны дагуу Манж
Чин гүрний эзэн хаанд ёсчлон мөргүүлэх онцгой эрх боломжийг өгчихүй.
Манж
Чин гүрний эзэн хааны соёрхлын дагуу тогтоосон цааз зарлиг ёсоор бол
онцлон үзсэн эрхэм гавъяа бүхий хошуудад "бэлтгэл эфү”-гийн цол хэргэм
олгох жаяг дүрэм хуульчлан заасан байдаг аж. Үүнд, юуны өмнө Манж
Чингийн эзэн хааны гүнж охид болон манж хаадын угсааны гүнж хатадтай
ураг барилдуулахаар сонгон авч тусгайд нь онцлон хүмүүжүүлж, бэлтгэн
сургаж, бүрэн боловсорсон хөвгүүдийг "бэлтгэл эфү” хэмээн нэрлэдэг
байсныг дахин тэмдэглэсү. Чухам "бэлтгэл эфү”-д зориулан ийнхүү Манж
Чингийн эзэн хаан тусгай цааз дүрэм гаргаж байсан нь монголчуудыг "ураг
барилдах” замаар дарангуйлан захирах гэсэн төрийн бодлого хэрхэн
гүнзгийрэн хөгжиж ирснийг нотлох бус уу.
Монголын томоохон ноёдын
хүүхэд, дүү болгон бэлтгэл эфү болох хувь тохиол байсангүй ажээ. Зөвхөн
Манж Чингийн эзэн хааны анхаарал соёрхлыг хүртсэн буюу Манж Чингийн
хаант төрийн бүх үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэгсдийн үр хүүхдэд л ийм
эрх ноогдож байв. Нөгөөтэйгүүр, тэд Манж чингийн орон нутаг дахь цэрэг
–засаг захиргааны эрх баригчдад тал тохой татаж, нэр нүүр ологсод буюу
манж нартай ойртон дотносож, маш нягт харьцаа тогтоож чадсан ван, гүн,
тайж байсан авай.
Манж Чингийн эзэн хаант төр ч уул ван гүн болон
тайж нарын хүүхэд, ач нарыг ойртуулах зорилго эрмэлзэлтэй байв. Энэ нь
юуны өмнө Манж Чингийн эзэн хаанаас өөрийн хаант төрийн үйл хэрэгт
үнэнчээрээ шалгарсан Монгол ноёдыг хүүхэд ач гуч нарыг шууд итгэж байсан
бөгөөд Монгол дахь Манжийн цэрэг-засаг захиргааны аппаратад өөрсдийн
төлөөний хүнийг залгамж шинжтэй болгон хадгалах гэсэн далд санааг агуулж
байв. Бэлтгэл эфүгийн цааз тогтоолыг эдлэх онцгой эрхийг үндсэндээ
хязгаарлагдмал газар нутагт олгожээ. Энэ нь зөвхөн Өвөр Монголын арван
гурван хошуунд олгосон байна. Үүнд: хорчин баруун гарын дундад хошуу
(засаг Түшээт Чин вангийн хошуу), хорчин зүүн гарын хойд хошуу (засаг
бодлоготой Чин вангийн хошуу), хорчин зүүн гарын дундад хошуу (дархан
Чин вангийн хошуу), хорчин баруун гарын өмнөд хошуу (засагт жүн вангийн
хошуу), хорчин зүүн гарын өмнөд хошуу (засагт Бинду Чин вангийн хошуу),
хорчин баруун гарын Дүүрэн жүн вангийн хошуу , хорчин дундад тэргүүн
зэргийн тавнангийн хошуу, хорчин зүүн гарын тэргүүн зэргийн тавнангийн
хошуу, баарин баруун гарын засаг жүн вангийн хошуу, онниудын баруун
гарын засаг Дүүрэн жүн вангийн хошуу, ауханы засаг жүн вангийн хошуу,
найманы засаг дархан жүн вангийн хошуу, Түмэдийн засаг Дархан бэйлийн
хошууд ордог байжээ.
Бэлтгэл эфүгийн цааз ёсоор бол "бэлтгэл
эфү”-д нэр дэвшигч дээр нэр заан, цохон дурьдагдсан уул хошуу нутгийн
тайж, язгуур угсаат ноёд болон тэд нартай урагласан манж гүнж, хатад
нарын төрүүлж өсгөсөн хүүхдүүдийн дотроос арван таваас хорь хүртэл насны
хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг байв. Ингэхдээ уг сорилгод орсон
хүүхдүүд нь төрөлхөөс хурц ухаалаг, саруул сэргэлэн, зориг төгөлдөр
бөгөөд мөн тодорхой хэмжээгээр царай зүс сайхан төрсөн байх нь чухал
байжээ. Чухам эдгээрийн дотроос шилэн сонголт хийснээр, сонгогдсон
хүүхдийн овог нэр, удам судар, төрсөн жил, гариг, өдөр, мэнгэ төөрөг,
хэн гэдэг ноёны аль гүнж хатан төрүүлж өсгөсөн талаар нарийн судалгаа
бүртгэлийн цэс үйлдэж, уул орон нутгийн засаг захиргааны тамга даран
хүчин төгөлдөр болгон батламжлаад, жил бүрийн 10 дугаар сараас өмнөхөн
аймгийн чуулганаар оруулан хэлэлцүүлж, улмаар аймгийн чуулган нь Монгол
Журганы (нийт Монголыг захирч асан манжийн яам-зох) засгийн дансыг
ариутгах хэлтэст шилжүүлэн хэлэлцүүлдэг байжээ. Монгол журган нь хошуу
болон аймгийн чуулган газрын уул тодорхойлолт, судалгаатай нэг бүрчлэн
нарийн нягт судлан танилцсаны эцэст , онц таашаагдсан нэр дэвшигчийн
нутаг оронд тусгай элч (манж) түшмэлийг илгээн дахин судлан танилцуулдаг
байв.
Бэлтгэл эфү-д нэр дэвшүүлэх журамд заасны дагуу уул хүн нь
аливаа өвчин эмгэггүй, эрэмдэг зэрэмдэг бус, сохор дүлий, хэлгүй
доголон, ухаан мэдрэл муу, солиогүй байх гэх мэтийн хатуу болзолтой
байчихуй. Ер нь бэлтгэл эфү-гээр тэнцсэн хүн болгон ч Манж Чингийн гүнж
хатадтай заавал урагладаггүй байв. Гэхдээ харин Манж гүнж хатадаас
төрсөн манж угсааны бяцхан ноёдуудыг Манж Чингийн эзэн хаанд
бараалахуулхаар Чанчимэнд буюу жилийн жасаагаар явуулдаг бөгөөд чухам
энэ үед эзэн хаан, бусад төрийн сайд нар уул нэр дэвшигчтэй ойр дотно
танилцах завшаан тохиолддог байв. Уул нэр дэвшигч буюу "бэлтгэл эфү”
болохоор зэхэгч нь заавал ч үгүй цэцэг өвчнөөр өвдсөн байх ёстой байсан
бөгөөд өвдөөгүй хүнийг мөн илгээдэггүй байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих